Сэтгэл байхад шийдэл олддог
УИХ-ын гишүүн Салдангийн Одонтуяа
2016.06.06
Улстөр

Сэтгэл байхад шийдэл олддог

УИХ-ын гишүүн Салдангийн Одонтуяагийн  тухай энэхүү хөрөг-нийтлэлийг бичихийн өмнө түүнийг хүмүүс хэрхэн дүгнэдэг, түүний талаар ямар ойлголттой байдаг талаар судлахыг хичээсэн юм.

УИХ-ын гишүүний үндсэн үүрэг болох хуулийн төсөл боловсруулах ажил дээр түүнтэй хамт ажиллаж байсан хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний талаар юу хэлснийг сонирхож үзэв.

“...Одонтуяа гишүүн аливаа хуулийн төсөл дээр ажиллахдаа тухайн салбарын эрдэмтэд, судлаачид, мэргэжлийн холбоод, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, иргэний нийгмийн төлөөллүүдтэй уйгагүй уулзаж, саналуудыг нь нэгтгээд хууль боловсруулах ажилдаа ордог, ...эрүүл мэнд, эмэгтэйчүүд, гэр бүл, хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр маш чухал хуулиуд санаачилж, боловсруулж, батлуулж чадсан. Асуудлыг дан ганц улстөрчийн нүдээр биш, мөн эдийн засагчийн нүдээр хардаг...Асуудлыг гацаанаас гаргагч, ангийнхаа нөхдийн эв эеийг олж эерэг цэнэг өгөгч, ...Хүмүүстэй баг болж ажиллахдаа сайн, ёс зүйтэй, шинэ санаа олныг гаргадаг, ...Хууль боловсруулах ажилд маш нухацтай ханддаг, үг, үсэг, утга, агуулга бүрийг нэг бүрчлэн нягталдаг, ...Ажлын хэсгийг Одноо гишүүнээр удирдуулахад найдвартай байдаг юм..” гэх зэргээр дурьдсан байх юм. 
Олны хэлсэн тодорхойлолт үнэн зөв болохыг анхны уулзалтаас л мэдэрлээ. Цасан шамаргатай саяхны нэг өдөр УИХ-ын гишүүн Салдангийн Одонтуяатай уулзахаар Моннис цамхагийн Япон ресторанд цаг товлов. Болзсон хугацаанаасаа хэдэн минутын өмнө ирсэн тэрбээр үйлчлэгчийн “ширээ байхгүй” гэсэн тайлбарт огтхон ч цааргалалгүйгээр тэвчээртэй хүлээж, ховор олддог үнэт цагаа бидэнтэй ярилцахад зориулсан юм. 

Төлөвшлөөр соёолсон ухаарал


Улаанбаатар хотын унаган охин Одноо Сансрын XII хороололд төрж, өсчээ. Хүүхэд байхын л бусдад туслах гэж мэрийдэг, түүнийгээ биелүүлдэг сурагч байсан нь эдүгээгийн хариуцлагатай төрийн түшээгийн төлөвшлийн эхлэл байжээ. Айлын отгон охин боловч Ангийн дарга, Бүлгэмийн зөвлөлийн дарга зэрэг удирдах ажилд сонгогддог нийгмийн идэвхтэй, манлайлагч сурагч байв. Хичээл номоосоо гадна төгөлдөр хуурын дугуйланд явж, пионер-сурагчдын концертод гоцлол хөгжимчнөөр оролцдог байжээ. Улсын тэргүүний I сургуулийг 1982 онд онц төгсөгчдийн нэгдүгээрт жагссан тэрбээр аавынхаа мэргэжлийг өвлөхөөр шийдэж ОХУ-ын Санкт-Петербургийн Их сургуульд суралцан олон улсын эдийн засагч мэргэжилтэй болжээ. Түүнчлэн АНУ, Итали, БНСУ, Сингапур, Тайланд, Япон зэрэг оронд эдийн засагчийн мэргэжлээрээ гүнзгийрүүлэн суралцсан байна. Түүний аав Монгол Улсын Гавьяат эдийн засагч, БНМАУ-ын сайд, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга, Элчин сайд асан Салдан гуай тухайн үед эрхэлж байсан ажил үүргийнхээ хүрээнд 1960-1990 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжаар Монголд барьж байгуулагдсан Дархан, Эрдэнэт, Багануур, Чойбалсан, Багахангай зэрэг аж үйлдвэрийн хотуудыг үйлдвэр, үйлчилгээ, орон сууцны хорооллуудтай нь цогцоор нь шинээр бүтээн байгуулах, нийслэлийн I, II, III, IV, V, VI, X, XI, XII, XIII, XV, XVI, XIX хорооллуудыг оршин суугчдад нь үйлчлэх бүхий л эмнэлэг, сургууль, цэцэрлэг, аж ахуйн үйлчилгээний төвүүдийнх нь хамтаар, мөн Улаанбаатарын ДЦС-3, ДЦС-4, Дархан, Чойбалсан хотуудын ДЦС, Эрдэнэт, Багануурын ДС, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, ноолуурын “Говь” комбинат зэрэг томоохон үйлдвэрүүдийг барьж байгуулахад оновчтой санал, бүтээлч санаачилга гарган ажиллаж Монгол Улсынхаа хөгжил дэвшил, монголчуудынхаа ахуй амьдралд ямар их ач холбогдолтой нөр их бүтээн байгуулалтад бодит хувь нэмрээ оруулсныг нь өнөөдөр бид бахархахгүй байхын аргагүй. Энэ их бүтээн байгуулалт тухайн үед яаж  эхэлж, хэрхэн өрнөж байсан талаар аавынхаа бичиж үлдээсэн түүхэн баримтуудыг эмхэтгэн нэгтгэж зөвхөн түүхч, судлаач нарт төдийгүй мөн холбогдох мэргэжлийн хүмүүст ч хэрэг болохуйц ном болгон нийтийн хүртээл болгохыг зорьж байгаа юм. 

Ийнхүү улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө уйгагүй сэтгэж зүтгэж, ард түмэндээ бодит бүтээлээрээ дуурсах алдраа үлдээсэн аавынхаа үлгэр дуурайллаар хүмүүжиж төлөвшсөн нь өнөөдөр түүний аливаад өргөн цар хүрээтэй ханддаг, хувийн эрх ашгаа урьтал болгодоггүй, хичээл зүтгэлтэй, ёс зүйтэй төрийн түшээ болсон УХААРЛЫНХ нь үндэс суурь болсон нь дамжиггүй. 

Ухаарлаар ургасан сэтгэл

Түүнийг дээд боловсрол эзэмшин эх орондоо ирсэн тэр үед Монголын нийгэм зах зээлд шилжин ид бужигнаж байв. Шинжлэх ухаан техникийн улсын хорооны Мэдээллийн төвд ажилд орсон тэрбээр удалгүй бусдын адил хувиараа эрхлэх аж ахуйн нэгж байгуулж, оёдлын цех ажиллуулж, ганзагын наймаанд ч явж байжээ. Энэ мэтчилэн тэр үеийн залуу сэхээтнүүдийн өрсөлдөж  тэмцэж ирсэн бүхий л жишгээр бизнесийн оргил өөд мацаж, даваа гүвээ, гуу жалга, шалбааг намаг бүгдийг л туулж хал үзэж хат суусан ажил хэрэгч эмэгтэй болсон байна. Тэр үед Сингапурт очиж, нийтийн хоолны газруудын туршлага судалж олон үндэстний хоолоор түргэн үйлчилдэг “Food Court”  нь Монголд энэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлсэн анхдагч бөгөөд одоо ч хүмүүсийн үйлчлүүлэх дуртай газруудын нэг хэвээр байна.  Энэ чиглэлээрээ тухайн үедээ зөвлөгөө өгдөг байсан бөгөөд амьдралыг нь чимсэн, сургамж авчирсан энэ түүх нь саяхан Сингапурын хамгийн олон хувь хэвлэгддэг The Straits Times сонинд нийтлэгджээ.
Монгол Улсад Үндэсний бүтээмжийн хөдөлгөөнийг үүсгэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, 2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Үндэсний бүтээмжийн шагнал”, Азийн Бүтээмжийн Байгууллагын Хүндэт гишүүн, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас олгодог Шилдэг Бизнес-Хатагтай (Lady Entrepreneur) өргөмжлөл зэргээр шагнагдаж байсан нь түүний бизнес эрхэлж байсан үеийнх нь амжилтын гэрч юм. Ийнхүү хувийн бизнесээ амжилттай эрхлээд зогссонгүй өөрийн олсон, мэдсэн зүйлээ  бусадтай хуваалцах үүднээс “Иргэн Та Баялаг” санг үүсгэн байгуулжээ. Улс орны хөгжил бол иргэн, тэр тундаа өсвөр насны хүүхдүүд гэдгийг олж харсан тэрбээр олон нийт рүү хандсан амьдрах ухааны талаар лекц яриа хийж хүмүүст зөвлөгөө өгдөг болов. Энэ нь хожим УИХ-ын гишүүн болсны дараа эрүүл мэнд эмэгтэйчүүд, гэр бүл, хүүхдийн эрх хамгааллын талаар түүний санаачилсан болон ажлын хэсгийг нь ахалсан хуулиудад тусгалаа олжээ. 

Залуучуудыг манлайлагч болгох зорилго бүхий олон улсын JCI Монголд байгууллагын Үндэсний Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны эмэгтэй. Монгол охид, эмэгтэй скаутын холбооны Ерөнхийлөгч, Монголын Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч гэх мэтээр түүний олон нийтийн байгууллагуудын сонгуульт ажлыг тоочвол нэлээд урт жагсаалт болно. Гол нь тэрбээр олон нийтийг сайн үйлсийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажилд уриалан үлгэрлэхэд цаг заваа гаргаж, хүмүүст хэрэгтэй, шаардлагатай ямар л зүйл байна тэр бүхнийг олон янзын арга замаар ойлгуулахыг зорьж яваа шургуу эмэгтэй.

Хүмүүнлэгийн элч” болон “Хүүдэд ээлтэй улстөрч”-өөр өргөмжилсөн байдаг.

Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө тууштай ажилладаг, сайн үйлсийн аянуудад бусдыг манлайлан идэвх зүтгэлтэй оролцдог хэмээн түүнийг хүүхдийн төлөө байгууллагууд, нийгэмд сайн үйлсийг дэлгэрүүлэгч байгууллагууд “Хүмүүнлэгийн элч” болон “Хүүдэд ээлтэй улстөрч”-өөр өргөмжилсөн байдаг. “Би хувь хүнийхээ хувьд хүн бүрт тусалж чадахгүй. Харин туслах юмсан гэсэн чин сэтгэл надад бий. Сэтгэл байхад шийдэл олддог гэсэн зарчмыг ямагт баримталж тухайн хүнд туслах зөв шийдлийг олчих юмсан гэж хичээдэг” гэж хэлэх түүнийг бусдын төлөө зүрх сэтгэлээ зориулсан ухаалаг төрийн түшээ болохыг батлах мэт. 

Сэтгэлээр тэтгэгдсэн зүтгэл


“Түмний хүлээлгэсэн итгэл бол хариуцлага. Хариуцлага гэдэг эргээд шаардах эрх юм” гэж ярьдаг гишүүн маань хууль санаачлах, боловсруулахдаа сайтар судалгаа хийдэг, мэргэжлийн хүмүүсийг их сонсдог талаар түүнтэй Хүүхдйин эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл боловсруулахад хамтран ажилласан.  НҮБ-ын Хүүхдэд туслах Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберто Бэнес: “Өндөр хариуцлагатай, төрийн түшээтэй хамтарч ажиллахад урамтай байна. Олон нийтээс 24600 саналыг цуглуулна гэж санасангүй. Энэ бол маш уйгагүй хөдөлмөрийн үр дүн. Олон улсын гэрээ конвенц, суурь зарчмуудтай нийцүүлэхийн тулд олон улсын хуульчдын багтай ажиллаж, Монгол орны онцлогт тохирсон үндэсний хүүхэд хамгааллын тогтолцоог бий болгохын тулд энэ салбарт насаараа ажилласан хүмүүстэй нягт ажиллаж байгаа нь туйлын сайшаалтай. Сайн чамбай хууль болсон” гэж дүгнэсэн. 

УИХ-ын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад одоо Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй С.Ламбаа гуай: “Манай Одноо гишүүн намайг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхад миний зөвлөхөөр ажиллаж байсан юм. Тэр үед бид хамтдаа Эрүүл мэндийн тухай хуулиа батлуулж байсан.  Сая эрүүл мэндийн даатгалын хуулийг яс гурван жил өдөр шөнөгүй нухаж батлуулсан. Үг, үсэг, утга, агуулгыг нэг бүрчлэн хянадаг. Засгийн газраас өргөн барилгүй удаад байхаар нь “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай” хуулийг боловсруулаад Засгийн газарт бэлдээд өгч байгаа юм.

Зан ааш харьцаа зөөлөн боловч зарчимч, хатуу, шантарна, ухарна гэж ёстой байхгүй дээ” гэж магтаж байна.

“Эрүүл мэндээс бусад зүйл дээр бидэнд сонголт байдаг. Орон сууц авах мөнгөгүй бол хашаа, байшинд амьдарч болж байна. Машин авч чадахгүй бол автобусаар явж болно гэх мэт. Харин хүн өвдөхөд тэр хүнд эмчлүүлэхээс өөр ямар ч сонголт байдаггүй болохоор төрөөс онцгой анхаарал тавих ёстой” гэж хэлэх тэрбээр өөрийн оролцож батлуулсан эрүүл мэндийн салбарын хуулиудад энэ бодлоо тусгаж ажилладаг. Мөн тэрбээр хувь хүний эрүүл мэнд зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, зөв бодлоос эхтэй байна гэдгийг өөрийн биеэр үлгэрлэж байгаа цөөхөн улстөрчдийн нэг юм. 

Хэн нэгнийг тэр бүр үнэлж дүгнэн, магтаж  яриад байдаггүй Р.Амаржаргал гишүүн “Цензургүй яриа”нэвтрүүлгийн үеэр “Жинхэнэ сонгогчдынхоо төлөө өдөр шөнөгүй зүтгээд хийсэн ажил ихтэй, нэг хүний ч гэсэн асуудлыг шийдчих юмсан гэж явдаг УИХ-ын гишүүдийн нэг бол манай Одноо. Үнэхээр чармайгаад ард түмнийхээ төлөө тууштай ажилладаг, тэгсэн мөртлөө би хийчихлээ гээд зарлаад явдаггүй. Тэгсэн ч ажлаа үнэнчээр хийгээд явдаг. Их хурлын гишүүн ийм байх ёстой” гэж ярьж байсан. 

Ийнхүү түүний талаар бүгд л “манай Одноо” гэж халуун дотно өгүүлцгээх юм. Энэ хөрөг нийтлэлийн маань баатрыг УИХ дотор яаж ажилладгийг түүний “нэг ангийнхан” болон хуулийн төсөл дээр хамтран ажилласан хүмүүсээс нь өөр хэн илүү мэдэх билээ. Ийм ч учраас би дээр хүмүүсийн сэтгэгдэл, дүгнэлтийг энд ишлэл болгон тэдний хэлж ярьснаар нь орууллаа. 

Гишүүн маань УИХ-ын 2012 оны сонгуулиар Баянгол дүүргийн тойргоос сонгогдсон. Тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон нийслэл, дүүргийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид, Баянгол дүүргийн удирдлагад томилогдон ажилласан албан тушаалтан, албан хаагчидтай нэг баг болж хамтран ажиллаж, Баянгол дүүргийнхээ хөгжилд зориулж 300 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зохион байгуулж бүтээн байгуулалтын ажил хийж хэрэгжүүлжээ. Хэдийгээр эдийн засгийн хүндрэлтэй цаг үе байсан ч зохих хөрөнгө санхүүжилтийг босгож дүүргийнхээ оршин суугчдын хэрэгцээнд нэн шаардлагатай байсан эмнэлэг, сургууль, цэцэрлэг, спорт цогцолбор, усан бассейн, гудамжны камержуулалт, гэрэлтүүлэг, дээвэр, лифтны засвар шинэчлэл, зам, гүүр, уулзваруудын шинэчлэл, нийтийн үйлчилгээний газруудыг барьж байгуулсан байна. 

Мөн эдгээр нүдэнд харагдаж гарт баригдах бодит барилга байгууламжаас гадна санаачилсан, батлуулсан хуулиуд, дүүрэгтээ хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд нь хүний хөгжилд илүү анхаарсан ажлууд байна. Түүний багийнхан залуу үеийнхээ оюун санааны болон бие бялдрын хүмүүжил, зөв төлөвшилд тустай тодорхой хөтөлбөр төсөлд мөн хөрөнгө оруулж хэрэгжүүлж ирсний жишээ нь манай залуусын сайн мэддэг болсон “Эх орон 36” хөтөлбөр юм. Зорилго эрмэлзэлтэй, эх оронч сэтгэлтэй, өрсөлдөх чадвартай иргэнийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн амьдрах ухааны бодит сургалт явуулдаг энэ “Эх орон 36” хөтөлбөр эдүгээ 12 мянган хүүхэд хамрагдаад байгаа юм байна. 

Энэ хөтөлбөрийнхөө талаар “Бид гадаадаас зээл, тусламж, техник, технологи, ажиллах хүч зэрэг бараг бүх зүйлийг авч болно. Гагцхүү Монгол орноо жинхэнэ эх оронч сэтгэлээр хөгжүүлж чадах, дэлхийд өрсөлдөх чадвартай иргэнийг Монголдоо л сургаж, боловсруулж, төлөвшүүлнэ. Ийм учраас залуу үеийнхээ зөв хүмүүжил, төлөвшилд нь боломж олгох бодлогоор хөрөнгө оруулж дэмжих ёстой гэж бид зорьсон” гэж Одонтуяа гишүүн ярьж байна. 

С.Одонтуяа гишүүн хэвлэл мэдээллийн хэрэгсэл хүмүүсийн сэтгэлгээнд хэрхэн нөлөөлдгийг мэдэх тул хууль боловсруулж бодлого тодорхойлох ”мөнхийн завгүй” ажлынхаа хажуугаар нийтлэл  бичиж, олон түмэнтэй үзэл бодлоо хуваалцаж ирсэн.

Монгол хүний үнэт зүйл хийгээд хэмжүүр өөр тул урамшууллын хөшүүрэг заавал байх ёстойг зөв талаас нь илэрхийлсэн “Хүмүүст шагнал заавал өгөх ёстой” нийгмийн хөдөлгөгч хүч, хөгжлийн зүтгүүр болж яваа манлайлагч хүмүүс эх хэлээрээ анхдагч мэдлэг олж авагсад байдгийг өгүүлсэн “Эх хэл-Их мэдлэгийн суурь” үүргээ ухамсарладаг, нийгэмшсэн, соёл боловсролтой иргэнийг бэлдэх, хотын соёлд зөв төлөвшүүлэхийн тулд бид өөрсдөө юу хийж байгаа, юу хийж болох талаар тунгаан эргэцүүлсэн “Монголд амьдрах НОГООН КАРТ” зэрэг нийтлэлийг нь онцгойлон дурьдаж болно.

Тэр сүүлийн үед “улс төрийн болон төр-засгийн албан тушаалтнууд гадаадад дансгүй, өмчгүй байх” шаардлага  өрнүүлээд буй. “Жирийн иргэд Солонгост өдөр шөнөгүй хөдөлмөрлөж олсон мөнгөө Монгол руугаа илгээж байхад томчууд нь зөрөөд гадагшаа зөөж бол гэж үү?” хэмээн бичсэн “Бид таныг Монголоосоо дайжихгүй гэдэгт итгэхийг хүсч байна” нийтлэл нь олны ярианы сэдэв болж байна. Оросын нөлө бүхий улстөрч эмэгтэй Ирина Хакамада “Их улс төр дэх хүйсийн ялгаа” нэртэй ном бичсэнийг Одонтуяа монгол хэлнээ хөрвүүлсэн. 

Тэрбээр энэ номд “Энэ дэлхий дээр олон сая эмэгтэй амьдрах итгэлээ алдаж, амьдралын амтыг мэдэрч чадахгүй байна. Тиймээс бид өөрийнхөө төлөө энэ бүгдийг хийж чадахгүй гэж бодож байгаа бол үр хүүхдийнхээ төлөө зоригоо чангалж хий” хэмээн бичсэнийг иш татах дуртай.
“Монгол эмэгтэйчүүд бид мод чулуу барьж тэмцэлдэхийг уриалах бус харин мяндсан ухаанаараа аливааг зохицуулж, гол нь монгол хүнийг яаж үнэ цэнэтэй байлгах вэ, яаж өөдрөг тэнүүн амьдрах боломжийг нь нээж өгөх вэ гэдэг талаар Ухаарал, Сэтгэл, Зүтгэлээ зориулах ёстой. Энэ бол манлайлагч эмэгтэйн үүрэг, хариуцлага, үндсэн ажил нь байх учиртай” хэмээн хэлэх түүнийг эрч хүчтэй ухаан хурц, сэтгэл өгөөмөр, өндөр хариуцлагатай энэ үеийн шилдэг нийгмийн зүтгэлтэн юм гэсэн дүгнэлтээр энэхүү хөргөө өндөрлөе.

 

ШИНЭ МЭДЭЭ

Зөв жишиг 2016.10.10