Сар шинийн босгон дээр улсын аваргууд тодорлоо
2024.02.13
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Сар шинийн босгон дээр улсын аваргууд тодорлоо

СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМЫН НОМГОН БАГИЙН ИРГЭН М.БЯМБАЖАВ МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО

1995 оноос одоог хүртэл 29 жил мал маллаж байна. Малынхаа үүлдэр угсааг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаарч “Баяд” үүлдрийн хонийг цэврээр өсгөн үржүүлж байна.Түүнчлэн төрийн болон төрийн бус байгууллагаас зохион байгуулдаг олон талт арга хэмжээнд тогтмол идэвх санаачилгатай оролцдог ажээ.
2020 онд “Аймгийн аварга малчин”-аар шалгарсан бол ийнхүү Улсын аварга боллоо.



СЭЛЭНГЭ АЙМГИЙН САНТ СУМЫН ИРГЭН Б.ЖАРГАЛЦОГТ МОНГОЛ УЛСЫН АВАРГА ФЕРМЕРЭЭР ШАЛГАРЛАА

Б.Жаргалцогт нь 1974 онд Сэлэнгэ аймгийн Сант суманд төрж, 1995 оноос одоог хүртэл 29 жил мал маллаж байна.Тоо толгойг цөөрүүлж эрчимжсэн мал аж ахуй эрхлэх зорилгоор махны чиглэлийн үхрээр цөм сүргээ бүрдүүлж, галыг эхлээр бойжуулж үржүүлэн нэг малаас авах ашиг шим болон бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэн ажиллаж байна.Буянт мал сүргээ өсгөн үржүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хувь нэмрээ оруулж буй та бүхэндээ сайн, сайхныг хүсэн ерөөе



УЛСЫН ХЭМЖЭЭНД ТОДОРСОН ХАМГИЙН ӨНДӨР НАСТАЙ “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” Ц.БУЯНТ ГУАЙДАА МАЛЧНЫ ХОТ, АВАРГЫН ГЭРТ НЬ ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЛАА

Гэргийн хамт 52 жилийн турш мал маллаж буй тэрбээр малын тоо толгойг цөөрүүлэн, малын чанар ашиг шимийг сайжруулах зорилт тавин ажиллаж, уламжлалт мал аж ахуйн арга ухаанаа эрчимжсэн мал аж ахуйтай хослуулахаар зорьж, сүүлийн жилүүдэд үхэр сүргээ Казакийн цагаан толгойт үүлдрээр хонин сүргээ Баяд үүлдрээр сайжруулан өсгөн үржүүлж байна. Олон жилийн хөдөлмөрөө үнэлүүлсэн буурай нартаа эрүүл энх, сайн сайхныг хүсье


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРЭЭР “УЛСЫН АВАРГА ФЕРМЕР”-ЭЭР ШАЛГАРСАН СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЯНГОЛ СУМЫН ИРГЭН Я.БААТАРСҮРЭНД ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

Улс, аймгаас баримталж буй бодлого зорилтыг баримтлан сүргийн бүтцийг зохистой харьцаанд барьж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, малыг эдийн засгийн эргэлтэд оруулж Эдельбай үүлдрийн хонин сүргийг өсгөн үржүүлж, жил бүр тогтмол тооны хурга тэжээн бордож зах зээлд нийлүүлж байна. Тэрбээр 2015 онд Сумын “Аварга малчин”-аар, 2018 онд МУЗН-ийн Нигүүлсэнгүй үйлст “Манлай малчин”-аар , 2020 онд “Аймгийн аварга малчин”-аар тус тус шалгарч байжээ. Буянт мал сүргээ өсгөн үржүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хувь нэмрээ оруулж буй та бүхэндээ сайн, сайхныг хүсэн ерөөе



СЭЛЭНГЭ АЙМГИЙН ОРХОН СУМЫН ИРГЭН У.ЭРДЭНЭСАН МОНГОЛ УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧААР ШАЛГАРЛАА

Хүүхэд ахуй наснаасаа аав, ээжийнхээ хамтаар хөдөө аж ахуйн салбарт ажиллаж 2004 оноос бие даан үйл ажиллагаа явуулж эхэлжээ. 2005 оноос 20 га талбай эзэмшин эрт болцтой /солист сорт/ болон оройн болцтой /гала сорт/-ын төмс үржүүлэн тариалалт хийж нутгийнхаа болон Монгол Улсынхаа ард иргэдийг эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр органик хүнсний бүтээгдэхүүнээр хангаж байна. Хөрсний үржил шимийг хамгаалах тал дээр ихээхэн анхаарал хандуулан жил бүр төмсний талбайгаа уламжлалт аргаар малын бууц цацан бордож га–аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэхэд гол зорилгоо болгон ажиллаж ирсэн ажлын арвин туршлагатай ногоочдын нэг юм. Улсынхаа хүнсний аюулгүй байдлыг хангах үйлсэд хичээн зүтгэж, тууштай хөдөлмөрлөж ирсэн танд болон таны гэр бүлд эрүүл энх, сайн сайхныг хүсье.


ОРХОНТУУЛ СУМЫН ИРГЭН Б.ЧИНТӨГС УЛСЫН АВАРГА ФЕРМЕРЭЭР ШАЛГАРЛАА

2003 оноос одоог хүртэл 21 жил мал маллаж буй тэрбээр мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулах, эрчимжүүлэх, ашиг шимийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч, төр засаг болон аймаг, орон нутгаас баримталж байгаа бодлого, зорилттой уялдуулан 2013 оноос эхлэн үхрийн фермерийн аж ахуй байгуулан 11 дэх жилдээ ажиллаж байна.
2016 онд Сумын “Аварга фермер”-ээр, 2019 онд “Аймгийн аварга фермер”-ээр, МУЗН-ийн Нигүүлсэнгүй үйлст “Манлай малчин”-аар тус тус шалгарч байжээ.



ОРХОНТУУЛ СУМЫН МАЛЧИН Д.БААТАРХҮҮ УЛСЫН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО

Тэрбээр 1994 оноос одоог хүртэл 30 жил мал маллаж байгаа бөгөөд малынхаа чанар ашиг шимийг сайжруулах зорилт тавин ажиллаж сүүлийн жилүүдэд үхэр сүргээ Сэлэнгэ үүлдэр, хонин сүргээ Баяд, Үзэмжин үүлдрээр сайжруулан өсгөн үржүүлж байна.  2005 онд Сумын “Сайн малчин”-аар, 2007 онд Сумын “Хошой аварга малчин”-аар, 2022 онд Аймгийн “Аварга малчин”-аар шалгарч байжээ.
Танд болон таны гэр бүлд эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

ШИНЭ МЭДЭЭ