МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав
2024.03.15
Улстөр

"Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.03.15/ нэгдсэн хуралдаан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Энэ талаарх Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай асуудлыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурал тогтоох тул Сонгуулийн ерөнхий хорооноос 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн санал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг онцолсон.

Мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурал орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно.”, мөн зүйлийн 9.2 дахь хэсэгт “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн 10 дугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байна.” гэж заасны дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн товлон зарлахаар, санал авах өдрийг 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байхаар Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсныг дурдаад уг тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Д.Ганбат, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд сонгуулийн санал авах өдрийг долоо хоногийн дундуурх ажлын өдрүүдэд товлон явуулах шаардлагатайг дурдаад, цаашлаад Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдсан эсэхийг лавлав.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй адилтгасан үзэл баримтлал, агуулгыг тусгасан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлсэн. Ингээд санал хураагаад, алх цохиход бэлэн болсон байсан. Энэ хуулийн төсөлд сонгууль болохоос зургаан сарын өмнө өөрчлөлт оруулж болохгүй гэсэн зохицуулалтыг тусгасан байсан. Гэвч өргөн мэдүүлээд хэлэлцсэн төслийг батлах үеэр гишүүдийн ирц хүрээгүй. Би цөөн хэдэн гишүүд хүргээгүй гэж боддог. Ингээд хуулийн төслөө баталж чадаагүй. Тиймээс 10 дугаар сарын 11-ний өдөр болох энэ сонгууль одоо мөрдөгдөж буй хуулиар зохицуулагдана. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 82.1-т “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заасан тул энэ хүрээнд асуудлыг Байнгын хороогоор хэлэлцээд, Улсын Их Хуралд оруулж байна” хэмээн хариулав.

Мөн тэрбээр “Өмнөх сонгуулийн санал авах өдрүүдийг судлан үзэхэд баасан гарагт болж байсан юм билээ. Ер нь баасан гарагт залуучууд санал өгөхгүй гэх зэргээр уриалж буй аятай зүйл ярилгүй, харин төрийн сонгуульд хөгшин, залуугүй идэвхтэй оролцох нь зүйтэй гэж яримаар байна” гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Ингээд Байнгын хорооны саналаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 53.7 хувь нь дэмжив.

ШИНЭ МЭДЭЭ