МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.15
Улстөр

Ц.Сэргэлэн: Улсын хилийн зурвасыг хэзээ тогтоох вэ

УИХ-ын ээлжит чуулганы /2022,04,18/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: 

Нэгдүгээрт: Хөдөө орон нутаг, сум, багийн түвшинд ажиллаж байгаа хүмүүсийн цалин маш бага үнэхээр хүнд нөхцөлд ажилладаг, үүнийг удирдлагууд анхааралдаа авч ажиллах ёстой. Энэ хүмүүсийн бие дааж ажиллах боломж болон ур чадвар дээр нь нэн түрүүнд анхаарч ажиллах хэрэгтэй.Үүнийг нэн түрүүнд хийхгүй бол төрийн бодлого дээд түвшиндээ ярьж хууль нь гарч, Засгийн газрын бодлого шийдвэр чанартай сайн гараад доод түвшиндээ хэрэгжихдээ сул байна.Үүнийг бодох хэрэгтэй.Болдог бол энэ хуулийн хүрээнд шийдмээр байгаа юм. Таницуулган дээрээс харахад нийгэм, эдийн засгийн асуудлаа бие дааж шийдвэрлэх гэсэн үг байна. Энэ хүрээнд цалин хөлс,нийгмийн баталгааг шийдэх эрх орон нутагт байна уу.

Хоёрдугаарт, Манай хөдөө орон нутагт тодруулбал, Алтанбулаг, Эрээнцав, Замын-Үүд гэх мэтчилэн хүн ам олноор суурьшсан, сум тосгоны статустай Монгол Улсын хилийн шугаманд хэт ойр байрладаг ийм хэд хэдэн суурин газар бий. Энэ нэгжүүдэд ажиллаж, амьдарч байгаа ард иргэд газраа эзэмших гэхээр хуулиар хориглосон байдаг. Гэтэл хилийн шугамаас 15 кмын илүүгүй гэсэн интервалтай 1993 онд батлагдсан Хилийн тухай хуулиар тогтоосон, хилийн зурвасын өргөн одоо болтол хэвээрээ байна.

Энэ хуулин дээр хилийн зурвасын өргөнийг УИХ тогтооно гэж заасан байгаа. Яагаад интервалтай болгосон юм бэ гэхээр дээрх орон нутагт амьдарч буй иргэдийн газар эзэмших эрхийн олгох үүднээс ингэж тогтоосон. Харин одоо Улсын хилийн зурвасыг тогтоож өгөх асуудал нь Засгийн газар, УИХ-д өргөн бариад их хурал баталж өгөх ёстой. Энэ асуудлыг Засгийн газар ямар түвшинд явуулж байна. Энэ бол олон хүмүүсийн хүлээж байгаа ажил. 

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.                      

ШИНЭ МЭДЭЭ