С.Мөнхбат: Улсын хэмжээнд судалгаанд оролцогсдын 80% нь аль нэг улс төрийн намд итгэхгүй байна
2023.12.12
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

С.Мөнхбат: Улсын хэмжээнд судалгаанд оролцогсдын 80% нь аль нэг улс төрийн намд итгэхгүй байна

"Монголд төлөөллийн ардчиллын институтүүд чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж байна вэ?" сэдэвт эрдэм шинжилгээний судалгааг танилцуулах хурал МУИС-ийн төв номын санд өнөөдөр боллоо. 

Хурлын үеэр хэлэлцэгдсэн "хууль тогтоох институцийн төлөөллийн чиг үүргийн хэрэгжилтийг үнэлэх" сэдэвт олон нийтийн санаа бодлын судалгааг найман чиглэлд 76 асуултын дагуу таван бүсийн 800-1,000 хүнийг хамруулан энэ оны 6-9 дүгээр сарын хооронд онлайн хэлбэрээр зохион байгуулсан аж.

Тус судалгааны үр дүнгийн талаар МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийн захирал профессор С.Мөнхбат мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Монгол Улс парламентын засаглалыг сонгоод 32 жил боллоо. Энэ хугацаанд иргэдийг төлөөлж сонгогддог институц ямар хэмжээнд байгаа талаар үнэлэлт өгөх цаг нь болсон. Мөн төлөөлөх чадвар нь хангагдаж чадаж байгаа эсэхэд судлаачдын зүгээс хариу өгөх ёстой. Тиймээс 150 орчим эрдэмтэн судлаач, иргэний оролцооны байгууллагууд оролцсон. 

зураг
 

Ард түмнийг төлөөлөх мэдлэг боловсролтой хүнийг улс төрийн намууд шүүлтүүртэй гаргаж чадаж байна уу. Иргэд өөрийгөө төлөөлөх чадвартай хүнийг нам харгалзахгүйгээр сонгож чадаж байгааг судалсан. 

Судалгааны дүнгээс харахад иргэд, сонгогчид улс төрийн намууд, улс төрчдөд итгэл алдарсан байгаа юм. Энэ нь төлөөлөх чадвараа хэрэгжүүлж чадахгүй байгаатай холбоотой хэмээн үзсэн. Мөн иргэдийн итгэлийг хамгийн ихээр алдаж байгаа нь улс төрийн намууд байсан. Улс орны хэмжээнд судалгаанд оролцогсдын 80 орчим хувь нь аль нэг улс төрийн намд итгэхгүй байна. 

Үүнд ард иргэдийн нийгмийн орчин нөхцөл, оролцоо зэрэг голлон нөлөөлсөн. Мөн улс төрийн намуудын төлөвшил маш сул. Орчин үеийн намын хөгжлийн хэв маяг руу Монголын улс төрийн намууд орж чадаагүй. Хуучны уламжлалт хэв маягаараа л яваад багаа. 

УИХ-ын 76 гишүүн иргэдийг төлөөлж чадахгүй, эрх ашигт зохицсон хууль батлахгүй байна хэмээн үнэлэлт өгсөн байсан. Үүнээс улбаалаад парламентын сонгуулийн тогтолцоог өөрчилж, тойргийг томсгох ёстой.

Одоо байгаа жижигсэн 76 тойрог нь улс орны нийт эрх ашгийг харахгүй. Зөвхөн тойргийнхоо эрх ашгийг хардаг УИХ-ын 76 гишүүнтэй болчхоод байгаа юм. Энэ нь улсын хөгжлийн том бодлогод бус тойргийнхоо жижиг соёлын төв, сургуулийн урсгал засварт анхаараад байна. 

Гэтэл парламентын гишүүний үндсэн үүрэг нь сайн хууль тогтоомж гаргаж, улсын эрх ашгийг харж, хөгжлийн зөв бодлого гаргах дээр ажиллах ёстой" хэмээн ярилаа. 

ШИНЭ МЭДЭЭ