Гэр бүлийн хүчирхийллийг эсэргүүцэн "Лаа асаах аян" зохион байгуулна
Лаа асаах аян
2016.09.05
Хүний эрх

Гэр бүлийн хүчирхийллийг эсэргүүцэн "Лаа асаах аян" зохион байгуулна

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хойшлуулах шийдвэр гаргасан. Тэгвэл энэхүү шийдвэрийг эсэргүүцэн Нээлттэй Ардчилсан нам шинэчлэлийн хөдөлгөөний санаачилгаар өнгөрсөн бямба гаригт “Үндэсний цэцэрлэгг хүрээлэн”-д “Лаа асаах аян” зохион байгуулсан юм. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн З.Нарантуяа, УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл нар оролцлоо.

Энэ талаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Гэр бүлийн хүчирхийлэлтэй ганц шалдан хуулиар тэмцэж болдоггүй гэдгийг бид өнгөрсөн арван жил өчнөөн нус, нулимс, үхэл хагацлаар харлаа. Тиймээс хуульчид, өөрөөр хэлбэл шүүгч, прокурор, цагдаа, мөрдөн байцаагч, бүгд хэрэглэж болдог хуулийг бид хийсэн.

Хуульчид яагаад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцдэг ганц хуулиар хүнийг хамгаалж чаддаггүй байсан юм гэхээр хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоо нь хуульчдын хэрэглэдэг бусад хамаатай хуулиудтай холбогдох тодорхой заалтууд байдаггүй байсан.

Энэ хуулийг л цогцоор нь батлуулах хэрэгтэй. Тэгж байж хуульчид хүчирхийлэгчийн өмнө барих бамбайтай болно. Хүний амь, хүний эрүүл мэндийн асуудал намын даргыг дагадаг асуудал биш. Үүнд хүн өөрийнхөө зүрх сэтгэлээр хандах ёстой” гэсэн юм.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар гэр бүлийн хүчирхийллээс болж 95 хүн нас барсан нь бүртгэгдсэн байдаг юм байна. Иймд тус хөдөлгөөнийхөн эсэргүүцлийнхээ үеэр эдгээр хүмүүст эмгэнэлт илэрхийлэхийн сацуу энэ тоо баримтыг илэрхийлэн асаасан лаагаараа “95” гэсэн тоог дүрслэн харуулсан аж.

ШИНЭ МЭДЭЭ

Зөв жишиг 2016.10.10