УИХ-ын дарга З.Энхболд “Парламент-2” төгөлд мод тарилаа
2016.05.16
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

УИХ-ын дарга З.Энхболд “Парламент-2” төгөлд мод тарилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр /2016.05.14/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Парламент 2” төгөлд мод тарилаа. 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон мод тарих энэ удаагийн арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөгжлийн банк, Үндсэн хуулийн цэц зэрэг төрийн байгууллагууд, мөн төрийн бус байгууллага, 100 гаруй аж ахуйн нэгж, их, дээд сургууль болон дунд сургуулиудын төлөөлөл, 4000 орчим иргэн оролцож 14 нэр төрлийн 3500 орчим мод, бут, сөөг тарилаа.

 

Улсын Их Хурлын дарга З.Энхболд мод тарих арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, орчин үеийн тулгамдсан асуудлын нэг бол дэлхийн цаг агаарын дулаарал, байгаль экологийн тэнцвэр алдагдан цөлжилт эрчимтэй явагдаж байгаа явдал юм. Эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалж, цөлжилттэй тэмцэх үйл ажиллагааны нэг чухал санаачилга, ногоон модоо олноор тарьж ургуулах аян Монгол оронд эхлээд уламжлал болон хэвшиж байгаад баяртай байна.

 

Агаарын бохирдлыг бууруулж, цэвэр агаар бэлэглэх гол эх үүсвэр бол ой мод, ногоон орчин билээ. Иймээс хот, суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд нийт иргэд, байгууллага, та бүхний идэвх санаачилга, оролцоо хамгаас чухал юм.  

Өнөөдөр бид нийслэл хотоо өнгө үзэмжтэй, цэвэр агаартай хот болгохын төлөө мод тарьж байна гэлээ. Төсгөлд нь тэрээр “Ногоон хөгжлийн төлөө хамтдаа зүтгэцгээе” хэмээн иргэн бүр өөрийн ойр дотны хүмүүс болон үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө, иргэн бүр эрүүл цэвэр агаараар амьсгалахын төлөө жил бүр улам олон мод тарихыг уриалав.  

Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэллээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэр нь нийслэлчүүдийн хувьд, Улаанбаатар хотын хувьд тун чухал байсныг тэрээр онцлоод, “Бид жил бүр гэр бүл, найз нөхөд, баг хамт олноороо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд жил бүр мод тарьж байна. Мод тарих өдрийн хүрээнд Монгол Улс даяар энэ аян өрнөж байгаа. Энд хуран цугларсан Та бүхэн өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө төдийгүй нийт улаанбаатарчуудын эрүүл мэндийн төлөө энэ аянд нэгдэн оролцож байгаад талархал илэрхийлж, баяр хүргэе” гэлээ. 

 

 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ОНӨТҮГ-ын дарга Ц.Алтанцэцэг нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ, энд хуран цугларсан хүндэт зочид, нийслэлчүүд Та бүхэнд хамт олныхоо нэрийн өмнөөс болон Улаанбаатар хотод амьдарч буй мянга, мянган иргэдийнхээ өмнөө Мод тарих үндэсний өдрийн мэндийг хүргэж, талархал илэрхийлье. Нийслэл хотод цоо шинэ өнгө төрийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нэмж байгаа. Үүний төлөө манай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 113 ажилтан уртасгасан цагаар ажиллаж байгааг хэлэхэд таатай байна. Та бүхэн ийм олуулаа энэ өдөр цуглан мод тарихаар ирсэн байгааг харахад үнэхээр сайхан байна. Үртэй бүхэн жаргаж, үндэстэй бүхэн ургах болтугай хэмээв.   

Ийнхүү 2016 оны хаврын Мод тарих үндэсний өдрийн нээлтийн арга хэмжээ болсны дараа Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Улсын Их Хурлын даргын зөвлөх Ц.Буянцогтоо  болон албаны бусад хүмүүс “Парламент 2” төгөлд мод тарилаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн тарьсан мод бүрт QR код бүхий чип зүүж, холбогдох мэдээллийг цахим санд байршуулах шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Ингэснээр тухайн модны чип дэх кодыг гар утас болон цахим төхөөрөмжөөр уншуулахад хэн, хэзээ тарьсан талаар болон тухайн модны талаар холбогдох бүхий л мэдээллийг авах боломжтой болсон талаар тус цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагууд Улсын Их Хурлын даргад танилцуулж, мэдээлэл өгөв. Мөн энэ үеэр Улсын Их Хурлын даргад мод тарьсан талаарх гэрчилгээг цэцэрлэгт хүрээлэнгийн удирдагууд гаруулан өгсөн юм.  

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга 2015 оны 05 дугаар сард Байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ой, Ялалтын 70 жилийн ойд зориулан байгуулсан “Парламент 1” төгөлийг эргэв. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнууд “Парламент 1” төгөл дэх суулгацуудын ургалт хангалттай байгаа талаар танилцуулж байв. Тус цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламжийн арчилгааны графикын дагуу мод, бут, сөөгийг тогтмол арчлан хамгаалж байгаа бөгөөд үүний үр дүнд 93 хувийн ургалттай байгаа юм байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан бөгөөд жил бүр улс даяар мод тарих ажлыг зохион байгуулдаг уламжлалтай болсон хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

ШИНЭ МЭДЭЭ

Зөв жишиг 2016.10.10