Жаргалсайхан

ХУНАН

Албан тушаал
Хүний эрхийн үндэсний комиссын дарга
Мэргэжил
Эрх зүйч
Салбар
Хууль, эрх зүй
Туршлага
17 жил
ХЭҮК НҮБ-ын тусгай илтгэгч Маргарет Л.Саттервейтыг хүлээн авч уулзлаа
2023.11.08
Хүний эрх

ХЭҮК НҮБ-ын тусгай илтгэгч Маргарет Л.Саттервейтыг хүлээн авч уулзлаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов нар НҮБ-ын шүүгч, хуульчийн хараат бус байдлын асуудлаарх тусгай илтгэгч Маргарет Л.Саттервайт болон НҮБ-ын шүүгч, хуульчийн бие даасан байдал хариуцсан тусгай илтгэгчийн хуулийн зөвлөх Катарина Сыдоу, НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын ажлын албаны Тусгай процедурын хүний эрхийн ажилтан Мэлание Сантизог 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч уулзлаа.

НҮБ-ын шүүгч, хуульчийн хараат бус байдлын асуудлаарх тусгай илтгэгч нь шүүгч, өмгөөлөгч, прокурорын хараат бус байдалд халдсан хэргийг бүртгэх, тэдгээрийн бие даасан, хараат бус байдлыг хамгаалах, бэхжүүлэхэд гарсан ахиц дэвшилд мониторинг хийх, улс орнууд болон бусад оролцогчдод тодорхой зөвлөмж гаргах, шүүх, хуульчийн мэргэжлийн хараат бус байдлыг сайжруулах арга замыг тодорхойлох замаар хүний эрхийг хамгаалдаг НҮБ-ын механизм юм.

Монгол Улс 1992 онд ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжиж, шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш НҮБ-ын тусгай илтгэгчийн Монгол Улс дахь анхны айлчлал нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн Сахилгын хорооны бүтэц, бүрэлдэхүүнд орсон өөрчлөлт болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ыг боловсруулж, УИХ-д өргөн барьсан чухал цаг үетэй давхцаж байгааг Комисс онцоллоо.

Уулзалтаар шүүхийн үйл ажиллагааг иргэдэд илүү хүртээмжтэй, чанартай, түргэн шуурхай болгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд технологийн дэвшлийг ашиглах, олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцийг хэрэглэх чадавхийг нэмэгдүүлэх, шүүгчийн аюулгүй байдал, санхүүгийн хараат бус байдлыг хангах, шүүхийн шийдвэрийн бичилтийг олон улсын стандартад нийцүүлэн боловсронгүй болгох, шүүхийн хараат бус байдалд нөлөөлөхгүйгээр Комиссын хүний эрх хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг асуудлаар талууд санал солилцов.

НҮБ-ын шүүгч, хуульчийн хараат бус байдлын асуудлаарх тусгай илтгэгч Маргарет Л.Саттервайт нь 2023 оны 11 дүгээр сарын 6-наас 15-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллах бөгөөд энэ хугацаанд шүүх, прокурорын байгууллагын хараат бус, бие даасан байдал, хуульчийн мэргэжлийн бие даасан үйл ажиллагааг хангах чиглэлээр УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн зэрэгтэй танилцаж, ажлын тайлангаа ирэх 2024 оны 06 дугаар сард НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлд тайлагнах юм.

Уулзалтад Хүний эрхийн Үндэсний Комиссын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны тасгын дарга Ө.Ундрах, ахлах референт Д.Ганбат, ажилтан Д.Номин-Эрдэнэ, Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Г.Нацаг-Эрдэнэ нар оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ