2022.04.14
Эдийн засаг, Худалдаа
Ц.Сэргэлэн: Хамгийн хямд, чанаргүй ажил энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шийдэгдэх үү
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.14\ нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:
Энэ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Энэ хугацаанд ажиглагдаж байгаа зүйл бол төсвийн жил эхлэхээр төсөвт байгууллагуудын худалдан авах төлөвлөгөөг батлах, төсөв хуваарилагдах гэх мэт ажил явагдаад үндсэн ажил 2 сараас тендер зарлах ажил эхэлдэг. Тэгээд 2-4 сар хүртэл тендер зарлах ажил үргэлжлээд эхний улирал дуусдаг. Тэгээд нээх, гэрээ байгуулах ажил гэсээр наадам зэрэгцдэг. Үндсэн ажил нь 9-10 сард болдог. Манай улсын гаднах ажил гурван сар хийгдээд он дамждаг, чанаргүй гүйцэтгэл хийгддэг. Бас хамгийн хямд концессоор явдаг. Энэ нь хамгийн чанаргүй ажил болдог.
Төрийн ажил хамгийн хямд, хамгийн чанаргүй гэсэн зүйлийг дагуулсаар өдий хүрлээ. Энэ олон шүүмжлэл, асуудал хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шийдэгдэх үү. Бас тендер, сонгон шалгаруулалтад оролцож байгаа аж ахуй нэгжүүдийн нэг нь оролцдог, нэг нь үлддэг. Шалгараагүй компани нь шалгарснаа шүүхийн байгууллагад маргаан үүсгэж өгөөд энэ ажлыг зогсоодог. Энэ нэмэлт өөрчлөлтөөр зогсох уу. Зориудын маргаан үүсдэг ажил их байна.
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.