МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнг сонслоо
2021.05.21
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнг сонслоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.05.21\ нэгдсэн хуралдаанаар Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнг сонсов. 

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнг Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа танилцуулав.

ЭЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. 

Энэ удаагийн тооллогыг бүртгэл буюу төрд суурилсан мэдээллийн сан болон санамсаргүй, түүврийн аргаар мэдүүлгийг авах гэсэн хосолмол аргаар зохион байгуулснаараа онцлогтой болохыг танилцуулгын эхэнд дурдсан. Үүний үр дүнд мэдээлэл боловсруулах хурд нэмэгдэж, зардал хэмнэсэн ач холбогдолтой юм байна. Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын бэлтгэл болгож, 2019 онд байшин, орон сууцны тооллогыг зохион байгуулсан байна.

 Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнгээр нийт хүн ам 3.296.866, үүнээс Монгол Улсын нутаг дэвсгэр дээр амьдарч буй 3.197.020, зургаагаас дээш сарын хугацаатайгаар гадаад улс оронд амьдарсан Монгол Улсын иргэдийн тоо 122.301 байгаа юм байна. Хүн амын жилийн дундаж өсөлт 2010-2020 оны тооллогын жилд 2.2 хувийн өсөлттэй байгаа дүн мэдээг танилцууллаа. Манай улсын хэмжээнд хүн амын өсөлтийн оргил үе нь 1979-1989 онд 2.9 хувь, хамгийн бага нь 1935-1944 онд 0.3 хувь байжээ. Үндэсний статистикийн хорооноос 2015 онд гаргасан хүн амын хэтийн тооцоогоор 2031 онд Монгол Улсын хүн ам 4 сая хүрэх магадлалтай.

Нийт хүн амыг нас, хүйсийн бүтцээр ангилвал 56.6 хувь нь 18-59 насных, хүн ам зүйн ачаалал буюу хөдөлмөрийн насны хүнд ноогдох 18-аас доош насны болон 60-аас дээш насны хүн амын хувь бол 55.3 хувь байгаа аж. Хүн ам зүйн ачаалал 2010 онд хамгийн бага байсныг энэ үеэр Б.Батдаваа дарга дурдлаа. Хүн амын дундаж нас 27.9 байгаа бол суурьшилтаар нь ангилвал нийт хүн амын 68 хувь нь хот, сууринд, 32 хувь нь хөдөө, түүнчлэн нийслэлд 1.466.125 хүн аж төрдөг байна.

    Гадаад улсад аж төрж буй иргэдийн 34.2 хувь нь суралцах зорилготой байгаа бол 20.6 хувь нь ажиллах, 12.6 хувь нь гэр бүлийн шалтгаанаар, 11.7 хувь нь суурьших, 10.4 хувь нь хөдөлмөрийн гэрээгээр, 1 хувь нь албан томилолтоор амьдарч байгаа. Харин 9.5 хувь нь бусад шалтгаанаар гадаад улсад амьдарч байгаа гэх дүн мэдээлэл гарчээ.

Нийт өрхийн тоо 897.427 байгаа бол үүний 60.9 хувь нь байшин орон сууцанд, үүн дотроо орон сууцанд амьдардаг нь 29.4 хувь юм байна. 342.409 буюу нийт өрхийн 38.2 хувь нь гэрт, 8.039 өрх буюу 0.9 хувь нь бусад төрлийн сууцанд амьдардаг гэх дүн мэдээ гарчээ. Улсын хэмжээнд нийт өрхийн 8.4 хувь нь буюу 74.8 мянган өрх өөрийн гэсэн сууцгүй, эдгээрийн 80 орчим хувь нь хотод амьдардаг байна. 

ШИНЭ МЭДЭЭ