МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Х.Ганхуяг: Алтай хотхонд сургууль барих ажлыг эхлүүлэхийг шаардаж, шахаж ажилласаар байх болно
2023.06.14
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Х.Ганхуяг: Алтай хотхонд сургууль барих ажлыг эхлүүлэхийг шаардаж, шахаж ажилласаар байх болно

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Баянгол дүүргээс сонгогдон өдгөө УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа билээ. Түүний хувьд сонгогдсон цагаасаа хойш Баянгол дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэр Алтай хотхоны сургууль, цэцэрлэгийн асуудалд анхаарал хандуулж, шийдэхийн тулд ажилласаар ирсэн.

Тодруулбал 2021 онд цэцэрлэгийн барилга худалдан авах төсвийг Улсын төсөвт суулгуулснаар одоогийн 309-р цэцэрлэгийг Алтай хотхонд ашиглалтад оруулж чадсан билээ.

Алтай хотхоныг барьсан “Тайгам-Алтай” ХХК нь 2008 онд хүүхдийн сургууль, цэцэрлэг, тоглоомын талбай, ногоон байгууламж, усан бассейн байгуулах захиалга авч газар худалдан авчээ. Гэвч 15 жил өнгөрч байхад дээр хэлсэн ажлууд хийгдээгүй, уг хотхоны иргэдийн эрх ашиг хохирсоор өдийг хүрээд байна.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тус хотхонд улсын сургууль барих асуудлаар “Тайгам Алтай” ХХК-ийн төлөөллүүдтэй уулзах санал тавьдаг ч ирдэггүй. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай сургууль барих төсөв батлагдсан боловч газрын асуудлаас болж түгжигдээд байгаа юм.

Иймд тэрээр сургуулийн асуудлыг шийдэж, газар чөлөөлөх шаардлага тавин ажиллаж байна. Энэ хүрээнд 24-р хорооны оршин суугчидтай нэгдэн жагсаж, холбогдох албаны хүмүүстэй уулзлаа. “Тайгам алтай” ХХК сургуулийн газрыг чөлөөлбөл 640 хүүхдийн суудалтай сургуулийн төсөв тавигдсан бэлэн байгааг Боловсролын дэд сайд Г.Ганбаяр хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Нийслэлийн газрын алба, "Тайгам Алтай" компанийн удирдлагад газар чөлөөлөх шаардлага хүргүүлсэн. Түүний хувьд 16 мянган хүн амтай Алтай хотхонд сургуулийн барилгын ажлыг эхлүүлэхийг шаардаж, шахаж ажилласаар байх болно гэдгээ онцлоод байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ