2018.11.07

Ц.Даваасүрэн: Хуулийн гаргалгааны буруу шийдвэр байхыг үгүйсгэхгүй

Өнөөдөр /2018.11.07/ УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байна. Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Монгол Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцэж байна.

Монгол Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналд, Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь “Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө, аж ахуйн сайдаар ажиллахдаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох Засгийн газрын гишүүний эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн тухай дурджээ.

Хэлэлцэх асуудлын дараалалтай холбоотойгоор гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

“УИХ бол ард түмний төлөөлөл, төрийн эрх барих дээд байгууллага юм. Бидний дунд эх орны эрх ашгаас урвасан хүн бий. Гэхдээ төрийн ёс жаяг гэж бий. Тиймээс УИХ-д ажлаа тайлагнадаг хүмүүс төрийн ёс жаягаа дагах ёстой. Ерөнхий прокурор та захирах захирагдах ёсыг дагаж УИХ-аас уучлал гуйх ёстой. Таны хэлснийг ард иргэд юу гэж ойлгох уу? Хуулийн буруу гаргалгааны хувьд буруу шийдвэр гаргасан асуудлыг үгүйсгэхгүй. Жишээ нь эдийн засгийн ил тод байдлын хууль гэж балай хууль гаргаж бүх хууль бус үйлдлээ нуун дарагдуулах боломж олгосон. Үүн дээр нуусан хөрөнгөтэй хүнд эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй болсон. Янз бүрийн томоохон хэргүүд дээр шалгах гэхээр эрх мэдэлтэй улсууд нь нөлөөлөөд, дарамтлаад байдаг юм байна гэж ойлголоо. Тиймээс хэргүүд яваад л байгаа юм байна. Энэ бүхнээс бол УИХ-ын нэр хүнд унаж байна. Ерөнхий прокурорын бухимдал илэрч байгааг үгүйсгэхгүй юм.“