МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Бат-Эрдэнэ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлнэ
2018.08.09
Зам, Тээвэр

Ж.Бат-Эрдэнэ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлнэ

Төрийн ордонд Засгийн газрын ээлжит хуралдаан болж байгаа билээ. Тэгвэл хурлын дундуур  Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ зарим асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх шийдвэр гаргалаа. 

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил 2015 онд зогссон. Энэ төсөлд  нийтдээ 279 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Улмаар хөрөнгөгүйн улмаас ажил нь зогссон.  Засгийн газраас авсан бодлогын хүрээнд төмөр зам барих ажлыг эрчимжүүлэхээр боллоо.

Тавантолгойн төмөр зам барих хөрөнгө оруулалтыг, Монголын талын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монголын 51 хувийн хөрөнгө оруулалттай “Тавантолгойн төмөр зам” гэсэн төмөр замын компани байгуулахаар шийдвэрлэлээ. Ингэснээр Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төслийн хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.

Хөрөнгө оруулалтыг “Эрдэнэс Тавантолгой” компаниас оруулахаар тогтоолуудад тусгасан. Эхний ээлжид шинэ компанид нийтдээ 17-34 хувийн хөрөнгө оруулалт оруулна. Дараагаар нь гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх нь зайлшгүй. 49 хувьд гадны хөрөнгө оруулалт оруулах бололцоогоор хангана. Үндсэндээ Монголын хувь нь 51 байхаар төмөр замын компанийг байгуулах шийдвэр гаргалаа” гэв.

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Төслийг үргэлжлүүлэхэд зориулж хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийх вэ?

-“Монголын төмөр зам”-ын оруулсан хөрөнгө оруулалт нийтдээ 279 сая ам.доллар байгаа. Бид нийтдээ 100-200 гаруй сая ам.долларыг эхний ээлжинд оруулна гэж урьдчилсан тооцож байна. Нүүрсээ урт хугацаанд худалдаалах гэрээ хийх хүрээнд хөрөнгө оруулалтыг оруулахаар төсөөлж байгаа.

-IPO гаргаж хөрөнгө оруулалт босгоно гэж байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Үндсэндээ “Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын зах зээлд IPO босгох үйл ажиллагаа явж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компани Монголын Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын компанид хувь нийлүүлж оруулснаар цааш цаашдынх нь IPO хийхэд хөрөнгө оруулалтынх нь үнэлгээ нэмэгдэх бололцоо хангагдана.

ШИНЭ МЭДЭЭ