2018.11.07
Л.Болд: Энэ танхимд бус олон нийтэд асуудлын учир шалтгааны тайлбар хэрэгтэй байна
Өнөөдөр /2018.11.07/ УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байна. Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Монгол Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцэж байна.
Монгол Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналд, Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь “Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө, аж ахуйн сайдаар ажиллахдаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох Засгийн газрын гишүүний эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн тухай дурджээ.
Хэлэлцэх асуудлын дараалалтай холбоотойгоор гишүүд санал хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Болд:
“Байнгын хороодын хуралд АН-ын гишүүд байлцсан. Санал бол өгөөгүй. Хяналтаа тавьсан. Өнөөдөр ярьж байгаа энэ асуудал бол ганцхан Б.Батзориг гишүүний асуудал ч биш. Ёс зүйн дэд хороо өмнө нь өргөдлөө аваад ир хэлэлцээд өгье гэж байсан бол дараа нь хууль хяналтын байгууллага шалгаж байгаа тул ёс зүйн дэд хороогоор хэлэлцэх боломжгүй гээд байсан. Прокуророос яг ямар мэдээлэл өгч, бичиг сэлт өгсөн үү? Монголын төр ажиллаж байна. Юундаа нуугаад байдаг юм. Тодорхой мэдээлэл өгмөөр байна. Энэ бол парламентын түүхэнд шинэ ч зүйл биш өмнө нь манай намын 3 гишүүн чуулганы танхимаас шууд хорихруу ачигдаж л байсан. Итгэл үнэмшлээрээ бол Б.Батзориг гишүүнийг явуулчихна гэж бодохгүй байна. Гол нь үүрэг даалгавар намын дарга өгсөн гэхээр болохгүй. Прокурорын дүгнэлтэд .... тогтоогдсон тул... гэсэн байна. Энэ ямар учиртай юм. Ойлгомжтой хариултыг олон нийтэд өгмөөр байна. Өнөөдөр ингээд ярьлаа гээд асуудал шийдэгдэхгүй ээ. Олон түмэнд гол нь мэдээллээ өгч, тайлбар өгмөөр байна.”
УИХ-ын гишүүн Л.Болдын асуултанд Улсын ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан хариулт өглөө.