https 182

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Шинэ хуулиар киночид дэлхийн зах зээлд гарч, эх орноо сурталчлан таниулах гарц илүү нээлттэй боллоо
2021.09.15
Хууль, эрх зүй

Шинэ хуулиар киночид дэлхийн зах зээлд гарч, эх орноо сурталчлан таниулах гарц илүү нээлттэй боллоо

Монголын кино урлаг 86 жилийн түүхтэй ч энэ хугацаанд биеэ даасан хуулийн зохицуулалтгүй явж ирсэн. Манай улсад кино урлагийн салбарын хууль, эрх зүйн зохицуулалт нь Төрөөс соёл, урлагийн талаар баримтлах бодлого болон Соёлын тухай хуулийн хүрээнд зохицуулагдаж ирсэн билээ. 

Дэлхий нийтэд соёл, ёс суртахууны талаар сурталчилгаа, мэдээллийг кино урлагаар дамжуулан түгээх хандлага үр дүнтэй байгаа. Түүнчлэн хосгүй түүхт манай улсын хувьд кино урлагаар дамжуулан өөрийн орны онцлог, үндэсний түүх соёл, ёс заншлаа олон улсад сурталчлан таниулах, эх оронч үндэсний үзэл, ёс суртахууныг хүүхэд, залуучуудад төлөвшүүлэх шаардлага их байгаа ч энэ үүргээ биелүүлж чадахгүй байсан нь үнэн.

Мөн өнөөгийн нийгмийн хурдацтай хөгжлийг даган өөрчлөгдөж буй орчин цагийн кино урлагийн чиг хандлагад нийцсэн, энэ салбарын үйл ажиллагаанд оролцогч хүмүүсийн хэрэгцээ, шаардлагыг хангасан хуулийн зохицуулалттай болох шаардлага үүсээд удаж байсан билээ.

Ийм учраас Монгол Улсын Их Хурлын 2021 оны долдугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар "Кино урлагийг дэмжих тухай хууль" баталснаар Монгол улс түүхэндээ анх удаа Кино урлагийг дэмжих хуультай болсон юм.

                        Хууийн төслийн ажлын хэсгийн гишүүд

Хууль батлагдсанаар энэ салбарыг тойрсон олон асуудлыг шийдэх эрхзүйн орчныг бүрдэж байгаагаас гадна Монгол киног дэлхийн зах зээлд өрсөлдүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, кино урлагийн салбарыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулах эрх зүйн орчин бүрдлээ. Мөн хуулийн төсөлд төрөөс кино урлагийг хөгжүүлэх талаарх бодлогын чиглэл, зарчим, төрийн байгууллагын эрх, үүргийг тодорхойлсноос гадна дараах зохицуулалт орсон юм. 

  • кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх;
  • үндэсний соёл, түүх, өв уламжлалыг эерэгээр харуулсан монгол агуулга бүхий киног төрөөс дэмжих;
  • кино урлагаар дамжуулан Монгол Улсаа сурталчлах;
  • үндэсний бахархал, эх оронч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн бүтээлийн сонгон шалгаруулалт явуулах, төсвийн хөрөнгөөр бүтээх кинонд тавих шалгуур үзүүлэлтийг тогтоох;
  • Монгол киноны чанарыг сайжруулах, техник технологийн шинэ ололт амжилтыг нэвтрүүлэх, уран бүтээлчдийг олон улсын шилдэг чиг хандлага, арга барилд суралцуулах, киноны мэргэжилтнүүдийг бэлтгэх, сургах зэргээр уран бүтээлчдийн хөгжлийг дэмжих;
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын кино үйлдвэрлэгч нар зураг авалт хийх үйл ажиллагааг зохицуулах  зэрэг чухал асуудлууд туссан ач холбогдолтой хууль болсон юм.

             УИХ-ын дарга З.Занданшатар:

Төрөөс кино урлагийг дэмжих бодлого нь ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, шударга, ойлгомжтой, энгийн байх зарчмыг тогтоож, уран бүтээлчийн хөгжлийг дэмжих, кино үйлдвэрлэлд шаардагдах дэд бүтцийг бий болгох, кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх, кино урлагаар дамжуулан түүх, өв соёлоо дэлхийд сурталчлан таниулах зэрэг зохицуулалтууд Кино урлагийг дэмжих тухай хуульд тусгалаа оллоо гэж тодотгосон юм.

              Б.Жаргалмаа УИХ-ын гишүүн, Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч: 

Кино урлагийг дэмжих тухай хууль арав гаруй жил яригдаж, хэлэлцэгдэж байж батлагдлаа. Энэ салбарынхан өөрсдөө хуулиа бүтээж, баталлаа гэж хэлмээр байна. Яагаад гэвэл хуулийн төсөл дээр ажилласан хүмүүсийн 80 гаруй хувь нь киноны уран бүтээлчид байсан юм. Хууль батлагдсанаар Монголын төр киноны уран бүтээлчдээ дэмжих, урамшуулах, дэд бүтцээр хангах боломж бүрдэж байгаагаас гадна киночид маань дэлхийн зах зээлд гарч, эх орноо сурталчлан таниулах гарц илүү нээлттэй боллоо гэдгийг онцлон хэлж байсан.

                                                    Ч.Номин Соёлын сайд

Түүнчлэн Соёлын яамнаас дотоодын болон гадаадын кино үйлдвэрлэгч студи, телевизийн кино үйлдвэрлэл эрхлэгчдийг Монгол Улсыг зорих шалтгаан болохуйц Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталлаа хэмээн онцолсон. Мөн хуульд кино урлаг өндөр хөгжсөн улс орнуудын шилдэг туршлагаас суулгаснаас гадна, хуульд тодорхой шаардлага хангасан уран бүтээлчдэд зардлын буцаан олголт, мөнгөн дэмжлэг олгох зохицуулалт тусгагджээ. Үүгээр Монгол Улс ойрын хугацаанд кино үйлдвэрлэгчдийг татахуйц орон болохыг зорьж байна. Ингэснээр кино зах зээлийг дагалдан Монголын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өвөрмөц соёл, өв уламжлалыг дэлхийд сурталчлах, шинэ ажлын байр бий болгох, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах боломжтой болно хэмээн тооцжээ.

Энэ хуулийн зорилт нь кино үйлдвэрлэх үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн үндсийг бүрдүүлж, Монгол Улсад кино бүтээх таатай орчныг бий болгох, кино урлагийг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Кино урлагийг дэмжих тухай хууль нь 7 бүлэг, 25 зүйлтэй бөгөөд дотоодын кино үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогын чиглэл, зарчим, төрийн байгууллагын эрх, үүрэг, кино урлагийн салбарыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх эрх зүйн орчин бий болгох, кино уран бүтээлчид, техникийн ажилтнуудыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын кино үйлдвэрлэгч кино үйлдвэрлэх зорилгоор зураг авалт хийх үйл ажиллагааг зохицуулах зэрэг асуудлыг тусгасан анхдагч хууль юм.

Төрөөс кино урлагийг дэмжихэд баримтлах зарчмыг тодорхойлж, уран бүтээлчийн хөгжлийг дэмжих, кино үйлдвэрлэлд шаардагдах дэд бүтцийг бий болгох, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, төр-хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх чиглэлийг төрөөс баримталж ажиллах бөгөөд Засгийн газраас хөтөлбөр, төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлнэ.

Кино урлагийг дэмжих бодлого, шийдвэрийн төсөлд санал өгөх, гадаадын иргэн, хуулийн этгээдэд Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авах зөвшөөрөл олгох болон тусгай сангаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, кино бүтээх зардлын буцаан олголтын үйл ажиллагаанд санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Кино урлагийн зөвлөл ажиллах бөгөөд дарга, орон тооны бус 10 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийн гишүүний 70 хүртэлх хувийг мэргэжлийн төрийн бус байгууллага, уран бүтээлчийн төлөөлөл байна.

Кино урлагийн мэдээллийн санг бүрдүүлж үнэн, бодитой, цаг үеэ олсон, шаардлагатай мэдээллийг төрийн мэдээллийн санд төвлөрүүлж, эрх бүхий этгээд хамтран ашиглах, солилцох нөхцөлийг бүрдүүлснээр мэдээллийн хүртээмжтэй байдал нэмэгдэж, уран бүтээлчид мэдээллээ солилцох, хэрэгцээтэй техник хэрэгсэл ашиглах, ашиглуулах, уран бүтээлч ажиллуулах, зардлаа хэмнэх, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн бодит мэдээллээр хангагдана. Гадаадын уран бүтээлчид татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, кино үйлдвэрлэлийн зардлын буцаан олголтын дэмжлэг үзүүлэх мэдээллийг хүлээн авах боломжтой болно.

Кино урлагаар дамжуулан дэлхийд түүх, өв соёлоо таниулах, олон улсын түвшинд эн зэрэгцэн хөгжих, өрсөлдөх, үндэсний кино урлагийг хөгжүүлэх шинэ алхмыг бий болгож, кино үйлдвэрлэл болоод монгол хүний оюун санааны хөгжил, улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих чухал хөшүүрэг болсон Кино урлагийг дэмжих сан, Кино бүтээх зардлын буцаан олголт, татварын дэмжлэгийн талаар тусгасан.

Кино урлагийг дэмжих сангаар дамжуулан монголын түүх, соёл, ахуй амьдралыг харуулах болон арт кино бүтээх, монгол киног хадгалах, сэргээн хөрвүүлэх зэрэгт санхүүгийн дэмжлэг үзүүлж, кино үйлдвэрлэлд шаардлагатай дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн техник технологи, программ хангамж, инновац нэвтрүүлэхэд хөнгөлөлттэй зээл олгохоор тусгалаа.

Кино үйлдвэрлэл гэж кино бүтээх, түгээхтэй холбоотой цогц үйл ажиллагаа тул энэхүү үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэн, гадаадын уран бүтээлчид Монгол Улсын нутаг дэвсгэрт кино бүтээхэд хамтран ажиллах замаар монгол кино үйлдвэрлэх чадамж, уран бүтээлчдийн ур чадварыг нэмэгдүүлэх, олон улсын сүлжээ бий болгоход чиглэгдсэн кино бүтээх зардлын тодорхой хувийг буцаан олгох юм.

Ийнхүү кино урлагийг дэмжсэнээр үндэсний кино урлаг хөгжих эдийн засаг, санхүүгийн боломжууд нээгдэх бөгөөд олон улсын кино арга хэмжээнд монгол кино амжилттай оролцох, Монгол Улс өөрийн түүх, соёл, өв уламжлал, ёс заншлаараа дэлхийд танигдаж, дэлхийн нэр хүнд бүхий киноны уран бүтээлчид Монгол Улсад кино бүтээх таатай орчин бүрдэж, аялал жуулчлалын болон бусад салбарт хөрөнгө оруулалт татах, ажлын байрыг нэмэгдүүлж, жижиг дунд үйлдвэрлэл болон дэд бүтцийг хөгжүүлж, татварын орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой эрх зүйн орчин бүрдлээ.

Кино урлагийг дэмжих тухай хууль баталсантай холбогдуулан Засгийн газрын тусгай сангийн тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд тус тус өөрчлөлт орсон болно.

Кино урлагийг дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжийг энэ салбарынханд олгож чадах хууль эрх зүйн орныг бүрдүүлж чадлаа хэмээн салбарынхан нь олзуурхаж байгаа тус хууль нь 7 бүлэг, 25 зүйлээс бүрдэх бөгөөд 2022 оны нэгдүгээр сарын 01-ны өдрөөс мөрдөгдөж эхлэх юм.

ШИНЭ МЭДЭЭ