МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баттөмөр: Засгийн газрын сайн менежментийн үр дүнд төлбөрийн тэнцэл анх удаа ашигтай гарсан
2024.01.23
Улстөр

Б.Баттөмөр: Засгийн газрын сайн менежментийн үр дүнд төлбөрийн тэнцэл анх удаа ашигтай гарсан

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй цөөн хором ярилцлаа.

-Засгийн газрын гурван жилийн ажлаа дүгнэж ард иргэддээ тайлагнах гэж байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар эдийн засгийн хувьд ямар үр өгөөжтэй ажилласан үзэж байна вэ?

-Эдийн засгийн суурь үзүүлэлттэй харьцуулахад айхтар өөрчлөлт гараагүй. Харин өнгөрсөн жил эдийн засагт нааштай үзүүлэлтүүд гарсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын төлбөрийн тэнцэл буюу санхүүгийн гол үзүүлэлт 30.4 тэрбум ам.долларын алдагдалтай байсан. Энэ жил нэг тэрбум ам.долларын ашигтай гарсан. Бараг анх удаа гэж хэлж болно. 2008 онд нэг ашигтай гарсан байдаг. Бусад үед нь дандаа алдагдалтай явж ирсэн. Мөн бусад санхүүгийн дансууд ашигтай гарсан. Мөн гадаад худалдаа таван тэрбум ам.долларын ашигтай. Энэ бол их том үзүүлэлт. Эдийн засаг 6.9 хувийн өсөлттэй гарсан. Энэ өсөлт нүүрсний экспорттой холбоотой. Өнгөрсөн жил нүүрснээс найман тэрбум ам.доллар орж ирсэн. Тэгэхээр нүүрсэн дээр хийсэн менежментийн үр дүнд нэлээд сайн үзүүлэлтүүд гарсан.

Ер нь манай улс хөгжихийн тулд баялаг дээрээ сайн менежмент хийх ёстой. Баялгийн менежментээ сайн хийсэн тохиолдолд ийм эерэг үзүүлэлтүүд гарна. Одоо нэмээд уул уурхайн биржээрээ дамжуулаад зэс, жонш гэх мэт уул уурхайн бүтээгдэхүүнээ худалдах ёстой. Биржээр худалдаалснаар ил тод болж, үнэ бүс нутгийн хэмжээнд хүрнэ. Уул уурхайн биржийг санаачлагчийн хувьд биржийнхээ үйл ажиллагааг улам сайжруулах ёстой гэж үзэж байна. 12.6 сая тонн нүүрс өнгөрсөн жил гаргасан. Энэ нь манай нийт гаргасан нүүрсний 20 орчим хувь. Үүнийг 50 хувь болгох хэрэгтэй. Тэгж байж үр ашигтай болно.

-Та уул уурхайн бусад бүтээгдэхүүнээ ч биржээр зарах хэрэгтэй гэлээ. Манайд тийм боломж байгаа юу?

-Боломжтой. Тухайлбал, зэс байна. Дэлхийн зэсийн хамгийн том хэрэглэгч болж урд хөрш. Нийт зэсийн бараг 60 орчим хувийг хэрэглэж байна. Тиймээс зэсийг эндээ худалдаад урд хөрш рүү гаргах нь эдийн засгийн илүү ач холбогдолтой. Заавал Лондонд аваачиж зараад байх шаардлагагүй. Тиймээс ойрын хугацаанд баялгийнхаа менежментийг сайн хийчихвэл төсвийн орлого нэмэгдэх, үр ашиг сайжрах олон давуу талтай.

-Засгийн газар төрийн өмчийн компаниуд дахь хулгайтай тэмцэе гэдэг асуудлыг хөндсөн. Үүний хүрээнд Эрдэнэс Тавантолгойд онцгой дэглэм тогтоосноор дээрх үр дүнгүүд гарсан уу?

-Эрдэнэс Тавантолгой дээр Засгийн газар БЭТ томилсон. БЭТ сайн ажиллаж, үр дүнгээ өгсөн. Цаашдаа төрийн өмчит компаниуд дээр тавих хяналтыг сайжруулах хэрэгтэй. Нэг хэсгийг нь олон нийтийн болгох шаардлагатай. Гэхдээ нөгөө талдаа төрийн өмчийн компаниудыг бүгдийг нь муу гээд байж болохгүй. Өнөөдөр Эрдэнэс Тавантолгой төсөвт гурван их наяд төгрөгийн татвар төлөөд цаана нь дахиад 2-3 их наяд төгрөг үлдэж байна. Энэ мөнгөөр 1072 хувьцаа эзэмшиж буй иргэддээ ногдол ашиг хуваана. Хэрвээ энэ компани хувийнх байсан бол энэ их орлого, ашиг тэр хүний халаасанд орно. Нийт ард түмний 28 хувь нь ядуу, 15 хувь нь ядуурах магадлалтай байна. Тиймээс ард түмнийхээ амьдралыг өөд татах, хуримтлал үүсгэхэд төрийн өмчит компаниудыг сайн ажиллуулах, засаглалыг сайжруулах, ил тод болгох шаардлагатай. Бүгдийг нь хувьд өгөөд, татвар хураагаад Монгол Улсын төр 10 жилдээ ямар нэгэн өөрчлөлт гарахгүй.

-Боомтын сэргэлтийг эрчимжүүлж олон ажил хийсэн нь мөн эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн үү?

-Боомтууд нээж, Хятадын талтай учраа олсон, сайн байна. Засгийн газар маш олон ажлыг санаачилж хийж байна. Хамгийн гол нь бүгд үр дүнгээ өгч чадахгүй байна. Яагаад гэхээр нэгд, эдийн засгаар баталгаажаагүй байна. Хоёрт, төрийн өмчийг компаниудыг авч явж байгаа менежмент их муу байна. Сайн хүмүүс томилох ёстой. Улс орны хөгжил гэдэг удирдагчтай холбоотой. Төрийн өмчийн компаниуд дээр очоод хулгайд холбогдоод, шоронд ороод яваад байж болохгүй. Тиймээс төрийн өмчийн компаниуд дээр хулгай гарахаас сэргийлэх хэрэгтэй. Хулгай хийлгэчихээд яваад байх хэрэггүй. Авлигатай тэмцэж байна, олон хүн шоронд хийж байна гэдэг сайн үзүүлэлт биш. Харин энэ хулгай, авлигыг гаргахгүй байх хэрэгтэй.

-Эрдэнэс Тавантолгойн ногдол ашгийг энэ жил тараах нь. 2022, 2023 оны ашгаас иргэддээ ногдол ашиг өгөх юм байна. Энэ инфляцад нөлөөлөх юм биш биз дээ?

-Инфляц их өндөр байна. өнгөрсөн жилүүдэд инфляцаар ард иргэдийн халааснаас 14 их наяд төгрөг авчихсан. Энэ ядуурлыг нэмэгдүүлнэ. Иргэн бүрд 400,500 мянган төгрөг өгөхөд мэдээж инфляцыг өдөөнө. Гэхдээ үүний эсрэг арга хэмжээнүүдийг авах ёстой. Хоёр их наяд орчим төгрөг зах зээлд орж ирэх нь. Энэ нь инфляцыг өдөөхийн эсрэг арга хэмжээ авах ёстой.

-Ярилцсанд баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ