2023.11.02
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Х.Ганхуяг: Витамины зөвшөөрөлтэй холбоотой хууль яагаад орж ирэхгүй байна вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.02/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын гишүүдээс ирсэн хүсэлтийг сонслоо.
Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
Зөвшөөрлийн хуулийн 8.1.2-т зааснаас бусад бүх төрлийн үйл ажиллагааг иргэд, ААН-д маань зөвшөөрөлгүй эрхлэх эрхтэй болсон Ард иргэдийн нурууг тэнийлгэсэн хууль баталж өгсөн шүү. 362 зөвшөөрлийн нэрийг заангуут иргэд, ААН хяналтаа тавьж байгаа. Бид УИХ-аас шалгах ажлын хэсэг байгуулаад, жил ажиллаад санал дүгнэлтээ танилцуулаад УИХ-аас тогтоол гаргаад 10 сарын 1-ээс өмнө дутуу хуулиудаа өргөн бариач ээ гэдэг чиглэл өгсөн. Өмнө жил 35 дугаар тогтоолоор 81 хууль өргөн бариач ээ гэсний дагуу 80 хууль өргөн баригдаад Биологийн идэвхт бүтээгдэхүүнтэй холбоотой хууль буюу витамины тухай хуулийг өргөн бариагүй авч үлдсэн.
Тухайн үед протокол дээр гурван удаа ЭМЯ-ны төрийн нарийн, хуулийн хэлтсийн дарга, эмийн агентлагийн газрын дарга н.Цэндмаад ийм байдлаар хууль өөрчлөгдөж байгаа гээд бичиж өгсөн. Өнөөдөр хууль өргөн бариагүй сууж байна. Витамины тухай хуулийг яагаад өргөн барихгүй байгаа юм. Ямар ашиг сонирхол байна. Яг тэр хариуцсан улсууд дээр нь шалгалт явуулахыг шаардаж байна!
Зөвшөөрлийн хуулийн 8.1.2-т зааснаас бусад ямар зөвшөөрлийг тогтоолоор, захирамжаар, Засгийн газрын шийдвэрээр хүртэл байгуулаад нэмэхийг хориглосон байгаа. Гэтэл өнөөдөр бүртгэл нэртэй 100 гаруй зөвшөөрөл бий болгосон байна. Н.Учрал сайд яагаад ийм хууль бус зүйлийг оруулчхав. Үүн дээр хариулт өгнө үү.
Түүний асуултад, Эдийн засаг, хөгжлийн яамны сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.