Б.Бат-Эрдэнэ: 2019 онд 579 мянган жуулчин ирсэн. 2022 онд энэ тоог хоёр дахин нэмнэ
2022.07.06
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Б.Бат-Эрдэнэ: 2019 онд 579 мянган жуулчин ирсэн. 2022 онд энэ тоог хоёр дахин нэмнэ

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрээр "2021 онд Ой судлал хөгжлийн төвийг татан буулгаж Ойн агентлагийг байгуулахтай холбоотой асуудлыг УИХ-аар оруулж 2022 оны зургадугаар сарын 3-нд Засгийн газраар батлуулсан. Энэ тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр ойн сантай холбоотой төслүүд хөдөлж эхлэхээс гадна ойн судалгаа, хөгжлийн төвийн 12 албан хаагч цалинтай ажиллахаар боллоо.

Дараагийн чухал шийдвэр бол 2023-2024 оныг монголд зочлох жил болгож зарлаж байна. Үүнтэй холбогдуулж Засгийн газрын хөтөлбөрт тусгагдсан нэг сая жуулчин хүлээж авах бэлтгэлийг хангана. Цар тахлын дараагаар үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой жуулчдын тоог нэмэх шаардлага үүссэн. Мөн монголыг дэлхий нийтэд таниулах хэрэгтэй болж байгаа. Тиймээс БОАЖЯ-наас Монгол Улсын гадаад улсуудад сурталчлах хүрээнд нэгдсэн цахим платформыг албан ёсоор нэвтрүүлж байна. Одоогийн байдлаар он гарснаас хойш 73 мянган жуулчин ирсэн статистик гарсан.

Өнгөрсөн хугацаанд монгол аялал жуулчлалын стратеггүй явж ирсэн. Үүнийг шинэчлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Платформд бүхий шаардлагатай мэдээллүүдийг багтаана. Платформыг англи, хятад, орос, испани, солонгос, монгол хэл дээр нээнэ. Цахим систем рүү гар утас, цахим хэрэгслээр шууд нэвтрэх боломжтой. Мөн “VisitMongolia” аппликейшнийг нээгээд байна. 2019 онд монгол 579 мянган жуулчин ирж байсан бол энэ жил дээрх тоог хоёр дахин нэмэх зорилт дэвшүүлсэн.

Хортон шавжийн устгалын ажил тавдугаар сарын 10-наас долдугаар сар хүртэл үргэлжилдэг. Хор цацсанаас хойш 21-30 хоногийн дараа байгаль сэргэлт эхэлдэг. Тиймээс хортон шавж устгалын тухайд 650 орчим сая төгрөгийг хор цацах онгоцны зардалд зарцуулж байгаа. Шавж устгалд нийт хоёр тэрбум төсөвлөсөн. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж ойн хөнөөлт шавжийг устгах зэрэгт хугацаанд өөрчлөлт орж байгаа зүйл бий.

Байгалийн нөөц ашиглалтын төлбөр аймгууд авдаг. Энэ мөнгийг аймгууд зориулалтын бусаар зарцуулсан байна. Тухайлбал, Баянхонгор аймагт хэрэгжилт тэг түвшинд байна. Тиймээс яам хяналт шалгалтыг тавьж ажиллаж эхэлсэн" гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ