МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Байнгын хорооны тогтоолын төслийг гишүүдийн олонх нь дэмжсэнгүй
2021.07.01
Гадаад харилцаа

Байнгын хорооны тогтоолын төслийг гишүүдийн олонх нь дэмжсэнгүй

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.07.01) хуралдаан 9 цаг 07 минутад цахимаар эхэлж, хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Ш.Адьшаа, Ш.Раднаасэд нарын гишүүдээс боловсруулсан “Зарим хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаарх танилцуулгыг төсөл санаачлагчдыг төлөөлж гишүүн Н.Наранбаатар хийсэн юм.

Тогтоолын төсөлд Ховд-Улиастай /Байтаг/ боомтын үйл ажиллагааг байнгын ажиллагаатай болгох, экспортын гарцыг нэмэгдүүлэх, Улиастай /Байтаг/ боомтоос Булган сумын чиглэлд 120 км хатуу хучилттай авто замыг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулах асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх; Ховд-Булган /Ярантай/ боомтын үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, эрдсийн тусгай гарц нээх, зорчигч тээвэр гарах, орох замыг тусад нь байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг яаралтай хэрэгжүүлэх; Өмнөговь-Ханбогд /Гашуунсухайт/ боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх 20 км хатуу хучилттай авто замыг барьж байгуулах, боомтод 9 дэх шинэ гарцыг бий болгож, уг гарцаар зөвхөн үндэсний аж ахуйн нэгжийн ачаа барааг тээвэрлэх зохицуулалт хийх, энэ ажилд шаардагдах санхүүжилтийг тухайн орон нутгийн аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгүүлэх боломжтой эсэхийг судалж үзэх; Говь-Алтай-Нарансэвстэй Мазуншань боомтын үйл ажиллагааг дахин сэргээж нээх, уг боомтыг Ази-Европыг холбосон эдийн засгийн коридор болгох асуудлыг судалж шийдвэрлэх зэргийг Засгийн газарт чиглэл болгохоор тусгажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүн Б.Энх-Амгалан төсөл санаачлагчдаас асуулт асууж тодруулан гишүүн Н.Энхболд, Б.Энх-Амгалан нар үг хэлж төслийг сайн нягталж, холбогдох байгууллагуудын саналыг авч тооцоо судалгаатай оруулж ирэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.

Ингээд санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тогтоолын төслийг дэмжсэнгүй.

ШИНЭ МЭДЭЭ