"Оюу толгой"-гоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх ажлыг Х.Нямбаатар сайд ахална
2022.06.22
Уул уурхай, Ашигт малтмал

"Оюу толгой"-гоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх ажлыг Х.Нямбаатар сайд ахална

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны зургадугаар сарын 22-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний барилгын үнийн өсөлтийг тооцож, магадлал хийгдэж, нэгдсэн дүгнэлтээр баталгаажсан төсөл, арга хэмжээний ажлын тайланг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран УИХ-д холбогдох хууль тогтоомжид заасны дагуу танилцуулах арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.    

Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахална.    

Хилийн боомтуудад автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах, тээвэрлэлт хийх асуудлыг хил хамгаалах, улсын аюулгүй байдал, техникийн бэлэн байдлыг хангаж хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх Ажлын хэсгийг Хил хамгаалах ерөнхий газрын даргаар ахлуулан байгууллаа.

ШИНЭ МЭДЭЭ