https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2021.07.06
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.07.06) 12 цаг 07 минутад эхэлж,Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ хийсний дараа хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10 болон 39.18-ыг танилцуулав. Үүнд, Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэх /39.10/, мөн төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр 2 ба түүнээс дээш саналын томьёолол гарсан тохиолдолд хамгийн эхэнд ирүүлсэн саналаар санал хураалт явуулахдаа бусад саналыг танилцуулж санал хураалгах бөгөөд уг санал дэмжигдвэл бусад санал дэмжигдээгүйд тооцож тэдгээр саналаар санал хураалт явуулахгүй /39.18/ гэж тус тус заасан.

Ингээд Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд Ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллыг зүйл, хэсэг, заалт тус бүрийг хэлэлцэж, санал хураалт явуулав. Тухайлбал, хуулийн төслийн 4.1.12-ыг “сортын үндэсний бүртгэл” гэж сорт сорилтод соригдож, ургац болон аж ахуй, биологийн шинж чанараар шалгарсан, үр үйлдвэрлэх, тариалахыг зөвшөөрсөн сортын бүртгэлийг; гэж өөрчлөн найруулах. Энэ хууль 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр байна. Нийт 60 гаруй саналын томьёоллыг хэлэлцэж, санал хураалт явуулахад бүгд дэмжигдсэн болно.

Ийнхүү Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ