https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ядуурал, ажилгүйдлийг бууруулах Хоршооны тухай хууль батлагдлаа
2021.04.29
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ядуурал, ажилгүйдлийг бууруулах Хоршооны тухай хууль батлагдлаа

Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2021.04.29/ хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж хуулийг бүхэлд нь баталлаа.

Шинэчилсэн найруулгын төслийг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нарын 5 гишүүн санаачлан боловсруулж, УИХ-д өргөн барьсан юм.

Монгол Улсад Хоршооллын хөдөлгөөн үүсээд 100 орчим жил болсон байна. Түүнээс сүүлийн 30 жилд хуулиар зохицуулж ирсэн. Өмнөх нийгмийн тогтолцооны үед буюу 1989 онд хоршооллын тухай анхны хууль батлагдсан бол нийгмийн шинэ харилцаанд шилжээд 1995 онд Хоршооны тухай бие даасан хуулийг баталсан бөгөөд үүнээс хойш 1998 онд шинэчлэн найруулж, 2002, 2004, 2005, 2011 онд тус тус 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.


ХОРШОО нь өрхийн жижиг бичил бизнесээр хязгаарлагдахгүй, бүс нутаг, тухайн сум, баг, аймаг, дүүргээрээ нэгдэж, хөдөлмөрөөрөө хоршин, хүртэх орлого, ашгаа нэмэгдүүлэх боломж бөгөөд хүн амын ядуурал, ажилгүйдэл, ялангуяа хөдөө орон нутгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулах боломжтой салбар юм.

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр улсын хэмжээнд 4377 хоршоо /нийт аж ахуйн нэгжийн 2.8 хувь/ бүртгэлтэй байгаагаас 3693 хоршоо нь аймгуудад 684 нь Улаанбаатар хотод байна.

2018 онд 21 аймагт хийсэн хоршоодын хөгжлийн үнэлгээнд орон нутгийн нийт 3020 хоршоо хамрагдсаны,

  • тогтвортой өсөлттэй 239,
  • үйл ажиллагаа нь тогтворжиж буй 580,
  • идэвхжиж буй 877,
  • идэвхгүй буюу үйл ажиллагаа нь зогсонги 1324 хоршоо байна.

Мөн хоршооны удирдлагын менежмент муу гишүүдийнхээ өмнө хүлээх хариуцлага тодорхойгүй, банкнаас зээл авах барьцаа хөрөнгөгүй байх, хоршооны гишүүдийн ажлын үнэлэмж, урамшуулал тогтворжоогүй, бизнесийн төлөвлөлт байхгүйгээс хоршоо бусад бизнесийн хэлбэртэй харьцуулахад өрсөлдөх чадавх сул, гишүүдийн амьдралд бодит өсөлт, дэвшил гарч хуримтлал үүсэх, шинэ технологи, ноу хау нэвтрүүлэх зэргээр бие даан хөгжиж чадахгүй байна.

Угтаа ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад нөлөөлөх нэг хөшүүрэг нь хоршоог хөгжүүлэх явдал мөн боловч хоршоо нь жинхэнэ утгаараа хөгжсөн цагт ажилгүйдэл, ядуурал буурч иргэдийн орлого нэмэгдэнэ. Тиймээс хоршоог хөгжүүлэхэд эрх зүйн зөв зохицуулалт нэн шаардлагатай байгаа учраас Хоршооны тухай хуулийг шинэчлэн боловсруулж, өнөөдөр ийнхүү баталж байна. 

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтын ядуурлыг бууруулах, ажилгүйдлийг арилгах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд нийцүүлсэн хуулийн төсөл гэдгээрээ ч олон нийтийн дунд хүлээлт үүсгэж буй. Гишүүд сайн дураараа нэгдэж үйлдвэрлэл явуулах, түүхий эд боловсруулах, бүтээгдэхүүнээр үйлчлэх, борлуулах зэрэг үйл ажиллагааг илүү өгөөжтэй зохион байгуулах нэг хэлбэр нь хоршоо юм.

ХIX зуунд хоршооллын хөдөлгөөн Европоос эхэлж, өдгөө дэлхийн 94 орны нэг тэрбум гаруй хүнийг хоршоололд хамруулаад байна. Тэд үндэсний нийт бүтээгдэхүүний 3-10 хувийг үйлдвэрлэдэг. Монголд хоршооллын байгууллагууд 60 мянга орчим ажлын байрыг бий болгосон гэж үздэг аж.

Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгад,

Нэгдүгээр бүлэгт

хуулийн нэр томъёоны хэсгийг шинээр нэмж, энэ хуульд хэрэглэгдсэн нэр томъёонуудыг нэг мөр ойлгож хэрэглэх боломжтой болгоно. Мөн хоршоонд гишүүнээр элсүүлэхтэй холбоотой зарим шаардлагыг, хоршооны үйл ажиллагааны чиглэл, үйл ажиллагаанд тавих тусгай шаардлага, баримтлах зарчим тухайлбал шинээр хоршоонд элссэн иргэн сургалтад заавал хамрагдаж, хоршооны удирдлагын талаар мэдлэг олж, дадлагажсан байх шаардлага тавьснаас гадна хоршоо өөрийн үйлчилгээг авдаг дэмжигч гишүүнтэй байж болохоор өөрчлөлт оруулж, жинхэнэ гишүүн, дэмжигч гишүүний ялгааг тодорхой тусгасан.

Хоёрдугаар бүлэгт

хоршооны хэлбэр, төрөл, гишүүдийн тооны хязгаар,, хоршоо аж ахуй эрхлэх нэгжийн хувьд гишүүдийнхээ өмнө хүлээх үүрэг, эдлэх эрх, хориглох зүйлийг шинээр оруулж хуульчилна. Хоршоо байгуулахтай холбоотой
процедурын зохицуулалтуудыг одоо мөрдөж байгаа хуулиас илүү тодорхой болгоно. Мөн хоршоо нь гишүүдийн оролцоо, хамтын удирдлагын байгууллагын хувьд ардчилсан зарчимд суурилж үйл ажиллагаагаа явуулах олон улсын жишиг, зарчмыг хадгалж, түүнийг удирдахтай холбоотой гол гол асуудлыг бүх гишүүдийн хурал, хоршооны дүрмийн хүрээнд зохицуулж байхаар заасан.

Хоршооны өөрийн хөрөнгө, хоршоологчдын өмчийн ялгааг тодорхойлж, гишүүдийнхээ орлого, нийгмийн хэрэгцээг хангаж байх зорилго бүхий аж ахуйн хэлбэрийн хувьд цэвэр үлдэгдэл орлогоосоо гишүүддээ болон нөөцийн сандаа хуваарилахтай холбоотой зохицуулалтыг хийх юм. Ингэхдээ хоршооны гишүүний эрхийг баталгаажуулах үүднээс гишүүний хувь нийлүүлсэн хөрөнгөд ногдох орлого, цэвэр үлдэгдэл орлогыг заавал хуваарилж байх, нөгөө талаас хоршоог хөгжүүлэх, учирч болзошгүй эрсдлээс хамгаалах нөөцийн сан байгуулах хувь хэмжээг хуулиар тогтооно.

Гуравдугаар бүлэгт

хоршооны гүйцэтгэх удирдлагатай холбоотой зохицуулалтыг тусгах ба гүйцэтгэх удирдлага нь заавал хоршооны гишүүн байх шаардлагагүй, мэргэжлийн, тодорхой шалгуурыг хангасан байх шаардлагыг шинээр тусгасан.

Дөрөвдүгээр бүлэгт

хоршооны талаархи төрийн /УИХ, ЗГ, яам, нэгж/ болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хоршооны мэргэжлийн холбоод болон хоршооллын нэгдсэн холбооны хоршооны талаарх гүйцэтгэх чиг үүрэг, бүрэн эрхийг тодорхойлох юм.

Тавдугаар бүлэгт

хоршоог өөрчлөн байгуулах, татан буулгах, өр төлбөрийг барагдуулах, үлдэх эд хөрөнгийг хуваарилахтай холбоотой харилцааг зохицуулах болно.

Зургаадугаар бүлэгт

хоршооны үйл ажиллагаанд тавих хяналтаас гадна хоршооны удирдлага, эрх бүхий этгээдийн хүлээх хариуцлагыг тодорхой болгох зохицуулалтыг бий болголоо.

Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдах хүртлээ хоёр парламент дамнан хэлэлцэгдсэн юм. Хуулийн төслийг нэгдсэн чуулган болон байнгын хорооны хуралдаанд бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 2020 оны 10 дугаар сард Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан бөгөөд ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Чинзориг ахалж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Н.Ганибал, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл нарын бүрэлдэхүүнтэй ажилласан юм. Ажлын хэсэг хуулийн төслийг чамбай боловсруулж, шуурхай батлуулж чадлаа. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

 

Үе үеийн Засгийн газар, гишүүд мөрийн хөтөлбөртөө ажлын байр бий болгоно, эдийн засгийн хүрээг дээшлүүлнэ, ард иргэдээ орлоготой болгоно гэдэг заалтыг оруулж ирсэн. Ард иргэдийг ажилтай, орлоготой болгох эх үүсвэр нь өөрөө хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл.

УИХ-ын гишүүн Ц. Мөнх-Оргил

Дэлхий даяар бараг тэрбум гаруй хүн хоршооны гишүүн болоод үйл ажиллагаанд оролцож байгаа. Манайд яагаад компани эсвэл нөхөрлөлийн хэмжээтэй адилхан хөгжиж чадахгүй байна вэ гэдэг дээр хууль баталж байхдаа тал талаас нь харах хэрэгтэй.

Хуулийн төсөл батлагдсанаар, 

  1. Хоршоо хөгжих эрх зүйн орчин сайжирч, татвар, аудитын зөрчил арилна.
  2. Хоршоод аль нэг мэргэжлийн холбоонд гишүүнчлэлтэй болж, удирдлага, зохион байгуулалтын хувьд стандартчилагдаж, институцийн хувьд бэхжинэ.
  3. Хоршооллын нэгдсэн холбоо хоршооллын салбарын мэдээлэл, судалгааг нэгтгэн хөтөлж, дүн шинжилгээ хийдэг болох ба эдгээр судалгаа, дүгнэлтэд тулгуурлаж, хөгжлийн бодлогыг дэс дараалалтай авдаг арга механизмд шилжинэ. Ингэхдээ төрийн гүйцэтгэх үүргүүдийн тодорхой хэсгийг нэгдсэн холбоо хэрэгжүүлэх эрх зүйн үндэс нээгдэнэ.
Ингэснээр хүний эрхийн суурь зарчмуудад нийцэж, байгаль орчинд ямар нэгэн шууд болон шууд бус сөрөг нөлөө үзүүлэхгүй, нийгэмд эерэг байдал үзүүлэн байгаль орчинд халгүй өндөр болон дэвшилтэт технологи, инновац нэвтэрч, нэмүү өртөг бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөж, импортыг орлох, экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжих юм.

Хоршооны тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Аудитын тухай хууль, Даатгалын тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулан баталлаа.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтын ядуурлыг бууруулах, ажилгүйдлийг арилгах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд нийцүүлсэн хуулийн төсөл гэдгээрээ ч олон нийтийн дунд хүлээлт үүсгэж буй. Гишүүд сайн дураараа нэгдэж үйлдвэрлэл явуулах, түүхий эд боловсруулах, бүтээгдэхүүнээр үйлчлэх, борлуулах зэрэг үйл ажиллагааг илүү өгөөжтэй зохион байгуулах нэг хэлбэр нь хоршоо юм.
ХIX зуунд хоршооллын хөдөлгөөн Европоос эхэлж, өдгөө дэлхийн 94 орны нэг тэрбум гаруй хүнийг хоршоололд хамруулаад байна. Тэд үндэсний нийт бүтээгдэхүүний 3-10 хувийг үйлдвэрлэдэг. Монголд хоршооллын байгууллагууд 60 мянга орчим ажлын байрыг бий болгосон гэж үздэг аж. 

ШИНЭ МЭДЭЭ