МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.12.02
Эдийн засаг, Худалдаа

Ц.Сэргэлэн: Чөлөөт бүсэд газар эзэмшүүлэхгүй болсонд баярлаж байна

УИХ-ын өнөөдрийн /2021.12.02/ нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

Ажлын хэсгийнхнийг цаашид анхаараасай гэж хэдэн зүйл хэлье.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатартай санал нэг байна. Чөлөөт бүсүүдийн хууль эрх зүй болоод, зорчигч тээвэр орох гарах, бараа таваар нэвтрүүлэх асуудал шийдэгдээгүй байхад үйл ажиллагаа явагдаад байна уу гэсэн ойлголт төрж байна. Энэ бол хууль зөрчсөн асуудал. Тийм учраас Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүсэд шалган нэвтрүүлэх иж бүрэн цогцолбор баригдахаас нааш хэзээ ч нээгдэхгүй гэдгийг мэргэжлийн хүний хувьд хэлье.

Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүсийн газар нутаг бол Монгол Улсын хилийн тухай хуулиараа хилийн зурвас газартай давхцаж байгаа. Хилийн зурвас газар гэдэг бол Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг хөрш орны нутаг дэвсгэрийн зах хязгаартай нийлж байгаа хилийн шугамнаас өмнө тийш тогтоосон тодорхой хэмжээний зайтай газрыг хэлнэ. Зөвхөн улсын хил хамгаалалтын зориулалттай газар гэсэн үг. Хуулиар үүнийг өмчлүүлэхийг хориглодог бөгөөд төрийн өмчийн мэдэлд байдаг.

Өмнөх хуульд чөлөөт бүсэд газар эзэмшүүлнэ гэсэн заалт байсан. Үүнийг нэмэлт өөрчлөлтөөр Хилийн тухай хуультай уялдуулж, газар эзэмшүүлэх, хориглохоор болсонд баяртай байна.

ШИНЭ МЭДЭЭ