Б.Бат-Эрдэнэ: Үнийн хөөрөгдөл үүсгэсэн тохиолдолд 20 сая төгрөгөөр торгоно
2020.11.11
Эдийн засаг, Худалдаа

Б.Бат-Эрдэнэ: Үнийн хөөрөгдөл үүсгэсэн тохиолдолд 20 сая төгрөгөөр торгоно

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШӨХТГ-аас зах,  худалдааны төв, сүлжээ дэлгүүр, эмийн сан, эм эмнэлгийн хэрэгсэл болон ариутгалын бодис ханган нийлүүлэгч байгууллагад албан ёсны шаардлага хүргүүлсэн талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр мэдэгдэл хийлээ.

 Тэрбээр, “УОК өчигдөр шөнө хуралдаж, бид өглөөний 6 цагаас хойш арга хэмжээ авч ажиллаж байна. Эхний ээлжинд бүх холбогдох байгууллагын удирдлагад шаардлагатай мэдээллийг утсаар мэдээлсэн. Тодруулбал, 15 зах, худалдааны төв, 15 эмийн сан, 356 эм ханган нийлүүлэх байгууллага, нийслэлийн бүх сүлжээ дэлгүүрт улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлээд байна. Мөн 20 гаруй улсын байцаагч хуваагдан зах худалдааны төв, эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагад хяналт тавьж байна. 

Манай байгууллагын 115 тоот дугаарт ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу “Хүчит шонхор” захад улсын хяналтын 4 байцаагч махны үнийн хөөрөгдөл, нэмэгдлийг тодорхойлж  байна. Өмнө нь анхааруулж өнгөрдөг байсан бол энэ удаад шууд 20 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авна. 

Одоогоор ШӨХТГ-ын 115 тоот дугаарт 9 цагаас хойш 100 гаруй гомдол мэдээлэл ирсэн. Энэ бүх гомдол мэдээллийг шалгаж, торгууль ногдуулна. Хорин саяын торгуулиас гадна хэрвээ давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан тохиолдолд учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулна. Мөн хуулийн этгээдийг өмнөх жилийн борлуулалтын орлогоос дөрвөн хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Иргэд 115 тоот дугаарт баталгаатай мэдээлэл өгөх хэрэгтэй. Мөн манай байгууллагын нүүр хуудас руу зөрчил гаргасан хувь хүн, байгууллагын зургийг авч, явуулж бататгана уу. Иргэд хүнсний бүтээгдэхүүн нөөцлөхгүй байхыг уриалж байна” гэлээ.

 


Энэ үеэр мөн холбогдох аж ахуй нэгжид хүргүүлсэн албан шаардлагыг уншиж танилцуулав. Үүнд “ШӨХТГ-аас Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 78 дугаар тогтоолын дагуу хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалт, нөөц, үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тутам хяналт тавьж нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомстол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдахаас сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Иймд цар тахлын үед дараах арга хэмжээг авч ажиллахыг шаардаж байна.

 

Бараа бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдлыг хэвийн хангах, бараа бүтээгдэхүүний үнийн түвшинг тогтвортой байлгах, бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, бараа бүтээгдэхүүний зохиомол хязгаарлалт, хомстол үүсгэхгүй байх, мөн бараа бүтээгдэхүүнийг дамлан худалдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг хүнд хэвийн хэмжээнээс илүү буюу бөөнөөр худалдахгүй байх зэрэг шаардлага тавьж байна.

 

ЗТХ-ын 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байна. Мөн хуулийн 9 дэх хэсэгт давамгай байдлаа хууль  бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тус тус заасан байна.

 

Улсын байцаагчийн тавьсан дээрх шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд ЗТХ-д заасны дагуу шийтгэл ногдуулах арга хэмжээ авахыг мэдэгдье гэжээ.

ШИНЭ МЭДЭЭ