Баянголчуудын удирдлагууддаа өгсөн голч дүн “4+”
2016.05.16
Орон нутгийн хөгжил

Баянголчуудын удирдлагууддаа өгсөн голч дүн “4+”

Төрд ард түмнийг төлөөлж буй албан тушаалтнуудад дүн тавих үйл хэрэгт “Ардын үг” аян зохих оролцоогоо оруулж байгаа билээ.

Тэгвэл энэ удаа Баянгол дүүргийн иргэд сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнууддаа ямар дүн тавьсныг аяны хүрээнд дүүргийн иргэдээр хэлэлцүүлэн гаргаж ирлээ.

Ийн Баянгол дүүргийн нийт иргэнээс санамсаргүй түүврийн аргаар сонгож 300 гаруй хүнийг оролцуулсан хэлэлцүүлгийн үр дүн гарчээ. Энэхүү түүврийн арга нь нийт иргэдийг төлөөлөх магадлал 95 хувьтай байдаг аж.

Итгэлцлийн түвшин: 95%; 
Алдааны магадлал: 5%;

Нэг сая гаруй хүн амтай хотыг төлөөлж 317 хүн Улаанбаатарын зөвлөлдөх ардчиллын уулзалтыг зохион байгуулж байсан удаатай. Тэгвэл түүвэрлэж сонгосон 310 гаруй хүн Баянгол дүүргээ бүрэн төлөөлөх чадвартай гэсэн үг. Эдгээр “Ардын эксперт” буюу иргэдийг төлөөлсөн 300 иргэн хийгдсэн ажлуудын талаар бүрэн мэдээллээр хангагдсаны дараа өөрсдийн үнэлгээг өгсөн нь онцлог давуу талтай байлаа. Бүх талуудын байр суурийг сонсоод, түүний дараа иргэд хоорондоо жижиг бүлгүүдэд хуваагдаж хэлэлцүүлэг хийдэг. Ингэснээр эсрэг, тэсрэг талуудаас асуулт, тодруулга аваад нууц санал хураалтаар иргэдийн санаа бодол, үнэлэмжийг гаргаж ирдэг билээ. 

 

Баянгол дүүргийн иргэд дээрх аргачлалаар өөрсдийг нь төлөөлж буй УИХ-ын гишүүн, дүүргийн удирдлага, төлөөлөгч нартаа үнэлгээ өгсөн. 2012 онд тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа нарт хэлэлцүүлэгт оролцсон иргэд ам сайтай байлаа. “Ардын үг” зөвлөлдөх аяны нэг зорилго нь ард иргэдээс санал авч, итгэл хүлээсэн хүмүүсийн мөрийн хөтөлбөр, амлалтын биелэлтийг дүгнэх бололцоо олгох явдал юм. Аяны хүрээнд иргэд дүүрэгтээ хийгдсэн ажлуудад дараах үнэлгээг өглөө. 

Хамгийн өндөр үнэлгээ авсан нь эрүүл мэндийн төв шинээр барьсан ажил

Иргэдийн тавих ёстой хамгийн дээд оноо нь 5. Өөрөөр хэлбэл, 5 оноог 100 гэсэн үнэлгээтэй дүйцүүлж үзнэ. Энэ үнэлгээгээр бол 90-ээс дээш хувийг А үнэлгээ, 80 – 90 хүртэл хувийн үнэлгээг B гэхчлэн тооцож болно. Тэгвэл Баянголын иргэдээс А үнэлгээ тавьсан ажлуудыг жагсаавал нэлээд олон байгаа юм. Тухайлбал, Эрүүл мэндийн төв шинээр барьсан нь иргэдээс хамгийн өндөр үнэлгээ авчээ. 

 

Зөвлөлдөх хэлэлцүүлгээс өмнө дүүргийн 800 иргэнээс авсан санал асуулгын дүн 3,89 байсан бол санамсаргүй түүврээр сонгогдсон 300 иргэнийг тэнцвэртэй мэдээллээр хангаж, хэлэлцүүлэг өрнүүлсний эцэст тавьсан дүн нь 4,5 байлаа.

Өөрөөр хэлбэл мэдээлэлгүй иргэд ба мэдээлэлжсэн иргэдийн хооронд чанарын асар их ялгаа гарч байгааг эндээс харж болно. Хэлэлцэх асуудлаар тэнцвэртэй мэдээлэл авч, үүнийгээ бусадтай харилцан ярилцах, хэлэлцэх замаар мэдээллээ бататгавал бодит үнэлгээ гарч ирдгийг энэ удаагийн Зөвлөлдөх санал асуулга нотлон харууллаа. Мэдээлэлжсэн иргэд бол бодит үнэлэмж, бодит хандлага мөн.

Гудамжинд 415 хяналтын камер суурилуулсан, сургууль, эмнэлгүүдэд өргөтгөл, засвар хийсэн, залуучууд, ахмад, хүүхдэд тус тусад нь зориулсан хөгжлийн ордон барьсан, уулзваруудыг өргөтгөж шинэчилсэн, үерийн далан барьсан зэрэг ажлуудыг иргэд сайнаар үнэлсэн байсан. Мөн 21 өрхийн эмнэлэг шинээр барьсан нь онцлох чухал ажил гэж үзжээ.

 

 Баянголчууд өнгөрсөн дөрвөн жилд эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт дүүрэгтээ олон чухал, хэрэгтэй ажлууд хийгдсэн гэж үзсэн байна. Тухайлбал, хуучин эрүүл мэндийн төвийг 150 ортой хүүхдийн эмнэлэг болгосон, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн нөхөн сэргээх төв барьсан, Баянгол хүүхдийн зуслан барьсанд иргэд талархалтай хандаж байгааг онцлох нь зүйтэй юм. 

 

Тэгвэл хамгийн бага үнэлгээ авсан ажил нь цэцэрлэгийн хүртээмжний асуудал байв. Тодруулбал, Баянгол дүүрэгт хүүхдийн цэцэрлэг цөөнгүй баригдсан ч хүн амын өсөлтийг гүйцэхгүй, одоо ч дутагдалтай байгаа аж. Энэ асуудалд иргэд 3.72 хувь буюу С дүн тавьжээ. Мөн хорооллын доторх зам шинээр барих, засварлах болон авто зогсоол, тохижилт, бага дунд сургуулийн хүртээмж зэрэг асуудлуудад иргэд 3.77-3.85 гэсэн үнэлгээ өглөө. Дүүрэгт шинэ эмнэлгүүд баригдаж, засвар өргөтгөл хийгдэж байгаа ч эмнэлгийн хүртээмж гэдэгт B үнэлгээ өгсөн байна.

 

Ийнхүү дүүргийн удирдлагуудын амлалт, түүнийгээ хэрэгжүүлсэн байдал, цаашид юуг яаж хийх нь зөв бэ гэдэгт иргэд өөрсдийн хариултыг өглөө. "Ардын Үг" зөвлөлдөх аяны үр дүнд дүүргийн удирдлагууд болон тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд цаашид ямар асуудалд анхаарал хандуулж, юу шийдэх нь чухал вэ бодитоор мэдэж, иргэдийнхээ дуу хоолойг сонсож чадлаа. Өөрөөр хэлбэл, дарга нарт ард иргэд нь зөвлөж буй хэрэг. Ардын үг ингэж л амь орно.

 

Төр засаг иргэдийнхээ санал бодлыг сонсох гэж янз бүрийн оролдлого хийсээр ирсэн. Санал хүсэлтийн хайрцаг, санал хүсэлтийн дэвтэр гэх мэтчилэн. Гэвч энэ нь нийт иргэдийг төлөөлж чаддаггүй. Санамсаргүй түүврээр аваагүй, тохиолдлын байдлаар хүмүүс хандаж байгаа учраас тэр. Нөгөөтэйгүүр, одоо хэрэгжиж буй иргэдийн санал бодлыг сонсдог аргууд нь тусгайлсан санаа, зорилго бүхий хүмүүс өөрсдийн санал бодлыг нийтийнх юм шиг харагдуулахыг хичээдэг гэж судлаачид хэлдэг.

 

Тэгвэл “Ардын үг” аян нь хэний ч нөлөөлөлд авталгүйгээр иргэдийн үг, санаа бодол, дүгнэлтийг шууд дамжуулагчийн үүднээс хандаж олон нийтэд хүргэж буйгаараа онцлогтой. Монголын медиа корпорацийн цувралаар зохион байгуулж буй “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аян ийнхүү Баянгол дүүрэгт амжилттай үргэлжилж байна. Дорноговийн иргэд өөрсдийгөө төлөөлсөн орон нутгийн удирдлага, УИХ-ын гишүүндээ “Онц муу” гэсэн үнэлгээг өгч байсан бол Баянгол дүүргийн иргэд “Онц сайн” гэх үнэлгээг өглөө. 

 

Ийнхүү Баянгол дүүргийн иргэд дүүргийнхээ удирдлагууд болон сонгосон УИХ-ын гишүүддээ “Ардын үг”-ээ хэлж, санал бодлоо ч уламжилсан юм. Монгол Улс зөвлөлдөх ардчиллыг хэрэгжүүлсэн 23 дахь улс болсон бол Баянгол дүүрэг “Ардын үг” зөвлөлдөх аяны буухиаг хүлээн авсан хоёр дахь засаг захиргааны нэгж боллоо.  Ардын үгийг төрд хүргэх зөвлөлдөх аян цаашид үргэлжилнэ.

 

ШИНЭ МЭДЭЭ

Зөв жишиг 2016.10.10