Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн орон нутагт ажиллалаа
Дарханы дулааны цахилгаан станц 35 мвт-ын турбины шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн байна
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн зарим аймгуудын дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцаж өвлийн бэлтгэл ажилтай танилцлаа.
Дархан дулааны цахилгаан станц ТӨХК Дархан, Сэлэнгийн бүс нутгийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Нийт 467 ажилтантай. Анх зургаан зуухтайгаар үйл ажиллагаа явуулж байгаад сүүлд 1986 онд нэмж гурван зуухыг шинээр ашиглалтад оруулжээ. 2008 оноос хойш 7 зуухыг компьютерийн хяналт удирдлагын системд шилжүүлсэн.
Энэ станц 35 мвт-ын турбины шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн байна. ХБНГУ-ын хөнгөлттэй зээлээр 20 сая евро, Монгол Улсын дотоодын хөрөнгө оруулалтаар 10 тэрбум гаруй төгрөгийг энэ төсөлд зарцуулах тооцоо гаржээ. Дарханы дулааны цахилгаан станцын 35 мвт-ын турбины шинэчлэлийн ажлыг амжилттай хийж дуусгахын тулд нэмэлт хөрөнгө оруулалт болох 5 сая евро хэрэгтэй байгаа юм байна.
Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг өргөтгөх ажил удаашралтай байна
Харин Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын хувьд 30 дахь жилдээ хотынхоо ард иргэдийг дулаан, цахилгааны эрчим хүчээр хангаж байна. 7 зуухтай, 3 турбинтай. Өвлийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэдгийг хэлсэн. Станцын өргөтгөлийн ажлыг БНХАУ-ын Экспорт, импортын банкны урт хугацааны хөнгөлөлтэй зээлээр хийх юм.
Эрчим хүчний сайд орон нутагт ажиллалаа
Эрчим хүчний сайдаар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэрийн гол дээр ХБНГУ-ын техникийн хамтын ажиллагааны төслөөр 2007 онд ашиглалтад орсон усан цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцсан. Энэ байгууламж нь монгол орны хамгийн анхны далантай УЦС юм. Сумынхаа тог, цахилгааны 60 гаруй хувийг үйлдвэрлэдэг. Өдөрт 8000 киловатт хүртэл цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай. Өвлийн улиралд уурын зуухнууд ажиллаж эхэлдэгтэй холбогдуулан ачаалал багасдаг гэлээ. Өнөөдрийн байдлаар 1500 киловатт үйлдвэрлэж байна.
Ажлаа аваад удаагүй байгаа салбарын сайд ийнхүү төвийн бүсийн болон баруун бүсийн зарим эрчим хүч, дулааны эх үүсвэртэй биечлэн танилцлаа. Ер нь цахилгаан станцууд хэвийн ажиллаж байгаа ч өргөтгөх шаардлага байгаа гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлж байсан юм.