УИХ-ын чуулганы нэгдсэн /2022.06.02/-ны өдрийн хуралдаанаар "Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд"-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Зарчмын зөрүүтэй зүйл заалт дээр УИХ-ын гишүүд санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Одоогийн Хөрөнгийн үнэлгээний байгууллага төрийн бус байгууллагын статустай. Монголд 20 гаруй мянган төрийн бус байгууллага бий. Тэгэхээр төрийн бус байгууллагын хуулиар явахаар болохгүй байна. Өөрөөр хэлбэл, дуртай хүн болгон нь төрийн бус байгууллага үүсгэх эрхтэй гэсэн үг. Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага нь хөрөнгийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгийн үнэлгээчдийн эвлэлдэн нэгдсэн тусдаа үйл ажиллагаа явуулах гэж байгаа энэ хэсгийг нь Сангийн яаманд өгч болохгүй байгаа юм. Өөрийн удирдлагад нь өгөх хэрэгтэй. Нэг байгууллага байгуулахын тулд зориуд энэ дээр мэргэжлийн байгууллагуудын нийтийн эрх зүйн хуулийн этгээд мөн байна гэдгийг хэлээд нэг болгож байгаа. Харин энэ заалтаар Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл олгодог хоёр газрын үйл ажиллагааг хуулиар цэгцэлж байгаа юм. Үүнийг хэт чөлөөтэй тавихаар том бизнесийн байгууллагууд дэргэдээ аудитын, үнэлгээний компаниуд байгуулаад байна. Ингээд өөрөө хөрөнгөө үнэлээд, өөрөө аудитаа хийгээд байна. Энэ хуулиар бүгдийг нь салгаж байгаа. Хөрөнгийн үнэлгээ хийж байгаа бол аудит хийх ёсгүй. Нийт ард түмний өмчийг бодитой үнэлэх гэж байгаа. 2015 онд Эдийн засгийн өршөөлийн хууль баталснаар 30 ихнаядын хөрөнгө ил боллоо. 10 тэрбум доллар хаана байсан нь бүү мэд. Үнэлгээ бодит бус байсан учраас тэр. Тийм учраас энэ мэргэжлийн байгууллага нь зүгээр нэг ашгийн төлөөх бус, нийтийн эрх зүйн хуулийн этгээд, тэр дундаа төрийн бус байгууллага байна.
2022-06-02
УИХ-ын чуулганы нэгдсэн /2022, 06, 02/-ны өдрийн хуралдаанаар "Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд"-ийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Чухал хууль орж ирсэн байна. Нөхөрлөлийн журмаар үнэлгээний ажил хийж болох тухай заасан байна. Англичууд нөхөрлөлийн журмаар хийдэг л дээ. Азийн орнуудад нөхөрлөлийн журмаар хийдэггүй. Бүгд компанийн зохион байгуулалттай байдаг. Яагаад энийг сонгосон юм бэ? Валютын сан зөвлөгөө өгсөн гэж ойлгож байгаа. Үүний гол үндэслэл юу юм бэ? Үнэлгээний компани үнэлгээнээс өөр ажил хийх боломжгүй зүйл, заалтууд орсон байна. Манай зах зээл дээр үнэлгээ цөөн. Боловсон хүчний нөөц хомс. Ажиллах хүч бага газар төсөл боловсруулах, барилгын төсөв өртөг гэх мэтийн ажлуудыг хийх боломжийг хумьсан байна гэж ойлголоо. Яагаад вэ? Гэрээт үнэлгээчин яагаад байж болохгүй гэж. Үүнийг хуулиас хассан байна. Мэргэжлийн хүмүүс хамтарч гэрээгээр үйл ажиллагаа гүйцэтгэвэл үр дүнтэй байдаг. Үнэлгээний компаниуд бүх төрлийн хүмүүсийг ажилуулж, цалин хөлс өгөх, татвар хураамж төлөх асуудал боломжгүй. Тэгэхээр гэрээт үнэлгээчин байх боломж бий юу? Яагаад үүнийг хассан юм бэ? Шүүх цагдаа, Авилгалтай тэмцэх газар, Аудит, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар бүгд өөрсдийн шугамаар хөрөнгийн үнэлгээ хийж дампуурлуудыг гаргадаг. Энэ асуудлыг шийдсэн зүйл заалт алга. Хуулийн 5.2.5-т ашигт малтмалын орд болон байгалийн бусад баялгийг бизнесийн зорилгоор хайх, ашиглах үйл явц хөрөнгөнд учирсан хохирол нөхөн төлбөрийг тооцох гэж заажээ. Үүн дээр яаж хариуцлага тооцох вэ, үр дүн гарах уу? Байгалийн бусад баялаг гэдэг дээр ус, ой, ургамал орох нь зөв үү? Хуулийн 7.3-т олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан дүрмийг барина гэсэн. Монгол улсад өөрийн үндэсний үнэлгээний стандарт гэж байгаа юу? Мөн хөрөнгийн үнэлгээний үйлчилгээний хөлсөнд хөдөлмөр, хөлсний доод хэмжээтэй уялдуулан тогтооно гэж заасан байгаа. Олон улсын хуулинд ийм заалт байхгүй. Хаанаас үүнийг оруулсан бэ? Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн /2022, 06, 02/-ны өдрийн хуралдаанаар "Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд"-ийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Одоогийн хуулиар үнэлгээчиний сонгон шалгаруултад орох шаардлага өндөр байна гэж хууль санаачлагчид үзжээ. Үнэлгээ хийх үйл ажиллагаанд 3-аас доошгүй жил оролцсон, хөрөнгө үнэлгээ хийх дадлага туршлагатай иргэнд сонгон шалгаруултад орох эрхийг олгохоор заасныг хасах замаар илүү уян хатан болгох зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэж байна.Үнэлгээний ажлын гол асуудал бол мэргэших. Гэтэл туршлагагүй хүн орж явахаар байна. үүнээс болж хор хохирол их гарна. Энэ заалтыг ямар шалтгаан, үндэслэлээр оруулж ирсэн бэ. Цаашдаа хөрөнгө үнэлгээг яаж төрөлжүүлэх гэж байна вэ. хөрөнгө үнэлгээний үнэ цэнийг бодитой бус тогтоосноор хохирол учирвал яах вэ.Энэ хуулиар тусгай зөвшөөрлийн цуцлах юм байна. Хохирлын яах вэ.гэрээ хийгдээд иргэний эрх зүйн харилцаа үүсээд явсан байдаг.Хохирол гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ. Бидний гол зорилго бол аливаа асуудлыг хуулиар зохицуулж, журмаар зохицуулахыг багасгах хэрэгтэй.иймд үнэлгээ хийх талаар тодорхой тодорхой зүйлийг оруулах хэрэгтэй байна. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн /2022, 06, 02/-ны өдрийн хуралдаанаар "Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд"-ийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Н.Учрал: Хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжиж байгаа. Их хурал дээр хэлэлцэж байгаа хуулиуд хоорондоо уялдах, ажлын хэсэг хамтарч ажиллах асуудал орхигдоод байна. Хөрөнгийн тухай хууль дээр ч гэсэн одоо хэрэгжиж байгаа хөрөнгийн үнэлгээтэй холбоотой асуудлыг нэг мөр зохицуулах хэрэгтэй. Манай хууль тогтоомжинд биет бус хөрөнгийн үнэлгээний талаарх тодорхой ойлголт орсон. Тиймээс өнгөрсөн 2019 онд оюуны өмчийг хуулийг батлан гаргасан. Энэ хуулийг батлан гаргахад биет бус хөрөнгийн үнэлгээтэй асуудал зохицуулагдсан байгаа юм. Тухайлбал, оюуны өмчийн мэргэшсэн үнэлгээ гэж бий болно, биет бус хөрөнгийг хэрхэн үнэлэх, мэргэшсэн үнэлгээчид юу гэж дүгнэх мөн эдийн засагжуулах асуудлуудыг хэрхэн зохицуулах гээд оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Гэсэн хэдий ч оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хууль буюу биет бус хөрөнгийг үнэлэх асуудал одоогоор зохицуулагдахгүй байгаа. Жишээ нь оюуны өмчийн барааны тэмдэг, бүтээгдэхүүний загварыг биет бус хөрөнгөөр үнэлээд түүнийг банкинд барьцаалаад зээл авах бололцоог энэ хуулиар зохицуулж өгсөн. Тэгэхээр хөрөнгийн үнэлгээний хууль дээр биет бус хөрөнгийн үнэлгээний асуудлыг тодорхой зохицуулж өгмөөр байна. Биет бус үнэлгээн дээр юу гэж үзэж байгаа вэ? Ямар шинэ зохицуулалтууд энэ хуулинд туссан бэ? Мэргэшсэн үнэлгээчдийн институт гээд байгууллага бий. Энэ байгууллага биет бус хөрөнгийг үнэлэх мэргэшсэн үнэлгээчдээ сургалтанд хамруулаад, сертификатжуулаад эрхийг нь олгоод эхэлсэн процесс танай байгууллага дээр явж байна уу эсэх асуудал чухал байна. Хоёрдугаарт мэргэшсэн үнэлгээний институт, мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн институт гээд мэргэжлийн байгууллагуудыг одоо хүртэл Төрийн бус байгууллагын статусаар зохицуулж байгаа. Гэтэл хууль, тогтоомжууддаа мэргэжлийн холбооны хуулийг оруулаад өгчихсөн. Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод гүйцэтгэх ёстой. Хөрөнгийн үнэлгээний хуулиа мэргэжлийн холбооны эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулах зайлшгүй шаардлагатай. Олон хууль гардаг хэрнээ хоорондоо уялддаггүй давхар зохицуулалтыг бий болгоод яваад байгаа юм. Бид биет бус хөрөнгийг үнэлсэн цагт компаниуд дэлхийн зах зээл дээр гарах бололцоо нэмэгдэнэ. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2022,05,31/-ны өдрийн хуралдаанаар “Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд”-ийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Энэ хуулийг 2019 оны 12-дугаар сард Засгийн газраар хэлэлцсэн юм байна. Одоо 3 жил болох гэж байна. Яагаад оройтож орж ирж байна вэ? Зөвшөөрлийн тухай хуулийг хэлэцэж байгаа. Энэ үед зөвшөөрлийн тухай хуультай яаж нийцүүлж байна вэ? Үнэлгээний зөвшөөрөл олгодог харилцааг ямар хуулиар зохицуулах юм. Энэ хуулиар уу, эсвэл зөвшөөрлийн хуулиар зохицуулах уу? Хоёрдугаарт иргэнд зөвшөөрөл олгодог байсан. Одоо аж ахуй нэгжид олгох уу. Зах зээлийн нийгэмд өөрийн хөрөнгийг үнэлүүлэх, бусдад шилжүүлэх, худалдах, өрөнд өгөх гээд олон харилцаанд энэ хууль оролцоно. Тэгэхээр үнэлгээний чанартай холбоотой, олон улсын стандарттай холбоотой асуудлыг энэ хуулинд яаж оруулж ирсэн бэ? Мөн өнөөдөр зөвшөөрөл авсан иргэн, аж ахуй нэгжийн 45 хувь нь үйл ажиллагаа явуулдаг, үлдсэн хувь нь ажиллахгүй байгаа. Энэ үйлдэл цаашаа үргэлжлээд байх уу. Яаж зохицуулах юм бэ? Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
2022-05-31