Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлж, 22 гэрчийг дууджээ
2023.12.04
Улстөр

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлж, 22 гэрчийг дууджээ

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.04) Төрийн ордонд эхэллээ.

Сонсголд Хянан шалгах түр хорооны гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр сонсголын үйл ажиллагаа эхлэв. Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр сонсголыг удирдсан бөгөөд нээж үг хэлсэн юм.

Улсын Их Хурал жилийн өмнө анхны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулж байсныг дурдаЭнэ удаагийн Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хоёр үе шаттай, “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаа; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагааны талаар нээлттэй сонсгол явуулахаар төлөвлөснийг тэрбээр танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар “Сонсголын ирцийг Тамгын газар бүртгэж, ирээгүй гэрч, шинжээч, хянан шалгагч, ажиглагч болон холбогдох бусад этгээдэд сонсголын товыг мэдэгдсэн эсэх, ямар шалтгаанаар ирээгүй болохыг сонсгол даргалагчид илтгэн танилцуулна” гэж заасан байдаг. Энэ дагуу Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга Д.Эрдэнэсамбуу сонсголын ирцийн талаар танилцуулав.

Түр хорооны 16 хянан шалгах шинжээч бүрэн бүрэлдэхүүнээр оролцож байгааг танилцууллаа. Мөн Хянан шалгах түр хорооны даргын урилгаар Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн удирдлага, холбогдон албан тушаалтнууд оролцож байгаа юм байна.

Сонсголын хөндлөнгийн ажиглагчаар Нээлттэй нийгэм форум, Оюуны инновац, Цогц хөгжлийн үндэсний төв, “Бодлогод залуусын хяналт” зэрэг 4 төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байгаа аж.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт нотлох баримтыг шинжлэн судлах дарааллыг түр хороо хуралдаанаараа шийдвэрлэнэ гэж заасан байдаг.

Хянан шалгах түр хорооны 2023 оны арван нэгдүгээр сарын 27-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор нотлох баримтыг шинжлэн судлах дарааллыг тогтоосон бөгөөд Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр сонсголын дарааллыг танилцуулав. “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой асуудал; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлын хүрээнд батлагдсан дарааллын дагуу шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай бичмэл нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авах юм байна.

Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын дэгийг танилцуулав. Дөрвөн өдөр үргэлжлэх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын ирцийг эхний өдрийн ирцээр тооцох бөгөөд сонсголын танхимд орсон оролцогч парламентыг хүндэтгэх, сонсголын дэгийг сахих, сонсгол даргалагчийн хууль ёсны шийдвэрийг биелүүлэх үүрэгтэйг Б.Энхбаяр гишүүн танилцууллаа.

Сонсголыг нээлттэй явуулж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах ч төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой асуудал; гэрч, эсхүл гуравдагч этгээдийн хувийн амьдралтай холбоотой бөгөөд олон нийтэд мэдээлбэл түүний хууль ёсны ашиг сонирхлыг хохироох үйл баримт; олон нийтэд мэдээлбэл Монгол Улсын язгуур ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах асуудлыг хэлэлцэх үед Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 45.3-т заасан үндэслэлээр Хянан шалгах түр хорооны гишүүн нийтийн сонсголыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулах горимын санал гаргавал гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэх юм байна.

Нотлох баримтыг шинжлэн судлах зорилгоор гэрч, шинжээч, хянан шалгагч болон бусад оролцогчоос сонсгол даргалагч болон зөвхөн Түр хорооны гишүүд асуулт асууж болох бөгөөд асуулт, хариултын хугацаа Улсын Их Хурлын чуулганы хуралдааны нийтлэг дэгийн дагуу тус бүр 4 минут байх юм байна. Хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл 1 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авч болох юм байна.

Тусгай шалгалтын сэдэвтэй холбоогүй, тодорхойгүй, салаа утгатай, хөтөлсөн, гэмт хэрэгт буруутгасан, доромжилсон шинжтэй асуулт тавих нь сонсголын дэгээр хориотой. Энэ төрлийн агуулгатай байвал сонсгол даргалагч тухайн асуултыг алгасаж, хариулт авахгүйгээр дараагийн асуултыг асуух боломжтой юм байна. Мөн асуултыг алгасах саналыг гэрч хуралдаан даргалагчид гаргах боломжтой аж.Гэрчүүдийн мэдүүлэгт ноцтой зөрүү байвал сонсголын явцад тэдгээрийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах боломжтой бөгөөд Хянан шалгах түр хорооны гишүүн мэдүүлгийн зөрүүтэй байдлыг гаргаж тавих, үүнтэй холбогдуулан нэмэлт асуулт асуух, эсхүл давтан асуух эрхтэй гэдгийг Б.Энхбаяр гишүүн танилцууллаа. Сонсголд оролцогчид сонсголын явцад дуу, дүрсний бичлэг хийх, зураг авах нь хориотой гэдгийг мөн дурдсан.

Ийнхүү нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын дэгийг Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч Б.Энхбаяр танилцуулж, дэгтэй холбогдуулан асуулт, санал хэлэх гишүүн гараагүй юм. Иймд “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалж эхэллээ.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “Сонсголын ирцийг Тамгын газар бүртгэж, ирээгүй гэрч, шинжээч, хянан шалгагч, ажиглагч болон холбогдох бусад этгээдэд сонсголын товыг мэдэгдсэн эсэх, ямар шалтгаанаар ирээгүй болохыг сонсгол даргалагчид илтгэн танилцуулна” гэж заасан тул ирцийг Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн хяналт шинжилгээний хэлтсийн дарга Д.Эрдэнэсамбуу танилцуулав.Өнөөдрийн сонсголд нийтдээ 22 гэрч дуудагдсан байна.

Үүнээс 17 мэдэгдэх хуудсыг гэрчид гардуулсан бол 5 гэрчтэй холбоо барьж чадаагүй аж. Мэдэгдэх хуудас хүлээн авсан гэрчүүдийн 12 нь оролцож байгаа бөгөөд 1 нь өмгөөлөгчийн хамт ирсэн болохыг Д.Эрдэнэсамбуу дарга танилцууллаа. Дуудагдсан 6 гэрч тодорхойгүй шалтгаанаар хүрэлцэн ирээгүй бол оролцох боломжгүй гэдгээ 1 гэрч бичгээр гаргаж, Хянан шалгах түр хороонд ирүүлсэн байна.

Хянан шалгах түр хороо дарга, шинжээчдээ томилж сар гаруй хугацаанд ажилласан бөгөөд холбогдох гэрчүүдийг хуульд заасны дагуу долоо хоногийн өмнө дуудсан болохыг Б.Энхбаяр гишүүн танилцууллаа.Ингээд сэдвийн дагуу “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлын хүрээнд “Тавантолгой” ХК-ийн ерөнхий мэдээлэл /баримт материалын иж бүрдэл/-ийн нотлох баримтуудыг шинжлэн судлах ажиллагаа эхэлсэн.

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр 18.00 цаг хүртэл үргэлжилнэ.

ШИНЭ МЭДЭЭ