ОХУ-ын олон хүүхэдтэй ээжид дэмжлэг үзүүлдэг хөтөлбөрийг нь сонирхлоо
2016.06.08
Гадаад харилцаа

ОХУ-ын олон хүүхэдтэй ээжид дэмжлэг үзүүлдэг хөтөлбөрийг нь сонирхлоо

УИХ-ын гишүүн С.Одонтуяа өнгөрөгч өдрүүдэд ОХУ-д айлчилсан. Түүнтэй уг айлчлалын талаар ярилцлаа.

-Энэ удаагийн айлчлалын гол зорилго юу байв?

-ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн орлогч дарга Г.Н.Кареловагийн урилгаар тус улсад айлчиллаа. Уг айлчлалыг хэрэгжүүлэхээр нэлээд олон жилийн өмнөөс хүсэлт гарган, товлож байсан нь сая биеллээ оллоо. Айлчлалын хүрээнд нийгмийн хамгааллын салбар, тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлаар тус улстай хамтран ажиллах боломжуудын талаар ярилцсан. Өнгөрсөн онд ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн урилгаар СанктПетербургт болсон Евразийн эмэгтэйчүүдийн анхдугаар олон улсын чуулга уулзалтад оролцохдоо ч энэ чиглэлээр нэлээд нягт хамтарч ажил- лах боломжуудын талаар ярилцаж байсан юм. Ер нь ОХУ-ын талтай олон асууддаар ярилцаж, санал солилцсон.

-Тухайлбал, нийгмийн хамгааллын салбарын асуудлууд гэдгийг тодруулахгүй юу?

-Онцгойлон сонирхож, судалсан зүйл гэвэл ОХУ-ын “Материнский капитал” буюу олон хүүхэдтэй ээж, гэр бүлд дэмжлэг үзүүлэх хөтөлбөр байлаа. Өөрөөр хэлбэл, хүүхдийн тооноос хамаарсан дэмжлэгийг голдуу орон сууц авахад нь олгодог. Хоёр, гурав дахь хүүхэд гарснаас хойш уг дэмжлэгт хамруулдаг юм байна. Ер нь олон хүүхэдтэй ээж, гэр бүлд байр, орон сууцны асуудал хамгийн чухал байдаг шүү дээ.

2007 оноос хэрэгжүүлсэн уг хөтөлбөр зорилтот бүлэгтээ хамгийн бодитойгоор хүрч, үр дүнгээ харуулсан гэж иргэд нь ам сайтай байдаг юм билээ. Тиймээс ч сүүлийн үед хөтөлбөрийг өргөжүүлэн орон сууцандаа засвар хийж, амьдрах нөхцөлөө сайжруулах, шаарддагатай бол боловсрол, эрүүл мэндэд нь хөрөнгө оруулах болсон байна. Нөгөө талаас уг хөтөлбөрт нэлээд хөрөнгө зарцуулж байна, зогсоох нь зүйтэй гэж зарим улстөрч шүүмжилдэг юм билээ. Гэсэн ч ОХУ-ын эмэгтэй улстөрчид тус хөтөлбөрийн ирээдүйн төлөө хатуу байр суурь баримтлахаа хэлж байсан. Ер нь улс орны хөгжил дан ганц хүчтэй эдийн засаг, хүчтэй армиас хамаардаггүй. Эрүүл, аюулгүй орчинд өсөж, торнисон хүүхэд, гэр бүлийн асуудал, өв соёлоо, үнэт зүйлээ дээдэлсэн эх оронч үзэлтэй. өрсөлдөх чадвартай иргэдтэй, иргэд нь улсынхаа баялаг болсон байхыг хэлнэ.

-Айлчлалын мөрөөр ямар ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэ?

-Монголд хийж, хэрэгжүүлж бо- лох ажлуудын талаар одоо ярилцах боломжгүй л дээ. Сонгуулийн тухай хууль зөрчинө. Тиймээс “Материнский капитал”-ыг хэрхэн хэрэгжүүлдэг, ямар хүмүүсийг хамруулдаг. хөтөлбөрийн эерэг болон сөрөг үр дагавар гэхчилэн айлчлалын үеэр ярьсан асуудлуудыг бүхий л талаар судалж байна.

-Евразийн эмэгтэйчүүдийн олон улсын форумд манай улсын оролцоо ямар түвшинд байдаг вэ?

-Энэ бол маш ач холбогдолтой форум. Бүс нутгийн эмэгтэйчүүд даян дэлхийд энхтайван, амар амгаланг тогтоох, эрүүл мэнд, боловсрол, хүүхэд гэр бүл, тэдний эрхийн төлөө олон талт, цогц арга хэмжээ авахаар төлөвлөн ажиллаж буй. Өнгөрсөн жилийн уулзалт ч өндөр ач холбогдолтой болсон. Уг уулзалт УИХ дахь эмэгтэй гишүүдийн лобби бүлгийн үйл ажиллагааг хурцалсан гэхэд болно. Тус форумын хүрээнд эмэгтэйчүүдийн дундах хавдрын өвчлөлийг хэрхэн бууруулах талаар нэлээд том хөтөлбөр санаачилж буй тухай айлчлалын үеэр ярилцаж, санал солилцсон.

-Та энэ удаагийн парламентад ямар дүн тавих вэ. Ялангуяа хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүдийн нийг- мийн асуудалд илүүгэй шийдэл гаргаж ажилласан гэж онцлох хандлага байна.

-Тийм ээ, Хүүхдийн эрх, Хүүхдийн эрхийн хамгааллын тухай хуультай болсон. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль баталж, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд эмэгтэйчүүд, хүүхдийн эрхтэй холбоотой шаарддагатай заалтуудыг оруулсан. Тухайлбал, гэр бүл салсан тохиолдолд хүүхэд тэтгэмжээ авч чадахгүй байгаа талаар олон өргөдөл, гомдол ирдэг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай шинэ хуулиар уг асуудлыг бүрэн зохицуулсан. Өмнө нь тэтгэмж авч чадахгүй хоцордог байсан бол одоо Зөрчлийн тухай хуулиар торгох, торгуулиа төлөөгүй бол эрүүгийн хэрэг үүсгэж, хорих ял эдлүүлэх хүртэл хариуцлага тооцохоор болсон. Үүнээс гадна Замын хөдөлгөөний аюулгүй байддын, Гэр бүлийн хүчирхийллийн, Эрүүл мэндийн даатгалын болон Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай зэрэг олон чухал хууль баталсан. Хууль баталснаар бага насны хүүхдүүд автомашины осолд өртөх явдал багассаныг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Энэ удаагийн парламентад ажилласан 11 эмэгтэй гишүүн бүхий л боломжоо ашиглаж, улстөржихгүйгээр, сайн ажилласан.

 

 

ШИНЭ МЭДЭЭ

Зөв жишиг 2016.10.10