https 97
Эдийн засгийн хүнд нөхцөлд дундаж давхаргаа хамгаалж, соёл урлагаа дэмжих ёстой
УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ
2016.08.29
Улстөр

Эдийн засгийн хүнд нөхцөлд дундаж давхаргаа хамгаалж, соёл урлагаа дэмжих ёстой

УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэтэй цаг үеийн талаар ярилцлаа.

-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар ээлжит бус чуулганы эхэнд хэлэлцэж байна. Гишүүд янз бүрийн санал хэлж байгаа харагдлаа. Та ямар байр суурьтай байна вэ. Хэрэгжүүлэхэд хэр боломжтой бол?

Засгийн газраас 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг боловсруулж, оруулж ирэхдээ онцгой нөхцөл байдалд эдийн засгийг хэрхэн тогтворжуулах, цаашид тогтвортой өсөлтийг яаж хангах вэ гэж хоёр хуваасан байна. Мэдээж нэгдүгээр үе шат хамгийн чухал. Гэхдээ өнөөдрийн байдлаар Монгол Улс 22.3 их наяд төгрөгийн өртэй. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ийн 81.3 хувь гэсэн үг. 1970-2014 оны хооронд гадаад өр дээрээ дампуурал зарласан 20 орчим улс орон бий. Манайхтай төстэй гэсэн үг.

Гэхдээ эдгээрийн 73 хувьд ДНБ-ий харьцаа нь 80 хувиас доош байхад эдийн засгийн хямрал тохиолдсон. Тэгэхээр манай улс 70 хувиас дээш төвшинд гадаад өр дээрээ дампуурах магадлалтай орнуудын тоонд зүй ёсоор тооцогдож байна. Засгийн газраас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 26.9 их наяд төгрөг шаардлагатай. Энэ санхүүгийн эх үүсвэрийг хаанаас, хэрхэн олох вэ гэдэг хамгийн гол асуудал. Үүнийг оюутны 70 мянган төгрөгийг хасах зэргээр нийгмийн зорилтот халамж руу шилжсэнээр бүрэн хэмжээнд шийднэ гэдэг амаргүй. Ард түмнийхээ халаасыг тэмтэрч, аж ахуйннэгжийнхээ татварыг нэмэгдүүлж энэ байдлаас гарна гэж явж байгаад гарч чадахгүй нийгмийн эмх замбараагүй байдал руу орвол улс орон маш их хүнд байдалд хүрэх цаг хугацааны өмнө зогсч байна. Их хариуцлагатай хандах ёстой.

-Тэгэхээр одоо яах ёстой вэ. Та ямар гарцыг харж байна?

Нийгэм, эдийн засгийн хямралын үед хоёр зүйлийг зайлшгүй хийх ёстой байдаг. Тодруулбал, нэгдүгээрт, бүх талаар нь дундаж дав-харгаа хамгаалах. Хэрэв дундаж давхаргаа хамгаалж чадахгүйгээр ядуурлын төв-шинд шилжвэл нийгэмд эмх замбараагүй байдал үүсдэг. Нийгэмд эмх замбараагүй байдал үүсвэл Засгийн газар хяналт тавьж чадахгүй хэмжээнд очдог.

Энэ нь улс төрийн тогтворгүй байдлыг үүсгэнэ гэсэн үг. Тэгэхээр Засгийн газар мөрийн хөтөлбөрөө тогтвортой төвшинд хэрэгжүүлж чадахгүй байх магадлалтай. Тиймээс дундаж давхарга болон түүнээс доош төвшинд байгаа хүмүүсийгтодорхой хэмжээнд дэмжсэн бодлогыг хэвээр нь хадгалах ёстой.

Эдгээр хүмүүст чиглэсэн халамжийг хаслаа гээд их хэмжээний өрийг төлж барагдуулах боломжгүй. Монгол Улсыг тэрбум төгрөгийн өртэй айл гэж энгийнээр төсөөлж бодъё. Гэхдээ сард 1-2 сая төгрөгийн орлого олдог дэлгүүр ажиллуулдаг. Ингэхдээ өрөө төлөхийн тулд хүүхдийнхээ тарагны мөнгийг хасах эсвэл том хүүхдээ сургуульд явуулахгүй гэсэн шийдвэр гаргахад ямар ч өөрчлөлт орохгүй.

Одоо ийм байдлын эрсдэл харагдаж байна. Тиймээс улс төрийн маш том хэмжээний шийдэл хэрэгтэй байна. Тухайлбал, Үндэсний аюулгүй байдлыг яаралтай хуралдуулж,тодорхой хэмжээний шийдлийг гаргаж, тэр их хэмжээний өрийг хэрхэн барагдуулах вэ гэсэн реформ шинжтэй зорилтыг дэвшүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр үе шат дээр юу хийж хэрэгжүүлэх вэ гэдэг задаргаагаа ард түмэнд хэлэх саналыг тавьсан.

Гэтэл Ерөнхий сайд үүнийг намрын чуулганаар дэвшүүлнэ гэж байна лээ. Нэгдүгээрт, төрийн өмчийн компаниудыг цэгцлэх ёстой. Хувийн хэвшилд 15 хүн ажиллуулж болохоор зүйлийг заавал 150 хүнээр хийлгэх жишээтэй. Үүнийг бодох цаг нь болсон. Төр дааж авч явж чадахгүй боллоо. Хоёрдугаарт, нийгмийн салбарын зарим хувьчлал. Үүнд сургууль, цэцэрлэгийг оруулахгүй байгаа. Эдгээр зүйлийг хэлэлцүүлэгт оруулж, ярих шаардлагатай байна. Бодит байдлаар төрд ачаалал үүсгэж байгаа бас дэмжих ёстой хэсэг.

Товчхондоо, “бай”гаа зөв олж буудах хэрэгтэй л дээ. Ингэхгүйгээр бид энэ хямрал, дарамтаас гарахгүй. Гуравдугаарт, томоохон төслийн алийг нь хэрэгжүүлэх вэ гэдгийг яаралтай шийдэх. Ер нь төрийн албаны данхар бүтэц ямар байх, жижиг дунд бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжих зэрэг томоохон асуудлыг нэм түрүүнд барьж авах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл хүлээх цаг алга. Хэрэв энэ асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа авч хэрэгжүүлнэ гэвэл аль хэдийнэ оройтчихсон байна.

-Нийгэм, эдийн засгийн хямралын үөд хоёр зүйлийг зайлшгүй хийх ёстой байдаг гэлээ. Нөгөө нэг нь юу вэ?

Үүнийг хүмүүс төдийлэн мэддэггүй бас ярьдаггүй. Өнөөдрийн ийм нөхцөлд соёл урлагаа дэмжих ёстой.

-Яагаад?

Нийгэмд хүмүүс хийх зүйлгүй болоод бухимдаж эхэлдэг. Тэр үөд хүмүүсийг соёл урлаг авардаг. Эдийн засаг хямрахаар хамгийн түрүүнд спорт, хоёр урлагийн зардлыг хасдаг. Энэ бол маш буруу. Засгийн газар иргэдтэйгээ ойрхон ажиллах ёстой. Ингэж ярихаар эвэртэй туулай харсан юм шиг хүлээж авдаг. Гэхдээ энэ бол олон улсын судалгаагаар батлагдсан зүйл.

-Улс орныг өнөөдрийн хүнд нөхцөл байдалд оруулсан буруутай хүмүүсийг олж тогтоох талаар чуулганы хуралдаан дээр гишүүд нэлээд ярьж байна лээ?

Нийгэм, эдийн засгийг ийм байдалд оруулсан буруутай эдгээдийг хайж байна. Уг нь бурууг шүүх нь зөв. Гэхдээ; энэ үед бурууг шүүх нь цаг алдсан хэрэг. Бид буруутай хүнийг олж тогтоолоо гээд яах юм. Тэртээ тэргүй ард түмэн өмнөх засгийн газрын эрх баригчид буруутай гээд манай намд 65 суудлыг нь өгчихсөн. Тиймээс одоо шүүмжлэхээс илүүтэй гарц ярих цаг.

Хэрэв бид одоо л улсаа эдийн засгийн дампуурлаас гаргаж чадахгүй бол цаашид 25-30 жилийн хугацаа шаардлагатай. Би үүнийг хэлж байгаа юм биш. Судлаачдын хэлсэн зүйл. 1992 оноос хойш өнөөдрийг хүртэл урьд өмнө хэзээ ч тохиолдож байгаагүй хүнд нөхцөл байдал дунд бид байна. Хүмүүс өнөөдрийн нөхцөл байдлыг 1992, 1996 оны хямралтай харьцуулж байна. Тухайн үед бидэнд гадаад өр байгаагүй.

Гэтэл одоо бид гадаадад улсынхаа нэр, газар нутаг, үндэснийхээ аюулгүй байдлыг барьцаалсан их хэмжээний өртэй гэдгээ сайн бодох хэрэгтэй. Тийм болохоор одоо бид улстөржиж, талцаад байх шаардлагагүй. Тиймээс УИХ дээр хамтарсан ажлын хэсэг байгуулж, Үндэсний аюулгүй байдлаар ярилцан, магадгүй парламент хаалттай хуралдаж томоохон шийдлийг гаргах хэрэгтэй. Одоогийн энэ байдлаар яваад нийгэм, эдийн засгийн хүндрэлээс гарахгүй.

-Олон улсын валютын сангаас тусламж авч, “Стэнд бай”хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар сүүлийн үед ярьж байна. Үүнийг хэр зөв сонголт гэж бодож байна вэ?

Хэрэв энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлбэл тодорхой нөхцөлтэйгөөр зээл авч, санхүүгийн сахилга батаа өөр хүмүүсээр заалгана гэсэн үг. Олон улсын валютын сан бид нарын төлөх ёстой мөнгөнөөс хэд дахин бага мөнгийг санал болгох байх. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 26.9 их наяд, төлөх зээл нь 22.3 их наяд төгрөг гэхээр үүнийг “Стэнд бай" хөтөлбөр даахгүй. Ямар ч боломжгүй. Тэгэхээр энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх үү эсвэл Засгийн газар өөр дээрээ арай эрх чөлөөтэй байдлаар явах уу гэдэгт тулаад байна.

Тиймээс улс төрийн томоохон шийдлийг гаргахгүй бол уналт ойрхон байгаа учир Үндэсний аюулгүй байдал яаралтай хуралдаж, "Стэнд бай” хөтөлбөрийг хэрэв хэрэгжүүлбэл хэдэн төгрөгийн санхүүжилт авах, ямар нөхцөл тавьж байгаа, дотоодын эх үүсвэрээс хэчнээн төгрөг босгох боломжтой, зээлийн графикийн төлөлтийг яаж харах ёстой гэсэн шийдэлд хүрэх хэрэгтэй. Мөн хоёр намын бүлгийн хамтарсан ажлын хэсгийг байгуулж, хуралдах ёстой. Нөгөө талаараа томоохон болон жижиг, дунд бизнес эрхлэгч, баялаг бүтээгчидтэй уулзаж, хамтын шийдэл гаргах хэрэгтэй. Ингэж хамтын шийдлээр явахгүйгээр олонх суудалтайдаа эрдэж, цөөнхийнхөө үгийг сонсохгүй байснаар зөрөлдөөн үүсвэл аюултай.

-Чуулганаар хэлэлцэх дараагийн асуудал нь төсвийн тодотгол. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр улсын төсвийн тодотгол хоёр хэр нийцэж байна вэ?

Тодорхой хэмжээнд бодит бус төсвийн тодотгол оруулж ирлээ гэж харж байна. Сангийн сайд салбарынхаа сайдуудад шахагдаж байгаа зүйл харагдлаа. Хэрэгжүүлэх боломжгүй зүйлийг заавал оруулж батлуулахыг сайдууд нь шаардах нөхцөл байдал үүсч байна. Энэ тохиолдолд Ерөнхий сайд болон Сангийн сайдад улс төрийн супер эрх мэдлийг өгөх хэрэгтэй. Өөр ямар ч гарц байхгүй. 76 гишүүний саналыг аваад сайд бүхний салбарын хөрөнгө оруулалтыг бүгдийг нь шийдэхээр зүтгэвэл дахиад уналт болно.

Тиймээс тодорхой хугацаанд эсвэл эдийн засгийн хямралыг давах нэгдүгээр шатны үед Ерөнхий сайд, Сангийн сайд нарт улс төрийн үнэмлэхүй эрх мэдлийг өгөх тухай тогтоол гаргах нь зүйтэй гэж бодож байна. Ийм механизмыг өмнө нь хэрэглэж байсан тохиолдол бий. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тодорхой хэмжээний ажлыг тусгахыг зорьсон нь харагдаж байна. Оюутны 70 мянга, татвар нэмэх бодлого зэрэг дундаж давхаргын амин чухал асуудалд их л болгоомжтой хандах хэрэгтэй.

Ард түмнийхээ халаасыг тэмтрэхээс илүүтэй ямар байдлаар тийм хэмжээний хэмнэлтийн горимд шилжиж болох уу гэдгийг бодох л ёстой. Нийгэмд давалгаа үүсвэл аюултай. Тодорхой хэмжээний тооцоо судалгаа дээр үндэслэж МАН мөрийн хөтөлбөрөө боловсруулж, дэвшүүлсэн. Түүнд нь ард түмэн итгэж, сонголтоо хийсэн. Тиймээс бид зүүний чиглэлийн намынхаа хувьд дундаж давхаргаа дэмжих хэрэгтэй л дээ. Хамгийн гол нь учир битүүлэг мөлийсэн, ерөнхийхөтөлбөрөөр явж цаг  алдах хэрэггүй.

ШИНЭ МЭДЭЭ