М.Говьсайхан: Бид хэр удаан ингэж түгжирч зогсох ёстой вэ
2022.04.26
Зам, Тээвэр

М.Говьсайхан: Бид хэр удаан ингэж түгжирч зогсох ёстой вэ

Нийслэлийн түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хөнгөн галт тэрэг буюу LRT гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр болсон. Үүнтэй холбоотой төсвийн асуудлыг шийдүүлэх тогтоолын төслийг Нийслэлээс өнгөрсөн долоо хоногт төсвийн байнгын хороонд оруулж ирсэн. Гэвч тус тогтоолын төслийг байнгын хороогоор дэмжээгүй юм.

Тус төслийн талаар Нийслэлийн Орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал, НИТХ-ын төлөөлөгч М.Говьсайхан байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "Монгол улс хөгжиж байна гэвч хөгжилд заавал байх ёстой зарим зүйлс хөгжихгүй байна. Монгол улсын хүн ам өсөн нэмэгдэж, Улаанбаатар хотын хөгжил дэлхийн бусад хотуудын адил хөгжихийн хэрээр техник технологийн дэвшил, аятай тавтай орчинд амьдрах, ажилтай, орлоготой байхыг хүн бүр хүсэж Улаанбаатар хотод ажиллаж, амьдрахаар нүүдэллэн ирсээр байна. Үүнээс шалтгаалан хүн амын төвлөрөл, нягтаршил Улаанбаатар хотод өдрөөс өдөрт нэмэгдсээр. Бид энэ их нягтралтай хүн амын нийтийн тээврийг цаашид одоо байгаа уламжлалт байдлаар цаашид шийдэх боломжгүй болж байна. Дэлхийн бусад оронд метро, өндөр хурдны галт тэрэг, тусгай замын автобус, гүүрэн тулгуурт нийтийн тээвэр гэх мэт маш олон төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл маш хурдацтай хөгжиж байна.

Манай улс нийтийн тээврийн хөгжлөөр даруй 100 гаруй жилээр хоцрогдолтой явж байна. Бид цаашид ингээд л хэцүү болгоныг яриад яваад байхуу, дэлхийн жишигт хүрсэн нийтийн тээвэртэй болох цаг хэр хол байгаа бол. Бид хэзээ нэгэн цагт метротой, өндөр хурдны галт тэрэгтэй болох нь тодорхой байх гэхдээ бид одоо л ямар нэг шийдлээр эхлүүлэхгүй бол цаг хугацаа өнгөрсөөр л, бид бухимдсаар, хэцүү болгоныг ярьсаар л байх болно. Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэлтийг яг өнөөдөр эхлүүлэх цаг нь ирсэн гэж бодож байна. Бидний хот дэлхийн жишигт хүрсэн хот болох цаг тун удахгүй гэдэгт итгэж байгаа билээ" хэмээв.

ШИНЭ МЭДЭЭ