МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын дарга Г.Занданшатар Булган аймагт ажиллалаа
2020.10.05
Орон нутгийн хөгжил

УИХ-ын дарга Г.Занданшатар Булган аймагт ажиллалаа

УИХ-ын дарга Г.Занданшатар Булган аймагт ажиллан Булган, Хутаг-Өндөр сумын иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийж, аймгийн төвийн дулааны станцын үйл ажиллагаатай танилцлаа.

УИХ-ын даргатай хамт УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Эрчим хүчний сайд Г.Тавинбэх, Зам тээврийн Яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нарын албаны хүмүүс тус аймагт ажилласан юм.

УИХ-ын дарга Булган сумын иргэдтэй хийсэн уулзалт дээр төрийн бодлого, УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, шинээр батлагдан гарсан хууль, тогтоомжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Монгол Улсаа хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа. Эдгээр баримт бичгийн үндсэн зорилт бол нийгэм эдийн засгийн сэргэн мандалын шинэ зам гаргах, ард түмний амьдралын нөхцөл, орлогыг дэлхийн тэргүүлэх жишигт хүргэнэ. Үүний тулд шинэчлэлт өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзсэн. Ийм эрс шинэ шинэчлэлт өөрчлөлт хийж, иргэнээ дээдэлсэн төр, хөгжлийг тэтгэсэн эдийн засаг, хууль цогцолсон нийгэм тохинуулах үйл хэрэгт Засгийн газар, шинэ парламентийн гишүүд ханцуй шамлан орж ажиллаж байна. Ард түмнээ төлөөлөх, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай байхын үлгэр жишээг харуулах эрмэлзлээр манай гишүүд дүүрэн байгаа.

УИХ намрын чуулганаар 122 хууль батлахаар төлөвлөж байна. Шүүхийн тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай зэрэг хуулийг хэлэлцэн батлахаар төлөвлөж байгааг УИХ-ын дарга онцоллоо.

УИХ-ын даргын иргэдтэй хийсэн уулзалт дээр Булган сумын иргэн А.Ганболд, Ч.Жамбалдорж, Б.Ууганбаяр, О.Мэдэхгүй нарын хүмүүс архидалттай тэмцэх, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг дэмжих, малчдад татвар ногдуулах, бэлчээрийн төлөв байдлыг сайжруулах, бэлчээр ашигласны төлбөр авах, тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын үйлчилгээг сайжруулах, өрхийн эмнэлгийн үйл ажиллагаа, эрх зүйн орчныг шинэчлэх талаар санал гаргалаа.

ШИНЭ МЭДЭЭ