МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Барилгын материал үйлдвэрлэгчидтэй хийсэн уулзалтуудаас гарсан саналуудыг нэгтгэн, Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгахаар тогтлоо
2021.08.19
Эдийн засаг, Худалдаа

Барилгын материал үйлдвэрлэгчидтэй хийсэн уулзалтуудаас гарсан саналуудыг нэгтгэн, Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгахаар тогтлоо

Энэ онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээнй худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл бололвсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны болон Төсвийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг тус ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажиллаж байна.

Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан энэ оны хоёрдугаар улирлаас хойш барилгын материал болон түүхий эдийн үнэ ханш өссөн, энэ нь барилгын материалын импортын бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдсантай холбоотой. Үүсээд байгаад нөхцөл байдалтай холбогдуулан тус ажлын хэсэг барилгын материал үйлдвэрлэгчидтэй цахим уулзалт хийж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа билээ.

Өчигдөр арматур болон барилгын хөөсөнцөр үйлдвэрлэгчидтэй цахим уулзалт зохион байгуулж, саналыг нь сонссон бол өнөөдөр (2021.08.19) барилгын материалын гол бүтээгдэхүүний нэг болох цемент болон бетон үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Г.Амартүвшин, Г.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин, Зам, тээврийн хөгжлийн яам, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Монголын бетон судлаачдын холбоо, Цементийн бизнес эрхлэгчдийн холбооны төлөөлөл оролцож, санал солилцов. Бетон, цемент үйлдвэрлэгчид төрөөс тээвэр, цахилгааны хөнгөлөлт үзүүлэх талаар хүсэлт ирүүлж байв.

Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг төлөөллүүдээс гарсан санал, хүсэлтийг нэгтгэн холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэхээ илэрхийлэв. Мөн барилга, бүтээн байгуулалтын ажил улирлын чанартай явагддаг тул тусгай зориулалтын автотээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх боломжтой эсэх талаар тодруулахад Нийтийн тээврийн үйлчилгээний газраас зохицуулах боломжтой гэв. Ингэснээр бетон зуурмагийн үйлдвэрлэл эрхлэгчид тус газарт хүсэлт гаргаснаар уг асуудлыг шийдвэрлэх боломжтой болж байгаа юм байна.

Ажлын хэсэг үргэлжлүүлэн гадаад худалдаа, тээвэрлэлт, хяналт шалгалт хариуцсан албаны хүмүүстэй цахим уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Гадаад харилцааны яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын албаны оролцов.

Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Г.Өлзийсайхан хийсэн мэдээлэлдээ, Тянжин боомтод үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газрын тэмдэглэл гарч, хоёр улсын яамны түвшинд санал солилцсоноор түргэн муудах бараа, бүтээгдэхүүнийг нэн яаралтай татахаар ажиллаж байна. Тус яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын Хилийн хэлтсийн дарга Д.Болд, Замын-Үүдийн хилийн боомтоор өдөрт 100 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа бөгөөд Эрээн хотод 2,000 тонн орчим ачаа, бараа төвлөрөөд байна. Бараа таталт удаашраад байгаа шалтгааны нэг бол тээвэрлэлтийн шат дамжлага олон.

Түүнчлэн төмөр замын тээврийн хувьд бүдүүн болон нарийн цагираг ашиглахтай холбогдуулан бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлт удааширсан. БНХАУ-ын холбогдох байгууллагад хүсэлт гаргаж, асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэж танилцуулав. Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг улсын төсвийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хувьд арматур, хөөсөнцөр болон мод, модон эдлэлийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд анхаарч ажиллахыг хүсэв.

 

Дараа нь Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, шалгалтын газрын гаалийн улсын ахлах байцаагч Б.Болормаа мэдээлэл хийв. Тэрбээр, тус байгууллагаас ачаалал ихтэй боомтууд уртгасан цагаар ажиллаж, нэн яаралтай бараа, бүтээгдэхүүнийг түргэн шуурхай хил нэвтрүүлэхээр ажиллаж байна гэв. Замын-Үүд дэх гаалийн газрын орлогч даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Төрсайхан, өдөрт дунджаар 110 автотээврийн хэрэгсэл хил нэвтэрч байгаа. Сүүлийн гурван хоногийн байдлаар 53 ачааны вагон орж ирснээс дийлэнх нь барилгын материал эзэлж байна. Тээвэрлэлт удаашраад байгаа шалтгааны нэг бол манайхан бараа, материалын бичиг баримтын бүрдүүлэлтийг дутуу хийснээс шалтгаалж байна гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг барилгын материал үйлдвэрлэгчидтэй хийсэн уулзалтуудаас гарсан саналуудыг судалж, бүтээн байгуулалтын ажлыг хэвийн үргэлжлүүлэх зорилтын хүрээнд Засгийн газарт чиглэл хүргүүлэх Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгана хэмээн уулзалтын төгсгөлд илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ