https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
2021.10.15
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.10.15) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад 51.4 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны зургадугаар сарын 7-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны долдугаар сарын 6-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн юм. Тус Байнгын хороо 2021 оны аравдугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан явуулсан байна.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ц.Туваан нар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авчээ.

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг өөрчлөн найруулсан зарчмын зөрүүтэй саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжсэн боловч уг саналтай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн тул ажлын хэсгийн гаргасан зарчмын зөрүүтэй саналыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос дээш буюу 81.8 хувь нь дэмжсэн гэв.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн бөгөөд зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг мөн бэлтгэсэн болохыг санал, дүгнэлтэд Ж.Бат-Эрдэнэ гишүүн танилцуулсан.

Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Т.Аубакир, С.Ганбаатар нар асуулт асууж, Байнгын хорооны дарга Х.Болорчулуун болон ажлын хэсгээс хариулт, тайлбар авав. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал үг хэлж, төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн. Ингээд Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх болон “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2021 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасны дагуу хуралдааныг хаалттай горимд шилжүүлэв.

Намрын ургац хураалт болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаар мэдээлэл танилцууллаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаан 14.00 цагт эхэлж, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан намрын ургац хураалт болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаар мэдээлэл танилцууллаа. Эхэнд нь тэрбээр 2021 оны ургац хураалтын явцын талаар мэдээлэл өгөв.

Ургацын урьдчилсан балансаар 594.0 мянган тонн үр тариа, үүнээс 559.0 мянган тонн улаанбуудай, 198.8 мянган тонн төмс, 117.0 мянган тонн хүнсний ногоо, 64.0 мянган тонн тосны ургамал, 203.0 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан байна.

Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох үргэлжилсэн их бороо, үер, хүчтэй мөндөр, хүйтрэлт, зарим бүс нутагт тохиолдсон нарны хэт халалтын улмаас 12.2 мянган га талбайн ургац болц дутуугаас ногоон тэжээлд шилжиж, 5.3 мянган га талбай ургац ганд өртөж, 1.3 мянга га талбайн ургац мөндөрт цохигдсон бол төмс, хүнсний ногооны 961 га талбайн ургац үерт өртжээ. Ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ургацын төв штабыг байгуулж, холбогдох төрийн байгууллагуудын оролцоо, ажлын уялдаа холбоог ханган ажиллаж байгааг салбарын сайд дурдав.

Ургац хураалт есдүгээр сарын 15-наас эхлэж өнөөдрийн байдлаар 63.0 мянган га талбайг ангилан хадаж, 210.0 мянган га-гаас 310.0 мянган тонн үр тариа, үүнээс 293.0 мянган тонн улаанбуудай, 15.2 мянган га-гаас 145.0 мянган тонн төмс, 7.3 мянган га-гаас 92.0 мянган тонн хүнсний ногоо, 30.0 мянган га-гаас 86.0 мянган тонн тэжээлийн ургамал, 30.0 мянган га-гаас 17.0 мянган тонн тосны ургамал тус тус хураан авснаар үр тарианы хураалт 52.3 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 76.4-77.3 хувьтай, тэжээлийн болон тосны ургамлын хураалт 30.6 хувийн явцтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 8 хувиар ахиу байгааг З.Мэндсайхан сайд танилцууллаа. Шинэ ургацаас гурилын үйлдвэрүүд болон Хөдөө аж ахуйг дэмжих санд 90.4 мянган тонн хүнсний буудай нийлүүлжээ.

Орон нутгаас ургац хураалтын ажилд 8 мянга гаруй оюутан, сонсогчид, цэргийн алба хаагчдыг авч ажиллуулах хүсэлт, захиалга ирүүлсэн бөгөөд Засгийн газрын 235 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, холбогдох яамд болон Монголын залуучуудын холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв биржтэй хамтран “Алтан намар” дэд төслийг хэрэгжүүлж ажилласнаар өнөөдрийн байдлаар ургац хураалтад 1.7 мянган цэрэг, 1.9 мянган оюутан, 7.4 мянган халамжийн болон гэрээт ажилтан, нийт 11.1 мянган хүн хөдөлмөрийн түр гэрээгээр ажиллаж байгаа юм байна. Техник, тоног төхөөрөмжийн хувьд нийт 1041 комбайн, 587 ширхэг жатка, 220 гаруй үтрэм, 389 ширхэг үр тариа цэвэрлэх машин, 316 ширхэг үр тариа ачигч машин, 72 ширхэг төмс хураах комбайн, 417 ширхэг төмс ухагч, 69 ширхэг төмс, хүнсний ногоог ангилах сортлох машин ажиллаж байгааг дурдсан.

Улсын хэмжээнд үр тариа хадгалах 523.0 мянган тоннын багтаамжтай төмөр бетон элеватор байгаагаас Хөдөө аж ахуйг дэмжих санд 182.0 мянган тонн, хувийн хэвшилд 341.0 мянган тонн нь ашиглагдаж байгаа бөгөөд элеваторуудын ариутгал, засвар үйлчилгээ хийгдэж, намрын ургац хураалтаас буудай хүлээн авах арга хэмжээг хэрэгжүүлж байгаа аж.

Улаанбаатар хотод шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах, тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор есдүгээр сарын 16-23-ны өдрүүдэд “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Алтан намар” үзэсгэлэн худалдааг зохион байгуулсаны зэрэгцээ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран 9 дүүргийн 24 байршилд томоохон хэмжээний төвлөрсөн цэг байгуулан ажиллуулж төмс, хүнсний ногооны борлуулалтыг дэмжин ажиллажээ.

Үргэлжлүүлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан зохион байгуулж хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцууллаа. Онцгой дэглэм тогтоосон хүнд үед ажлын байрыг хадгалах, үндсэн нэр төрлийн таримлын тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Тариалалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 142 дугаар тогтоолыг батлан гаргуулж импортоор нийлүүлэгдэж байгаа улаанбуудайн үрийн үнийг 30 хувиар, тэжээлийн таримал болон төмсний үр, нийлэг хальсан хучлагын үнийг 50 хувиар, хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийн үнийг 80 хувиар тус тус хөнгөлж олгохоор шийдвэрлүүлж хэрэгжилтийг зохион байгуулсан байна.

Хаврын тариалалтад зориулан хүсэлт гаргасан 390 гаруй аж ахуйн нэгж, иргэдэд 12.5 мянган тонн улаанбуудайн үр, 485 тонн овъёосны үр, 43.3 тонн ургамал хамгааллын бодис, 330 тонн нийлмэл болон гумины бордоог 30 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгож дэмжлэг үзүүлснээр төлөвлөсөн хэмжээндээ тариалалт хийх боломжийг бүрдүүлжээ.

“Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж, улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 10 нэр төрлийн 176.2 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үрийг дотоодоос болон импортоор нийлүүлж Засгийн газрын 142 дугаар тогтоолын дагуу үнийг 80 хувиар хөнгөлөн 181 аж ахуйн нэгж, 179 хоршоо, 9694 өрх, 46 байгууллага нийтдээ 10.1 мянган нэгжид хүргэж дэмжлэг үзүүлснээр сонгино, саримс, хэмх, лоолийн тариалалт 5-320 га-гаар нэмэгдсэн аж.

Оросын Холбооны Улсаас үр тариа хураах өндөр хүчин чадлын 50 гаруй комбайныг арилжааны банкны санхүү, түрээсийн үйлчилгээгээр нийлүүлсний зэрэгцээ Беларусь Улсын Засгийн газрын 4.5 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр ногоон тэжээл бэлтгэх зориулалттай 60 иж бүрдэл, төмсний 30 иж бүрдэл, хүнсний ногооны 20 иж бүрдэл, нийт 534 нэгж техник тоног төхөөрөмжийг ургац хураалтаас өмнө нийлүүлж хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжид 30 хувийн урьдчилгаатай 4 жилийн хугацаатай зээлээр олгож бага, дунд оврын техник шинэчлэлийн ажлыг эрчимжүүлжээ.

2021 оны дөрөвдүгээр сарын 23-ний өдөр батлагдсан Гаалийн албан татвараас хөнгөлөх болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчин төгөлдөр үйлчлэж эхэлснээр импортоор нийлүүлэгдэж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм,усалгааны болон хүлэмжийн тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодис зэрэг бараа бүтээгдэхүүний импортоос урьдчилсан байдлаар 20 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн дүнтэй байгаа аж.

Засгийн газрын 2021 оны “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд Төрийн банк, Хаан банк, Хас банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банкаар дамжуулан тариалан бүхий 552 иргэн, аж ахуйн нэгжид 35.9 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох ажлыг хамтран зохион байгуулжээ.

Таримал ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд улаанбуудайн шинэ сортын үр гаргах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, сорт сорит хийх, анхдагч үрийн аж ахуйг хөгжүүлж үр үржүүлгийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд санхүүгийн болон техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа гэв.

БНХАУ-ын хөнгөлттэй зээлээр хэрэгжиж буй “ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд нийлүүлэгдсэн усалгааны тоног төхөөрөмж, бага оврын бороожуулагч, дуслын усалгааны системийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох ажлыг зохион байгуулснаар нийтдээ 78 аж ахуйн нэгж, 25 иргэнд 156 ширхэг тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцлөөр олгож усалтгаатай тариалангийн талбайн хэмжээг 9.7 мянган га-аар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн гэлээ.

Түүнчлэн Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сан болон Монгол Улсын Засгийн газрын нийт 46.2 сая ам.долларын санхүүжилттэй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн талаар, суурин газрын иргэдийн хүнсний ногооны хангамжийг сайжруулах зорилгоор улсын төсвийн 300.0 сая төгрөгийн санхүүжилтээр 32 м.кв талбай бүхий 83 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмж нийлүүлж, хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, иргэдэд 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгоод байгааг салбарын сайд мэдээлэв. Мөн “Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын санхүүжилтээр "Чацарганын нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, гадаад зах зээл, маркетингийг сайжруулах" туршилтын төсөл хэрэгжүүлэхээр тохиролцож, Монгол чацарганын шинж чанарыг Япон Улсад судлуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар тэрбээр мөн танилцуулсан. Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан 2021 оны наймдугаар сарын 10-ны өдрийн зуншлагын байдлын мэдээгээр нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувьд тунадас олон жилийн дунджийн орчим буюу түүнээс дээш хэмжээтэй унаж, зуншлага сайн байсан гэв. Харин 2021 оны наймдугаар сарын 27-ны өдрийн бэлчээрийн даацын мэдээгээр нийт нутгийн 42.1 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 24.6 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 25.0 хувийн даац 1-3 дахин хэтэрсэн, 3.6 хувийн даац 3-5 дахин хэтэрсэн, 4.7 хувийн даац маш их буюу олон дахин хэтэрсэн байгаа гэсэн дүн гарчээ. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Архангай, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар аймгуудын зарим сум, багийн нутгаар бэлчээрийн даац хэтэрсэн бол Баян-Өлгий аймгийн Булган, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумдад бэлчээрийн даац маш их хэтэрсэн гэдэг дүн гарсан гэв. Дээрх мэдээллээс дүгнэхэд 2021 онд зуншлага сайн байсан хэдий ч нийт бэлчээрийн 66.7 хувь нь малдаа хүрэлцэх хэмжээний тэжээлийн нөөцтэй, 33.3 хувь нь тэжээлээр хангалтгүй байна. Өөрөөр хэлбэл, нийт бэлчээрийн гуравны нэгд мал сүргийн нягтрал их байгаа нь эдгээр газруудад бэлчээрийн даац хэтэрсэн төлөв байдалтай байгаа юм байна.

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд “Хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 221 дүгээр тогтоол гарсан. Тогтоолын хүрээнд хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг байгалийн болзошгүй гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг орон нутгийн төр, захиргааны байгууллага, малчид, иргэд, аж ахуйн нэгжийн түвшинд сайтар ханган биелүүлэх ажлыг эхлүүлээд байгаа аж.

Улсын хэмжээнд 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах хүрээнд нийт 44900 тонн өвс, 2900 тонн ногоон тэжээл, 14860 тонн тэжээл тус тус бэлтгэхээр төлөвлөсөн. Үүнээс аймгуудын аюулгүй нөөцөд нийт 2450 тонн өвс, 2900 тонн ногоон тэжээл, 2190 тонн тэжээл, сум, дүүргийн аюулгүйн нөөцөд нийт 39010 тонн өвс, 12720 тонн тэжээл, малчдын түвшинд 1.23 сая тонн өвс, 1.6 мянган тонн сүрэл, 13 мянган тонн ногоон тэжээл, 95.9 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 98 мянган тонн гар тэжээл, 0.9 мянган тонн дарш, 132 мянган тонн хужир шүү бэлтгэхээр төлөвлөсөн байна.

2021 оны аравдугаар сарын 6-ны өдрийн байдлаар хадлан бэлтгэлд 4712 дугуйт трактор, үүнээс бага оврын трактор 3544, хадуур 1967, тармуур 2910, хаман боогч 654, морин хадуур 694, морин тармуур 863, чиргүүл 1639, 79 нуруулдагч техник ашиглаж байгаа аж.

Малчдын түвшинд өвс, тэжээлийн бэлтгэл ажлын явц есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 791.9 мянган тонн өвс, 22.1 мянган тонн ногоон тэжээл, 1.8 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 23.9 мянган тонн гар тэжээл, 1.3 мянган тонн дарш, 31.5 мянган тонн хужир, шүү тус тус бэлтгэж, гүйцэтгэл 52.7 хувьтай байгаа гэлээ.

Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын Аргалант, Ачит нуур, Багахайрхан, Баян нуур, Малах, Чилэн, Чойбалсан, Хөх дэл, Хэрлэнбаян-Улаан отрын бүс нутгийн бэлчээрийн даац тодорхойлох ажлыг наймдугаар сард зохион байгуулахад 2021-2022 оны өвөл нийт хонин толгойд шилжүүлснээр 854 мянган толгой малыг өвөлжүүлэх бэлчээрийн даацтай гэсэн дүн гарсан. Дээрх отрын бүс нутгуудад 19 аймгийн 70 сумын 1850 малчин өрхийн малыг отроор өвөлжүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм байна.

Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг байгалийн болзошгүй гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх, түүнд тавих хяналтыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулав.

Мэдээллийн төгсгөлд З.Мэндсайхан сайд нөөцийн мах бэлтгэлийн явцын талаар товч танилцуулга хийсэн. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд Засгийн газрын 216 дугаар тогтоолоор 2021-2022 оны өвөл, хаврын улирлын махны нөөц бүрдүүлэхэд зориулан 100.0 тэрбум төгрөгийг баталсан бөгөөд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх ажлыг 17 аж ахуйн нэгж гүйцэтгэж байгаа аж. 2021 оны аравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 3100.0 тн мах бэлтгээд байгаа бөгөөд цаашид нэг сарын хугацаанд нийт бэлтгэх махны 60 хувиас доошгүйг бэлтгэж нөөцлөхөөр зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байгаа гэв. Аймгийн төв, суурин газрын хүн амын 2022 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 5.5 мянган тонн мах бэлтгэх үүрэг, чиглэлийг хүргэн, бэлтгэл ажлыг хангасан байна.

З.Мэндсайхан сайдын танилцуулсан намрын ургац хураалт болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаарх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, О.Цогтгэрэл, Ш.Адьшаа нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Өвлийн улиралд чийг, тундас олон жилийн дунджаас ихгүй байх ч агаарын хэмийн хувьд нэлээд хүйтэн байх төлөвтэй гэдгийг сайд хэлээд, үүнээс үүдсэн зудын эрсдэл үүсэх магадлал бий гэв. Засгийн газраас өвлийн эрсдэлийн үнэлгээг хийх ажлын хэсгийг байгуулсан бөгөөд эрсдэлийн үнэлгээг хийсний дараа менежмент боловсруулан ажиллахаар төлөвлөсөн болохыг мөн дуулгав. Тариалан эрхлэлтийг дэмжих зээл олголтын талаарх асуултад тэрбээр хариулахдаа, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-ний хүрээнд хөдөө, аж ахуйн салбарт нийтдээ 500 тэрбум төгрөгийг хөнгөлттэй зээл хэлбэрээр олгох зохицуулалт хийсэн байна. Энэ хүрээнд 328.2 тэрбум төгрөгийг олгосон ба газар, тариалан эрхлэгч 548 аж ахуйн нэгж, иргэд 35.6 тэрбум төгрөгийн зээл авсан бол ноолуур, ноос, арьс ширний 43 үйлдвэр 98.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. 19483 малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид 194.4 тэрбум төгрөгийн зээл олгосон болохыг мэдээлсэн. Гоц халдварт өвчний нөхцөл байдлын талаар Ц.Туваан гишүүн тодруулсан. Малын гол халдварт өвчний нөхцөл байдал амаргүй байсныг З.Мэндсайхан сайд хэлээд, урьд өмнө гарч байгаагүй “үхрийн арьс товруутах” гэж халдварт өвчин гарсан болохыг дуулгав. Эл өвчин нь чийгшил ихтэйн улмаас хойд хилээр шавжаар дамжин халдварлаж орж ирсэн болохыг тогтоосон бөгөөд эмчлэх арга зүйг боловсруулаад, эмчилгээ үйлчилгээг үзүүлж байгаа гэв. Эл гоц халдварт өвчин Дорнод аймгийн 13 сум, Сүхбаатар аймгийн 10, Хэнтий аймгийн 1 суманд нийтдээ 59 голомт бүртгэгджээ. Эмчлэх боломжгүй 769 үхрийг устгаж, 93.4 мянган үхрийг вакцинжуулалтад хамруулжээ. Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд аравдугаар сарын 4-ний өдрөөс хойш нэмж тохиолдол бүртгэгдээгүй, мөн улирлын чанартайгаар өвчний идэвхжил буурч байгаа гэж үзэж байгаа гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, улаанбуудайн борлуулалт дээр салбарын яамны зүгээс анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэдэг саналыг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл малчин өрхийн дундаж орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар салбарын сайдаас тодруулав. Мал аж ахуйн салбарын өрсөлдөх чадварын нэмэгдүүлэхэд нэн тэргүүнд малын эрүүл мэндийн асуудлыг анхаарах шаардлага бий гэдгийг З.Мэндсайхан сайд хэлэв. Энэ жил малын урьдчилан сэргийлэх үзлэг, вакцинжуулалтад тодорхой төсөв төлөвлөсөн бөгөөд Засгийн газрын зүгээс боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа гэв. Тухайлбал, Ховд аймгийн арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтад 9.7 тэрбум төгрөгийг төсөвлөөд байгаа бол Дархан-Уул аймгийн арьс ширний цогцолбор ирэх жил Итали Улстай хамтран төсөл эхлүүлнэ гэдэг мэдээллийг өглөө. Түүнчлэн махны экспорттой холбоотой дөрвөн жишиг үйлдвэрийг Ховд, Булган, Архангай, Дорнод аймагт байгуулах юм байна. Ингэснээр улирлын чанартай малын гаралтай түүхий эдийн экспорт жилийн жилийн турш үргэлжлэх боломж бүрдэх аж. Үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулаад дууссан, гэрээ хэлцлийн ажлууд явагдаж байгаа гэв. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр, 76 сая ам.долларын төсөл хэрэгжих бөгөөд захиалагч болон гүйцэтгэгч тал ойлголцож чадвал 2022 онд багтаан хэрэгжүүлнэ гэв.

Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаанаар намрын ургац хураалт болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаарх Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханы мэдээллийг сонслоо.

ШИНЭ МЭДЭЭ