Нээлттэй шинжлэх ухааны талаарх "Юнеско-ийн зөвлөмж” номын нээлтийн арга хэмжээ боллоо
2022.07.01
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Нээлттэй шинжлэх ухааны талаарх "Юнеско-ийн зөвлөмж” номын нээлтийн арга хэмжээ боллоо

2019 оны 11-р сард болсон Юнеско-ийн Ерөнхий бага хурлын 40-р чуулганаар Нээлттэй шинжлэх ухааны талаарх зөвлөмжийн төсөл боловсруулах шийдвэр гарсан. 

Юнеско нь энэхүү шийдвэрийн дагуу бүс нутгийн тэнцвэрт байдал, олон талт оролцоог хангах замаар тус зөвлөмжийг боловсруулан 2021 оны 11-р сард болсон ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 41-р чуулганаар батлуулсан.

Нээлттэй шинжлэх ухаан нь эрдэм шинжилгээний эрх чөлөө, судалгааны шударга байдал, шинжлэх ухааны өндөр ур чадвар зэрэг үндсэн зарчмууд дээр тулгуурлан шинжлэх ухааны контент, арга хэрэгсэл, үйл явцыг нээлттэй болгож, түүний үр дүнд бий болсон ил тод байдал, мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааг шинжлэх ухааны байгууллагуудын дадлага туршлагад нэгтгэх боломжийг бий болгох ач холбогдолтой. Энэ зөвлөмж нь шинжлэх ухааны мэдлэгийг хүн бүр олон хэл дээр, нээлттэй, хүртээмжтэй, дахин ашиглах боломжтой болгох, шинжлэх ухааны хамтын ажиллагаа, мэдээллийн солилцоог шинжлэх ухаан, нийгмийн ашиг тусын тулд нэмэгдүүлэх, мөн түүнчлэн шинжлэх ухааны мэдлэгийг бий болгох, үнэлэх, мэдээлэл солилцох үйл явцыг уламжлалт шинжлэх ухааны нийгэмлэгээс бусад нийгмийн оролцогч талуудад нээлттэй болгох зорилготой юм.

Энэхүү зөвлөмжид нээлттэй шинжлэх ухааны түгээмэл тодорхойлолт, нийтлэг үнэт зүйлс, зарчим, стандартыг олон улсын түвшинд тодорхойлохын сацуу нээлттэй шинжлэх ухааныг хувь хүн, байгууллага, үндэстэн, бүс нутаг болон олон улсын түвшинд шударга бөгөөд тэгш байдлаар хэрэгжүүлэхэд шаардлагатай цогц арга хэмжээнүүдийг тусгасан.

Номын нээлтийн арга хэмжээнд БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацын бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б. Баттогтох, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал, доктор Шахбаз Хан нээж үг хэлж, Юнеско-ын Байгалийн шинжлэх ухааны салбарын Шинжлэх ухааны бодлого, суурь шинжлэх ухааны хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч ноён Эзра Кларк зөвлөмжийг танилцуулав.

ШИНЭ МЭДЭЭ