https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Бат-Эрдэнэ: Баялаг бүтээгчдээ дэмжиж байж улс орон хөгжинө
2021.09.27
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ж.Бат-Эрдэнэ: Баялаг бүтээгчдээ дэмжиж байж улс орон хөгжинө

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Булган аймгаас УИХ-д хоёр удаа сонгогдож, ард түмнээ төлөөлөн төр түшилцэж байна. Тэрээр сонгогдсон тойрогтоо 2018 онд "Шинэ хөдөө" хөтөлбөрийг ЖДҮ-ийг хөгжүүлэх ажлын байр бий болгох, дэмжлэг үзүүлэх үндсэн гол санаан дээр тулгуурлан санаачилсан байдаг.

Түүний хувьд зах зээлийн нийгэмд бид ААН, баялаг бүтээгчдээ дэмжиж байж улс орон хөгжинө гэж үздэг төдийгүй “Иргэн баян бол улс баян” гэсэн уриатай "Шинэ хөдөө" төсөл нь амжилттай хэрэгжиж байгаад талархалтай ханддаг. Булганчууд ч түүнийг дахин УИХ-д сонгох нэг шалтгаан нь дээрх төслийн үр дүн гэж хэлдэг.

Энэ төслийн хүрээнд 2018-2020 онд 4,3 тэрбум төгрөгийг айл өрхийн амьдралын чанарыг дээшлүүлэх, ажлын байр бий болгоход чиглэсэн сайн чанарын эцэг мал олгох, чацаргана тариалалт, зөгий, хүнсний ногооны хүлэмж, ногоочид тариаланчид даа дундын техник олгоход зарцуулсан бол 2021 оны төсөвт "Шинэ хөдөө-Булган" хөтөлбөрт 1,949.0 сая  /нэг тэрбум есөн зуун дөчин есөн сая/ төгрөг төсөвлөгдөн  төсөл үр дүнтэй хэрэгжиж байна.

Энэ төсөлд өрхийн орлогоо нэмэгдүүлэх сонирхолтой хүн бүр хамрагдаж болохоос гадна гарааны хөрөнгийг шийдэж өгснөөр оролцогч дараагийн хүмүүстээ боломжийг нээж өгөх зарчим харагдаж байгаа нь төслийн нэг үр дүн нь юм. Тухайлбал Шинэ хөдөө төслийн шугамаар Арьс нэхий элдэх төхөөрөмж авсан Булган аймгийн Рашаант сумын 2-р багийн Иргэн Г.Баярсайхан нь нэг жилийн хугацаанд 5000 гаруй хонины нэхийг нэг бүрийн 15,000 төгрөгөөр, 6000 гаруй хурганы арьсыг нэг бүрийн 5,000 төгрөгөөр элдэж сум орон нутгийн иргэдэд үйлчилсэн байна.

Мөн үхрийн шир элдэх болон арьсыг гандаж угаадаг тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн өргөжүүлжээ. Энэ мэт олон жишээ Булган аймагт бий. Түүнчлэн Ж. Бат-Эрдэнэ гишүүн нэр бүхий бусад гишүүдийн хамт санаачлан 2019 онд өргөн барьж байсан “Хоршооны тухай хууль” өнгөрсөн хаврын чуулганаар батлагдсан нь “Шинэ хөдөө”хөтөлбөрөө дэмжиж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд хууль эрхзүйн талаас томоохон дэмжлэг болж байна гэж нутгийн удирдлагууд ч ам сайтай байна.

Булган аймагт эхлэл нь тавигдсан тус төсөл Монгол улсын Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2020-2025 оны үндсэн чиглэлд сууж 2019 оноос Говьсүмбэр, Дундговь, Увс, Хөвсгөл, Ховд зэрэг аймгуудад хэрэгжиж эхэлсэн. Ж.Бат-Эрдэнэ гишүүн “Бид хөдөө аж ахуйгаа хөгжүүлж, нийтийг хамарсан ажлын байраа нэмэгдүүлэх, дотоодын хэрэглээгээ бүрэн хангах зайлшгүй шаардлага байна.

Иймд улсын төсвийн хөрөнгө оруулалтын ихэнх хувийг эргэн төлөгддөггүй барилга байгууламжид зарцуулахаас илүүтэй баялаг бүтээгчдээ дэмжсэн, ажлын байр бий болгоход чиглэсэн хөрөнгө оруулалтад зарцуулдаг баймаар байна” гэж онцолдог. Энэ саналаа ч нэр бүхий гишүүдийн хамт 2020-2024 онд хэрэгжүүлэх Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгана хэмээн онцлоод байна.

ШИНЭ МЭДЭЭ