Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс "Стэнд бай"-д хамрагдах хэрэгтэй
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
2016.10.25
Эдийн засаг, Худалдаа

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс "Стэнд бай"-д хамрагдах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа. 

-УИХ-ын намрын чуулганы завсарлага өндөрлөж, гишүүд ажилдаа орлоо. Та бүхний өмнө нэн тэргүүнд ирэх оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлах чухал ажил хүлээгдэж байна. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлтэй нь танилцаж амжив уу?

-Тэгэлгүй яах вэ. Төсөв батлахаас өмнө 2-3 хэлэлцүүлэг болно. Үүнээс хоёр дахь хэлэлцүүлэг их чухал. Гэхдээ би нэг зүйлд олон нийт, ялангуяа хэвлэл мэдээллийнхнийг уриалахыг хүсч байна. 

-Юу тэр билээ?

-Уг нь, Мэргэшсэн нягтлан бодогчдын институци гэж байгууллага бий. Гэтэл энэ байгууллагын хүмүүстэй уулзахад төсөв хэлэлцэх талаар ямар ч мэдээлэлгүй байна. Угтаа бол төсөв гэж яг юу юм, төсөв хэдэн хувийн зарлагатай байх ёстой, цаашлаад дотоодын нийт бүтээгдэхүүний хэдэн хувь нь эрүүл мэндийн салбарт, хэдэн хувь нь нийгмийн халамжийн зардал байх ёстой вэ гэх мэтчилэн зүйл дээр маш том хэмжээний хэлэлцүүлэг болж байж батлах ёстой.

-Тантай санал нэг байна. Гэхдээ бараг л нууцын зэрэглэлтэй хэлэлцэж байгаад л баталчихдаг юм биш үү?

-Яг тийм. Манай улс төсвөө нууцын зэрэглэлтэй шахуу хэлэлцэж байгаад л баталдаг. Харин батлагдсаны дараа бөөн шүүмжлэл гардаг. 

-Өршөөгөөрэй, та чухал яг юуг уриалахыг хүссэн юм бэ?

-Одоогийн төсөв дээр ирэх жил аль, аль хүнийг оруулах, ямар реформ хийх нь тодорхой харагдаж байх ёстой. Реформ гэж яриад л байдаг. Энэ чинь жинхэнэ утгаараа төсөв хэлбэр дээрээ тавигдахгүй бол ямар юмных нь реформ байх вэ дээ, тийм биз дээ. Тиймээс энэ бүх зүйл дээр маш анхаарах хэрэгтэй.

Ялангуяа МУИС-ийн Эдийн засгийн сургууль, Санхүү нягтлан бодох бүртгэлийн сургууль, Мэргэшсэн нягтлан бодогчдын институци зэрэг байгууллагад төсвийн талаар хэвлэл мэдээллийнхэн илүү мэдээллийг өгөх шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл, төсөв гэдэг зүйлийг л илүү сайн мэдэж, анхаарахгүй бол жинхэнэ уйтгартай ажил гэж бодоод байх шиг байна.

Гэтэл энэ чинь та, бидний бүтэн нэг жилийн хувь заяа шүү дээ. Хямралаас гарах хариулт гэж ч ойлгож болно. Тиймээс энэ асуудалд олон нийтийн хэлэлцүүлэг, тэр дундаа мэргэжлийн байгууллагынхны дуу хоолой өндөр байгаасай гэж хүсч байна. 

-Гэхдээ тийм боломжийг өнөөгийн Засгийн газар, УИХ олгох болов уу даа?

-Монгол Улс орлого олох гуравхан цикльтэй. Энэ бол Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч юм. Энэ гурав дээр маш их хэмжээний хэлэлцүүлэг болох ёстой. Ингэж байж бид цааш явна. Харин бусад нь бол зарлага. Нэг үгээр хэлбэл, бусад Засгийн газрын гишүүн болон гишүүд бүгд зарлагын данс шүү дээ. 

-Яагаад тэр вэ. Яг ямар утгаараа зарлага гэж вэ?

-Учир нь, тэд өөр өөрсдийнхөө салбарт хөрөнгө оруулалт хийхийг хүснэ. Тэгэхээр энэ тэнцэл ямар байх нь их чухал юм. Өөрөөр хэлбэл, манайд энэ зүйл олон жилийн хугацаанд гацчихсан. Тиймээс төсвийн орлого тал нь хамгийн лебирал. Нөгөө талаасаа манайх “Оюу толгой”-гоосоо татвар авч чаддаггүй.

Иргэдээсээ ч татвар авч чадахгүй байна. Дээр нь төрийн үйлчилгээний газрууд нь ашиггүй шахуу ажилладаг. Тэгсэн мөртлөө зарлагадаа хамаг анхаарлаа хандуулдаг. Хамгийн их халамжийг ярьдаг. Үүний нэг айлаар харахын бол хамгийн үрэлгэн ээжтэй, аав нь мөнгө олдоггүй л дүр зураг харагдаж байна даа. 

-Таны хэлэх гэсэн санааг ойлголоо. Ингэхэд олон нийтийн дунд Засгийн газар хямралаас гарах төлөвлөгөөгөө УИХ-д оруулж ирэхгүй байна гэх шүүмжлэл байна. Эдийн засаг хүнд, ирэх оноос олон улсад өрөө төлж эхэлнэ. Ийм эгзэгтэй үед Засгийн газар хямралаас гарах төлөвлөгөөгөө нэн яаралтай оруулж ирэх нь зөв биш гэж үү?

-Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 100 хоног хэдийн өнгөрчихлөө. Өнгөрсөн хугацаанд бид Монгол Улсын эдийн засаг, нөхцөл байдал ямар байгааг олон нийтэд нээлттэй болгосон.

Улсын төсвөөсөө давчихсан хэмжээний мөнгийг Монголбанк хэвлэчихсэн байна гэх мэт олон асуудал босож ирсэн шүү дээ. Нөгөө талаасаа Засгийн газар 100 хоногийнхоо босгон дээр бүхнийг ил тод болгосон нь сайн хэрэг. Олон улсынхаа түвшинд ч тэр сайн зүйл болсон гэж харж байна. Гэсэн ч би ганц л шүүмжлэлийг хэлдэг. 

-Юу тэр билээ?

-Хэтэрхий удаан байна. Жишээлбэл, онцгой байдлын төлөвлөгөө гаргасан гэж сонссон ч өнөөдрийг хүртэл УИХ-д оруулж ирээгүй байна. Хоорондоо хэлэлцэж байгаа л гэсэн. Гэхдээ 100 хоночихлоо. 

Тиймээс илүү хурдан, шуурхай байх хэрэгтэй. Илүү хүчтэй, зангаргатай байх шаардлагатай. Ийм л Засгийн газрыг шаардаж байна. Тэр ч битгий хэл, анхдугаар чуулган дээр намын дарга, Ерөнхий сайд хоёр үргэлж нэг хүн байх ёстой гэж ярьсан. Нөгөөтэйгүүр тэдний эрх мэдэл нь салангад байх учиртай гэдэг дэлхийн жишиг, зарчим зөрсөн нь ажиглагдаж байна. 

-Өнгөрсөн 100 хоногийн хугацаанд МАН ямар ч ажил хийсэнгүй, зөвхөн томилгоотойгоо зууралдлаа гэх шүүмжлэл иргэдийн дунд байна. Үнэхээр ч тийм, хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Харин саяхан УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ урт хугацааны хөгжлийн зээл авахаар ярилцсан тухайгаа дуулгасан. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ асуудлыг албан ёсоор бүлэг дээр танилцуулаагүй. Өөрөөр хэлбэл, ажил болж УИХ-д орж ирээгүй гэсэн үг. Зүгээр л хэвлэлийн мэдээ төдийхэн байна. Тиймээс үүнд би барьцгүй мэдээлэл өгөх боломжгүй юм. 

-Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар АНУ-д айлчилж олон улсын “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэх асуудлыг хөндсөн. Та хувь гишүүнийхээ талаас байр сууриа илэрхийлж болно биз дээ?

-Болно. Би шууд хэлье. Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй гэж бодож байна. 

-Яагаад зөв гэж. Тодорхой тайлбарлахгүй юу?

-Та бүхэн энэхүү хөтөлбөрийг маш сайн судлах хэрэгтэй. Тэгэхгүй бол яг “Стэнд бай” хөтөлбөр гэж юу вэ гэхээр хариулах хүн олдохгүй байна шүү дээ. Зүгээр л “болохгүй хөтөлбөр” гээд бодчихсон. Гэтэл үүнийг нарийн задлаад үзэхээр огт өөр л дөө.

-Юу нь өөр гэж вэ?

-Энэ бол олон улсын байгууллага. Нөгөө талаараа энэхүү үрэлгэн бүтцийг тодорхой хэмжээний шалгуур тавиад төсөв илүү сайжрах, нөгөө 9.9 хувийн зөрүү, алдагдалтай байгаа төсвийг магадгүй таван хувьд оруулах боломжийг нээдэг. Тэр нь 1-2 жилийн хугацаанд хэрэгжээд төсөв нь эрүүлждэг.

Үүний үр дүнд олон улсын байгууллагуудаас хөрөнгө оруулалтын нөхцөлүүд тавигддаг. Учир нь, төсөв нь эрүүл болохын бол тэдний талаас ийм салбарт чинь тэдэн төгрөг өгнө гэдэг. Энэ бол нэг улсын Засгийн газар биш гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Олон улсын Засгийн газар юм.

Тэгэхээр манайх үнэхээр хүнд байдалд орлоо гэж үзэхийн бол олон улсын байгууллагатай ил тод хэлэлцээр хийх нь зөв. Нөгөөтээгүүр Монгол Улсын үндэсний аюулгүй байдал талаасаа илүү чухал юм л даа. Миний хувьд ингэж л бодож, харж байна даа.

ШИНЭ МЭДЭЭ