УИХ-ын чуулганы /2023,06,22/-ны өдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: Боловсролын ерөнхий хуулийг дагаад хэтэрхий улс төржилт яваад байна. Бид энэхүү хуулийг 3 жил орчим хэлэлцэж маш олон хуулийн ажлын хэсэг хуралдсан. Энэ мэтчлэн өчнөөн жил ажилласан хөдөлмөрөө үнэ цэнэгүй болгож буйд харамсаж байна. Тэр дундаа Г.Дамдинням гишүүнийг хэтэрхий цөмөрсөн тоглолт хийгээд байна гэж харж байна. Таныг ажлын хэсгийг зүтгэлтэйгээр ахлаад явж буйг хэн хүнгүй харж, ойлгож байгаа. Гэтэл хууль эцэслэн батлагдаагүй байхад мэдэгдэл хийж, нийгмийг хуваан талцуулах шаардлага байсан уу? Энэ хуульд англи хэл заах заахгүйн тухай ямар нэгэн байдлаар Байнгын хорооноос санал дүгнэлт гаргаад, санал хураалгасан зүйл байхгүй. Г.Дамдинням гишүүн та хуулийнхаа зүйл заалт бүрийг судалж байж нийгэм рүү гал тавих хэрэгтэй. Бид эх орныхоо ирээдүйг энэ хуулиар боомилсон зүйл огт байхгүй. Үүнийг албан ёсоор хэлэх нь зөв.
2023-06-22
УИХ-ын чуулганы /2023,06,22/-ны өдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Монгол улс хязгаарлагдмал, хоёр хөршөөсөө ялгаатай байх олон нөхцөл байдлын үүднээс Монголчууд, Монголын төр гэж байдаг бол англи хэл болоод мэдээллийн технологи дээр бүрэн дүүрэн дэмжиж ажиллах ёстой гэж боддог. Мэдээллийн технологийн алгоритм, үйлдлийн систем англи хэл дээр л бичигддэг. Англи хэл, мэдээллийн технологи гэдэг хоёр багана бол Монгол Улсын ирээдүйн хөгжлийн үндсэн суурь гэдэг дээр зарчмын хувьд санал зөрөхгүй байх гэж бодож байна. Ардчилсан намын бүлэг англи хэлийг бүрэн бүрэлдэхүүнээрээ яагаад дэмжиж байгаа вэ гэвэл намын бүлэг гэдэг үүднээс бус манай намын үзэл баримтлалтай ч холбоотой. Монголчууд сайн сайхан, баян чинээлэг амьдрах, ядуурлаас гарах үндсэн арга зам бол эдийн засаг өсөх юм. Эдийн засаг өсөх арга замыг том төр биш эрх чөлөөтэй иргэн хүн өсгөнө гэж боддог. Эдийн засгийн боловсролоор дамжсан мэдлэгийн эрх чөлөөтэй иргэн хүн эдийн засгийг өсгөнө. Цаашилбал мэдлэгийн эрх чөлөө нь англи хэлтэй холбоотой. Үүн дээр маргалдах гишүүд байхгүй гэдэгт итгэж байна. Харин нэг зүйлийг тодруулъя. Англи хэл дараа дараагийн үеүүдэд сурахад илүү дөхөм болохын тулд хэлнээсээ гадна бичиг үсэг, шрифтээ өөрчлөх шаардлага гарах уу? Үүн дээр ажлын хэсгийн ярьсан зүйл байна уу? Хэрэвзээ Латин хэлд шилжвэл цаашид дэлхийн мэдлэгийн санд илүү ойртох боломж, бололцоо байдаг уу? Жишээ нь Казакстан улс 2025 онд Латин хэлд шилжинэ гэсэн шийдвэр гаргасан гэсэн мэдээ явж байна. Энэ асуудлаар хуулийн хүрээнд яригдсан зүйл байна уу?
\УИХ-ын чуулганы /2023,06,22/-ны өдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Сургалтын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна гээд Боловсролын ерөнхий хуульд бий. Энэ заалтыг бид ерөнхий хууль руугаа татан авчирч маргаан тарих уу. Ерөнхий хууль нь юу юм гэхээр сургуулийн өмнөх боловсрол, мэргэжлийн болон дээд боловсролын зохицуулалтыг хийж буй ерөнхий хууль юм. Энэ заалт дээр ерөнхий хууль дээрээ сургалтын байгууллагад судлах гадаад хэл нь сургалтын үндэсний хөтөлбөрийн үзэл баримтлалд заасан хэл байна гэдгийг томьёолоод дэмжээд явж байна. Үндэсний хөтөлбөрийн үзэл баримтлалд чинь боловсролын сургалтын байгууллагад судлах үндсэн гадаад хэл нь англи байна гээд цагаан дээр хараар биччихсэн байна. Яг үүнийхээ дагуу 3 дугаар ангиас эхлэн англи хэл болон мэдээлэл технологийн хичээлийг заах хичээлийн төлөвлөгөө гарчихсан. Хөтөлбөрөөр явчихаар сайд нь солигдохоор өөрчлөлт гарчих вий гэсэн болгоомжлол байгаа нь үнэн. Гэхдээ бидний өнөөдрийн батлах гээд сууж байгаа хууль дээр хөтөлбөрийн хэрэгжилт хамгийн багадаа 10 жил байна. Тэгж байж бид нэг хөтөлбөрөөс нөгөө хөтөлбөрт шилжинэ. Үүнээс илүү эрх зүйн баталгаа бий юу? Үндэсний хөтөлбөрийн үзэл баримтлалыг МУ-ын Засгийн газар батална. Энэ нь 10 жилийн хугацаатай. Хууль дээрээ үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг 10 жил хэмээн хуульдаа баталгаажуулчихсан. Өнгөрсөн хугацаан дахь гашуун сургамж нь ойр ойрхон хөтөлбөрийн шинэчлэл хийхээр зарладаг. Ингэхдээ хөтөлбөр, багш болон урах бичгээ бэлддэггүй. Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн тогтолцоог хийж өгдөггүй байсан учир лоозон болж хувирдаг. Өнгөрсөн 30 жилийн боловсролын чанарын ялгаа нь өнөөдрийн нийгмийн тэгш бус байдлыг өдөөчихсөн. Бид ард иргэдийн толгойг эргүүлэх шаардлага байгаа юм уу. Хуулиа заалт заалтаар нь нэг бүрчлэн уншвал яасан юм. Хууль батлагдсаны дараагаар заалт нэг бүрийн тухай нарийн мэдээллийг миний зүгээс ард түмэнд өгнө. Үүнээс, хэн нь үнэн болон худал хэлж байсан, хэн нь цаг хугацааны ашиг хонжоо хайж байсан эсэхийг эрхгүй ялгах биз!
УИХ-ын чуулганы /2023,06,22/-ны өдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Энэ хуулийг үргэлжлүүлээд явуулах ёстой гэсэн саналтай санал нэг байна. Гэхдээ энэ хуульд байнгын хорооны нэр томьёоллын 6 дугаар зүйлд “боловсрол эзэмших сургалтын хэл” дотор 6.6 боловсролын сургалтын байгууллагад үндсэн гадаад хэл нь Англи хэл байна гээд ороод ирсэн учраас зарчмын зөрчилдөөнүүд гарч байна. Шинжлэх ухааны байгууллагууд орохгүйгээр боловсролын салбарт 2418 байгууллага байдаг аж. 106 мянга гаруй албан хаагчтай, 1,2 сая суралцагтай. Цар тахлын дараа дэлхийн эдийн засгийн форумын боловсролын 4.0 санаачилгыг гаргасан бодлогын зөвлөмжүүдээс харвал дэлхийн хөгжлийн явцад шинээр бий болж байгаа ур чадваруудыг эзэмшүүлэх нь чухал болоод байна. Ерөнхий хуулийг уншихаар энэ тал руу чиглэсэн олон дэвшилтэт шинэчлэлүүдийг тусгасан байна. Дэлхийн чиг хандлагаар авч үзвэл боловсролын салбарт цоо шинэ ур чадварууд орж ирж байна. Энэ ойлголтыг нэвтрүүлэх, хөл нийлүүлж алхахад наад захын хэрэгцээ бол Англи хэл. Үүнд санал нэг буй. Нэн ялангуяа Англи хэл ач холбогдлоороо маш өндөр гэдэгтээ хэн ч маргахгүй байх. Боловсролын тэгш байдлын гараа бол Англи хэл. Үүнтэй ч бас хүмүүс маргахгүй байх. Гэвч нөгөөтээгүүр бодох ёстой асуудал байна. Геополитикийн талаасаа ч тэр хоёр том гүрний дунд цөөхөн хүн амтай манай улсын хувьд энэ бол стратегийн ач холбогдолтой асуудал. Хуульд төрөлх эх хэл, үндэсний түүх утга зохиолын хичээлүүдээс гадаад хэлийг илүү өндөр түвшинд авч үзэх боломжгүй гэж би үзэж байна. Монгол хүнийг дэлхийд бэлтгэх, төлөвшүүлэхэд эх хэлнээс давсан гадаад хэл гэж байхгүй. Хуульд орж ирсэн Монголын үндсэн гадаад хэл гэдэг нэр томьёоны утга учрыг ойлгохгүй байна. Түүний асуултад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хариуллаа.
УИХ-ын чуулганы /2023,06,22/-ны өдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Энэ хуулийг сүүлийн 2 жил ярилаа. Би ажлын хэсгийн гишүүнээр ажиллалаа. Зарим нэг хуулийн ахлагчаар ажиллаж байна. Бид Алсын хараа20/50-ыг баталсан. үүний салшгүй хэсэг нь Боловсролын хууль. Энэ салбарт төсөв ихээхэн тавьж байна. Ирээдүйн хүний нөөц бэлдэх гол суурь шүү. Хөтөлбөрт оруулна гэж сайд болон яамны гишүүд ярьж байна, болно. Гэхдээ манай мэдээлэл технологийн хөтөлбөр сурах бичиг 1995-2000 оны сурах бичиг байна. иймд хөтөлбөрт оруулна гэдэг нь ач холбогдолгүй болдог. Иймд хуульд тусгах ёстой. Хар хайрцгийн бодлого ярьж байна. үүнд өөр асуудал яригддаг. Англи хэлний үнэлэмж маш өөр. Хэлтэй, хэлгүй хүний үнэлэмж маш өөр шүү. Харин хар хайрцгийн бодлого ярьж байгаа бол үүнийг оруулаад батлах ёстой.