УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.05\ нэгдсэн хуралдаанаар Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, үйлдвэржилт хоёр чинь өөр. Үйлдвэржилтийн байнгын хороо хөнгөн хүнсний үйлдвэрийн үйлдвэржилт түүний асуудлыг ярих ёстой. Төмс, гурил, мах, хүнсний ногоог дурдаад ийм түр хороо байгуулна гэдэг утгагүй. Ажил үүрэг маш их давхцаж байна. Уг нь үйлдвэржилтээр ажиллах ёстой. Хуучин 8 байнгын хороотой байсан одоо 11 болчихсон. Үйлдвэржилтийн байнгын хорооноос түр хороо байгуулах талаар оруулж ирснийг дэмжихгүй. Манай хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд 5 жилийн хугацаанд хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах тогтоол гарсан. Санхүүжилттэйгээ яаж хэрэгжүүлэх төлөвлөгөөтэйгээ нарийн гарсан байгаа. Тэрэн дээр хяналт тавих түр хороо гэвэл өөр.
2022-07-05
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.05\ нэгдсэн хуралдаанаар Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Хүүхдийн хоол хүнсний зохисгүй хэрэглээ, чанаргүй бүтээгдэхүүн их хэмжээгээр хэрэглэж байгаа амьдралын буруу хэвшил нь Монгол хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, олон өвчний үндэс болж байгаа. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан хүн амын хоол тэжээлийн байдлын үндэсний судалгаанд 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн 11,7 хувь, 6-11 насны хүүхдүүдийн 28,6% нь илүүдэл жин таргалалттай байна. Таргалалтын улмаас хүүхдүүд хөдөлгөөний дутагдал, сэтгэл гутралд орох, зан ааш өөрчлөгдөх, зүрх судасны өвчин хүртэл гарах аюултай байдал бий болсон. Түр хороо сургуулийн орчин дахь хүнсний бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээний байдалд дүн шинжилгээ хийж ажилламаар байна. Үүнээс гадна сургууль, цэцэрлэг, дотуур байр, хүүхдийн эмнэлгийн хоолны асуудалд анхаарах хэрэгтэй.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.05\ нэгдсэн хуралдаанаар Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Түр хороо тодорхой зөрчил, маргаан дээр байгуулагддаг байсан одоо байнгын хороодын эрхлэх асуудлаар байгуулагдаж эхэллээ. Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо гэж манайд байгаа. Энэ байнгын хорооны юу болохгүй болоод хөдөө аж ахуйг дэмжих түр хороо байгуулж байгаа вэ? Энэ хороо чинь хөдөө аж ахуйг л дэмжих хороо шүү дээ. Дэмжихгүй байгаа юм уу. Хоёрдугаарт, хүнс хөдөө аж ахуйн үнэ гадаад нөхцөл байдлаас хамаарч өснө. Их хурал энэ үнийг өсөж байна, буурч байна гэсэн асуудал руу орчих юм биш байгаа. Түүний асуултад УИХ-ын дарга Г.Занданшатар хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.16\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Энэ төлөвлөгөөний биелэлтийг он оноор нь тооцдог шалгуур үзүүлэлт, хүрэх түвшингээ тодорхой болгох хэрэгтэй. Энийг бид нар хоёрдугаар хавсралтаар баталж өгөх ёстой. 19 нэр төрлийн бүтээгдэхүүн гэж байгаа. Тэр ямар бүтээгдэхүүнүүд вэ? Хэдэн онд яг 100 хувь хангагдах вэ. Ингэж байж төлөвлөгөөний биелэлтийг тооцох бололцоо бүрдэнэ. Үнэлж үзэж, дутуу байгаа зүйлээ ахиулах боломж бүрдэх юм. Энэ төлөвлөгөөг биелүүлэх мөнгө 1,7 их наядын тухай ярьж байгаа. Үүний хэдэн хувь нь төсвөөс гарах юм бэ? Хэдэн хувь нь банкны салбарын чөлөөт эх үүсвэр, хэд нь гадаадын зээл, тусламжийг ашиглах вэ. Энийгээ тодорхой болгомоор байна. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх хамгийн том зүйл бол гадаргын болоод хурын усыг ашиглах. Бэлэн усны нөөцөө сайн ашиглах ёстой. Үүнийг энэ төлөвлөгөөнд суулгах өгөх шаардлагатай байна. Мөн бэлчээрийн мал аж ахуйн асуудлаа тодруулмаар байна. Бэлчээрийн малынхаа үүлдэр, угсааг нутгийн шилмэл омгоор нь сайжруулаад, өсвөр малаа эдийн засгийнхаа эргэлтэд оруулж, мах экспортоо нэмэгдүүлэх арга хэмжээг энэ төлөвлөгөөнд суулгая. Ингэж бүтээмж, үйлдвэрлэл нэмэгдэнэ, орлого өснө. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
2022-06-16
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.16\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Монгол улс нийт хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг импортоор авдаг. Үүнд 1 тэрбум доллар зарцуулж байгаа. 5 жилийн хугацаанд энэ тогтоол амжилттай хэрэгжвэл хүнсний гол 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо хангах бололцоотой гэж үзэж байгаа юм. Гэхдээ ийм болгохын тулд тогтоол маань хэрэгждэг байгаасай. УИХ-аас баталж гарч байгаа төрийн бодлогын бичиг баримтууд хоорондоо уялдаа, холбоотой байх ёстой. Нэг хуулиараа болно, нөгөө хуулиараа болохгүй гэдэг. Ингэхээр УИХ-аас бодлого шийдвэр гаргадаг, амьдрал дээр хэрэгжүүлэх болохооор тогтоол баталсан ч өөр хуулиараа болохгүй байна гэдэг зүйл гарч хаагддаг. Үүнийг шийдэх гэж хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг Их хурлаар баталсан. Энэ тогтоолын заалт дээр 1,7 их наяд төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг Улсын төсвөөс шийдэх ёстой гэсэн зүйл яригдаж байгаа. Гэтэл бидний баталсан 2023 оны жилийн төлөвлөгөөн дээр 1,8 их наядын хөрөнгө оруулалтын эх үүсвэр тавьсан. Үүгээр нэг ч шинэ хөрөнгө оруулалт хийх боломжгүй. Ингээд уялдахгүй болж байгаа юм. Тиймээс энэ чухал тогтоолыг амьдрал дээр бодитой хэрэгжүүлэхийн тулд бусад хууль тогтоомжтой уялдуулах ёстой.