https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэв
2021.07.02
Эдийн засаг, Худалдаа

Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэв

  Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.07.02) хуралдаанаараа хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан.

 Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал, Тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг Төрийн аудитын тухай хуульд заасан Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцууллаа.

    Хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Барилга, хот байгуулалтын яамны удирдлага, холбогдох албан тушаалтны бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн гишүүд оролцлоо.

   Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ аудитын дүгнэлт, зөвлөмжийн мөрөөр арга хэмжээ авдаг эсэхийг, Б.Чойжилсүрэн гишүүн он дамнасан төлөвлөлттэй, ажлууд нь үргэлжилж байгаа ч 2020 онд санхүүжилт төлөвлөгдөөгүй ажил нь явагдаагүй бүтээн байгуулалтуудын талаарх мэдээллийг тодруулж, хариулт авав. Төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд үг хэлэх шаардлагагүй хэмээн үзлээ. Ийнхүү Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.

ШИНЭ МЭДЭЭ