МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2021.11.18
Зам, Тээвэр

Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.18\ нэгдсэн хуралдаанаар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Тогтоолын төслийг ЗТХ-ийн сайд Л.Халтар танилцууллаа.

ЭЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав. 

Япон Улсын Засгийн газраас “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн суурь бүтцийг шинэчлэх, хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх, дохиолол, холбооны байгууламжийг сайжруулах зорилгоор 1995-2000 онуудад нийт 7.9 тэрбум иений хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын Засгийн газарт олгосон.

Энэхүү зээлийг эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр Сангийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хооронд “МОН-П1”, “МОН-П2” дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээг 2000 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулжээ.

“МОН-П1”, “МОН-П2” зээлээс “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 1998-2015 онд импортолсон дизелийн түлшний онцгой албан татварт төлсөн 73.8 тэрбум төгрөгийг суутган тооцох тухай 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 52 дугаар тогтоолыг Улсын Их Хурал баталсан. Тус тогтоолыг хэрэгжүүлэх хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэж тогтоосон. Дээрх зээлийн үлдэгдлийг Сангийн яам болон Зам, тээврийн хөгжлийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН хамтран тооцоолсноор суутган тооцогдсоны дараах үлдэгдэл 5.2 тэрбум иен буюу Монголбанкны 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн ханшаар 131 тэрбум төгрөг байна.

Тус өдрөөс хойших хугацаанд хүү, алданги тооцогдож байгаа бөгөөд 2021 оны 3 дугаар улирлын байдлаар 160.6 тэрбум төгрөгт хүрээд байна. “Улаанбаатар төмөр зам" ХНН нь 2017 онд 6.1 тэрбум төгрөг, 2018 онд 3.6 тэрбум төгрөг, 2019 онд 5.7 тэрбум төгрөг, 2020 онд 11.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай тус тус ажиллажээ. Энэхүү санхүүгийн үр дүнгээр зээлийг бүрэн төлөх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

Иймд Өрийн удирдлагын тухай хуулийн 32.2, 32.3 дахь заалтын дагуу “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн авсан “МОН-П1”, “МОН-П2” зээлийн үлдэгдлийг төгрөгт шилжүүлэх, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш үүссэн алданги, хүүгийн төлбөрөөс чөлөөлөх, зээлийн тодорхой хэсгийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлж, үлдэгдэл төлбөрийг 2021-2025 онуудад улсын төсөвт төлөх асуудлыг Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж тогтоолын төслийг боловсруулсан байна.

ШИНЭ МЭДЭЭ