2018.11.07

Д.Оюунхорол: Монголын төрд ард түмэн нь итгэхгүй болсон

Өнөөдөр /2018.11.07/ УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байна. Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Монгол Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцэж байна.

Монгол Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналд, Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь “Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө, аж ахуйн сайдаар ажиллахдаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох Засгийн газрын гишүүний эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн тухай дурджээ.

Хэлэлцэх асуудлын дараалалтай холбоотойгоор гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

“Монголын улс төрд бий болсон ээдрээтэй асуудлын талаар бид ярилцах эгзэгтэй цаг үед байна. Монголын төрд олон нийт итгэхээ больсон цаг үе болсон. Гэтэл зарим улс төрчид нэг асуудал үүсэхээр асуудлыг улс төртэй хольж нийгэмд ойгомжгүй байдал үүсгээд байна. Өнгөрсөн парламентад МАН цөөнх байх үед Чингис бондын зарцуулалтын талаар бид шалгуулсан. Үүний хариу, тайлбар, дүн гарсан юм байдаг уу? тэрийг бид мэдмээр байна. Өнөөдөр Л.Болд гишүүн чуулганы танхимаас иргэд олон нийтийг бухимдалтай асуудал дээр турхирах явдал хэд хэдэн удаа гарч байна. Таныг Үндсэн хууль батлалцсан, сайн улс төрч гэж хүлээн авдаг гэтэл таны ингэж олон нийтийг аливаа буруу үйлд түрхирах байдал хэтэрч байна. Үүнийгээ засах шаардлага байна. Бид ч алдаж байгаа, төрийн албаны нэр хүнд унаж байгаа, хамаатан саднаа ажилд оруулж, Мерит зарчмыг алдагдуулж байгаа гээд алдаа дутагдал байгааг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ бид асуудлаа улс төржүүлээд иргэдээ турхирах биш эвийн аргаар иргэд олон нийтийг тайвшруулах чиглэлд анхаарах ёстой.” гэлээ.

Түүний асуултандУлсын ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан хариулт өглөө.