Б.Бат-Эрдэнэ 2018.10.04 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Асуудлын уг үндэс нь Улс төрийн намуудтай шууд холбоотой

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж, Засгийн газрын гишүүн, ЗТХ-ийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ төрийн албаны сахилга хариуцлагагүй, ёс зүйгүй байдал бугшаад нэгнийхээ аминд хүрэх байдлаар ил гарч ирлээ. Энэ бүхний уг, үндэс нь улс төрийн намуудын хариуцлагагүй увайгүй байдал юм гэж үзэж байгаагаа хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

“Тусгай хамгаалалттай, Төрийн яамны байранд, төрийн албан хаагч нь бие биенээ алж байна гэдэг ойлгоход ч хүнд байна. Уг, үндсийг нь харвал хэт намчирхсан. Улс төрийн намуудын үйл ажиллагаатай шууд холбоотой. УИХ-ын нэгдсэн чуулган дээр нэг нам нь улс төрийн мэдэгдэл хийж байна. Гишүүд нь ч буруугаа бие биерүүгээ чихсэн байдалтай байна. Ингэж хичнээн жил явах юм бэ? Намын үйл ажиллагаа, үзэл баримтлал сэтгэл зүрхээрээ биш мөнгө дагасан байдалтай. Ёс зүйс сахилга хариуцлага, мэдлэгэ дадлага туршлага харахгүй төрийн албанд томилгоо хийгдсэн. Тиймээс ийм ёс зүй хариуцлагагүй, увайгүй, жудаггүй төрийн алба бий болоод байна. Энэ тал дээрээ дүгнэлт хийвэл яасан юм бэ? Тэгэхгүй нэг нэгрүүгээ буруу чихээд явбал бид урагшлахгүй. Нийгмийн ёс суртахуун, хүмүүжил, төлөвшлийг ярьвал яасан юм. Засгийн газар аргаа барахдаа төрийн албаны машиныг ялгахын тулд наалт хүртэл нааж байгаа нь аргагүй юм.”

Төрийн албаны энэ байдлыг засахын тулд Засгийн газраас хийж байгаа ажлуудынхаа талаар ЗГХЭГ-ын дарга дараах тайлбарыг өглөө.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар:

“Төрийн албаны удирдах ажилтны зөвлөгөөн саяхан болсон. Төрийн албанд бий болсон сахилга хариуцлагагүй байдал, ёс журамгүй байдал архи дарсны асуудал зэргийг өнгөн болон уг үндэс талаас нь яаж шийдвэрлэж болох вэ гэдгийг нарийн ярилцаж, олон улсын тогтолцоог, туршлагыг ч ярилцсан. Төрийн албыг зөвхөн сонгон шалгаруулалтаар явуулж, МЕРИТ тогтолцоог тууштай хэрэгжүүлэх, 6 журмыг УИХ-аар батлуулахаар оруулж ирнэ. Төрийн албаны ёс зүйн хуулийг удахгүй өргөн барина. Ингэснээр төрийн албанд бугшисан асуудлыг шийдэхийн тулд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Ингэснээр 60 тэрбум гэх үнэн худал нь мэдэгдэхгүй асуудал, ёс зүй, хариуцлагатай холбоотой асуудал шийдэгдэнэ.”