Жаргалсайхан

ХУНАН

Албан тушаал
Хүний эрхийн үндэсний комиссын дарга
Мэргэжил
Эрх зүйч
Салбар
Хууль, эрх зүй
Туршлага
17 жил
ХЭҮК хүүхэд хамгааллын чиглэлээр санал зөвлөмжийг ЗГ-т хүргүүлж, УИХ-аар гарах шийдвэрт тусгуулахаар ажиллаж байна
2023.10.11
Хүний эрх

ХЭҮК хүүхэд хамгааллын чиглэлээр санал зөвлөмжийг ЗГ-т хүргүүлж, УИХ-аар гарах шийдвэрт тусгуулахаар ажиллаж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хүүхдийн эрхийн хамгаалах асуудалд онцгойлон анхаарал хандуулан ажилладаг бөгөөд хүүхэд хамгааллын чиглэлээр батлагдсан холбогдох хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэхэд тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ зэрэгт холбогдох чиг үүрэг хэрэгжүүлдэг төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудаас санал авч, санал зөвлөмжийг Засгийн газарт танилцуулж, УИХ-аас гарах шийдвэрт тусгуулахаар ажиллаж байна.

Энэ хүрээнд УИХ-ын тогтоолын хэрэгжилт, холбогдох хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг сонсох, хүүхэд хамгааллын чиг үүрэг хэрэгжүүлдэг төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах, мэдээлэл солилцох зорилгоор Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг 2023 оны 10 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дорноговь аймгийн Засаг дарга, Гэр бүл, хүүхэд, залуучууд хөгжлийн газар, Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтэс, багийн Засаг дарга нар, Сайншанд сумын хүүхэд хамгааллын хамтарсан баг, нийгмийн ажилтан зэрэг хүүхэд хамгаалал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүх төрийн байгууллагын төлөөллийг оролцуулсан мэдээлэл солилцох уулзалт зохион байгууллаа.

Дээрх уулзалтаар Дорноговь аймаг дахь хүүхэд хамгаалал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, Хүүхэд хамгааллын хамтарсан баг, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагааны зохион байгуулалт, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилт, төсөв санхүүжилт, дотуур байр, сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын нөхцөл байдал зэрэг хүүхэд хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар талууд саналаа илэрхийлж, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай ажилд саналаа илэрхийлэв.

Уулзалтад Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21, 22 дахь илтгэлд тусгасан хүүхэд хамгааллын асуудлыг Комиссоос танилцуулж, улмаар 2022 онд хийсэн хяналт шалгалтын үр дүн, хүүхэд хамгааллын чиглэлээр төсөвлөсөн төсөв, санхүүжилттэй холбогдуулан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлсэн зөвлөмжийн агуулгыг эргэн сануулж, гэр бүл, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн өөрөө удирдах ёсны болон төрийн захиргааны байгууллага, хууль сахиулах байгууллагууд харилцан уялдаатай хамтран ажилласнаар хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах боломжтойг онцлов.

Харин оролцогчдын зүгээс

  • Хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллах төрийн байгууллагуудын албан хаагчдын орон тоог нэмэгдүүлэх
  • Сумдуудад хүүхдийн эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажиллуулах. Ажиллах нөөц боломжоор хангах
  • Сургуулийн автобустай болгох
  • Эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх.
  • Электрон тамхины хэрэглээнд хяналт тавих
  • Хүүхэд хамгааллын нэгдсэн нэг стандарттай болгох, чиг үүргийн давхцалыг арилгах
  • Хүүхэд хамгаалалд зарцуулах төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн хэдий ч орон нутагт томилолтоор ажиллах, техник хэрэгслийн зардлыг төсөвт тусгаагүй
  • Хүүхдийн эрхийн улсын байцаагчид тавигдах ажлын байрны шалгуур хэт өндөр байгаагаас болж орон нутагт хүний нөөцийн хомсдол бий болсон.
  • Түр хамгаалах байрны дотоод журмаар хэт олон төрлийн бичиг баримт шаарддагаас болж хүчирхийлэлд өртсөн хохирогч нар эрхээ хамгаалуулж чадахгүйд хүрдэг зэрэг санал, шүүмжлэлийг ХЭҮК-т илэрхийлсэн юм.
  • Дорноговь аймгийн нутгийн удирдлагын зүгээс хүүхэд хамгааллын чиглэлээр одоогийн нөхцөл байдлыг сайжруулж, жишиг хот болохоор зорьж буйгаа уулзалтын үеэр танилцууллаа.

Хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэгтэй төрийн байгууллагын төлөөлөл оролцсон тус уулзалтад Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд Х.Булгантуяа оролцож, яамнаас баримталж буй бодлого, хэтийн зорилгыг мөн танилцуулсан.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус албан томилолтын хүрээнд мөн Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих төвийн нөхцөл байдалтай танилцаж, холбогдох зөвлөгөө өгөв.

Ташрамд дурдахад, Комисс нь өнгөрсөн хугацаанд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх нийт 22 удаагийн илтгэлийг УИХ-д өргөн барьснаас 15 удаагийн илтгэлд хүүхдийн эрхийг хангаж, хамгаалах асуудлыг тусгаж, холбогдох арга хэмжээ авах тухай Комиссын санал, зөвлөмжийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлсэн.

Тухайлбал, Ковид-19 цар тахлын үе дэх хүүхдийн эрхийн асуудлыг 20 дахь илтгэлд, гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрхийн хүрээнд Хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагаа, бүтэц, санхүүжилт болон Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг 21 дэх илтгэлд, Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр дахь хүүхдийн эрх, гэмт хэргийн хохирогч, гэрч, холбогдогч болсон хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын дүгнэлтийг 22 дахь илтгэлд тусгаж, холбогдох зөвлөмж, саналын хамт Улсын Их Хуралд өргөн барьсан. Улмаар УИХ-аас илтгэл хэлэлцсэнтэй холбогдуулан зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай 2022 оны 49 дүгээр тогтоол, 2023 оны 35 дугаар тогтоол баталсан.

УИХ-ын 49 дүгээр тогтоолд Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаар:

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй бүх хэлбэрийг устгах бодлого, үнэлэх шалгуур үзүүлэлт болон хэрэгжилтийг хянах тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэх.
Хуульд зөвшөөрснөөс бусад аливаа хэлбэрээр хүүхдийг хөдөлмөрлүүлэхэд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан ажил олгогч, уралдаанч хүүхдийг сургуулиас завсардуулсан уяач, эцэг, эх, асран хамгаалагчдад хуулийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг бий болгох.
Өвлийн улиралд хурдан морины үсэргээ, сунгаа зохион байгуулж хүүхдээр хурдан морь унуулахыг хориглох, хянах эрх зүйн зохицуулалтыг бий болгох.
Хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, хэрэглэлийн стандартыг өөрчилж, хувцас, хэрэглэл нь уралдаанч хүүхдийг бүрэн хамгаалж байх нөхцөлийг бүрдүүлэх.

УИХ-ын 35 дугаар тогтоолд Хүүхдийн эрхийн талаар:

Ерөнхий боловсролын сургуулийн стандартын шаардлага хангахгүй байгаа дотуур байрыг шинэчлэх асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийг шийдвэрлэх

Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагааг эрчимжүүлж, гэмт хэргийн холбогдогч, хохирогч, гэрч хүүхдэд үйлчилгээ үзүүлэх хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд гарч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх

Хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны хүнд хяналт тавих, сурч боловсрох эрхийг нь хангах журмыг нарийвчлан зохицуулахыг УИХ-аас Засгийн газарт даалгасан юм.

Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч хүүхдийн эрхийн нээлттэй хяналт шалгалтыг улсын хэмжээнд анх удаагаа зохион байгуулж, цаашид бүтэн өнчин, хагас өнчин хүүхдийн эрхийг хангаж, хамгаалах асуудлыг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд тусгахаар ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ