МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дундговь аймгийн Өлзийт сум шинэ Соёлын төвтэй боллоо
2021.12.20
Орон нутгийн хөгжил

Дундговь аймгийн Өлзийт сум шинэ Соёлын төвтэй боллоо

Дундговь аймгийн Өлзийт сумын Соёлын төвийн шинэ барилга ашиглалтад орж, алдар суутнууд алтан тайзаа хүндэтгэн ая дуу, уран бүтээлийн мялаалга өргөн хүлээж авлаа.

Өлзийт сум эртний өв соёл, хадны сүг зураг, бичээс, хүрлийн үеийн олдвороор алдартай Дэл хөнжлийн уулнаас эхлээд түүх агуулсан өргөн дэлгэр нутагтай. Нөгөөтээгүүр алдар суутнууд, авьяас билигтэнгүүдийн өлгий. Дуу хуурын өлгий Дундговь нутгийнхаа тархи зүрх нь гэмээр гайхамшигт нутаг. Ардын жүжигчин 4, гавьяат жүжигчин 14, Соёлын тэргүүний ажилтан 100 гаруй төрөн гарсан. Төрийн соёрхолт, зохиолч Долгорын Нямаа гуай төрсөн сум. Ардын жүжигчин Н.Дагийранз, МУГЖ дуучин А.Нэргүй, А.Дашпэлжээ Б.Сарантуяа, Б.Сумъяа, СГЗ Ж.Дүнжмаа, Ц.Чулуунцэцэг нарын үе удам дамжсан уртын дуучин, соёлын салбарын олон авьяастан энэ нутгаар овоглодог.

Алдар суутнууд, авьяаслаг шинэ залуу уран бүтээлчид хүрэлцэн ирж 1976 онд анх голомтоо бадраасан хуучин соёлын төвийнхөө “Их тайзаа”хүндэтгэн ,шинэ соёлын төвөө нээх ёслолд оролцон мялаалга бүтээлийн дээж өргөн барьсан нь зузаан түүхийн залгамж ,зуун дамжих шинэ замын эхлэл үүд нээсэн томоохон үйл явдал боллоо.
Тус сумын соёлын төв нь орчин үеийн стандартад нийцсэн номын сан, үзэсгэлэнгийн танхим, дуу, бүжгийн хичээлийн танхимтай, чуулгын хэмжээний томоохон бүтээн байгуулалт болсон байна гэж нээлтэд оролцогчид ам сайтай байлаа.

Соёлын тухай шинэ хуулиар Соёлын төвийн чиг үүрэг өргөжиж, төрөөс соёлын талаар цогц бодлого хэрэгжүүлэхэд чухал оролцоотой болсон билээ. Урлаг соёлын энэхүү нөөц бололцоогоо дайчлан эртний түүх соёлын өв сантайгаа хослуулан хөгжүүлж, соёлын аялал жуулчлалын шанг татах өргөн боломж юм.

Шинэ танхимдаа соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд бүтээсэн Дэл уулын гайхамшиг үзэсгэлэнг тавьсан нь мөн нутгийн гайхамшгийн нэгээхэн бахархал огшоолго байсан.
Дэл хөнжлийн уул, Дуут, Сайн Билүүн зэрэг газрууд эртний сүг зургаар баялаг бол Дэлийн баруун билүүний орчмын 32 хүн чулуу буюу эртний түрэгийн үеийн буган хөшөө, хиригсүүрүүд элбэг. Дэлийн зүүн билүүний хаданд манай эриний 630-аад оны үеийн эртний түрэг бичээс, 660-аад оны үеийн бичээс зэрэг сонирхолтой үзмэрүүд их байдаг.

Ийм ч учраас УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Дундговь аймгийнхаа ирээдүйн хөгжлийг тодорхойлох боловсрол, соёл урлагийн салбарт төсвийн хөрөнгө оруулалтын дийлэнх хэсгийг чиглүүлж буй билээ. 2022 онд нийт 27 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөгдсөнөөс 20 гаруй тэрбум нь боловсрол, соёл, нийгмийн салбарын бүтээн байгуулалт, шинэчлэлтэд зориулагдаж байгаа юм.

Мөн Өлзийт сумын Буянт багийн малчдын санал хүсэлтийн дагуу үүрэн телефоны сүлжээ тавих асуудлыг “Шинэ хөдөө” төслийнхөө хүрээнд шийдвэрлэх ба “Их соёл -Эх үндэс”,”Ижий говь” төслүүдийнхээ хүрээнд соёл урлагийн байгууллага,ерөнхий боловсролын сургуулиудаа орчин үеийн техник технологи бүхий хэрэгслээр хангах тохижуулах ажлыг мөн ирэх онд ч үргэлжлүүлэн хийхээр төлөвлөөд байна.

ШИНЭ МЭДЭЭ