МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

АНУ-ын төлөөлөгчдийн танхимын гишүүн Стив Чаботтай уулзлаа
2022.10.07
Гадаад харилцаа

АНУ-ын төлөөлөгчдийн танхимын гишүүн Стив Чаботтай уулзлаа

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар байнгын хорооны гишүүдийн хамт АНУ-д айлчилж байгаа билээ. 

Айлчлалын хүрээнд Америкийн Нэгдсэн Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Конгресс дэх Америк-Монголын бүлгийн хамтран даргалагч Стив Чаботтай уулзаж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлээд АНУ-ын Конгресс дахь Америк-Монголын бүлгийн хамтран даргалагчаар томилогдсонд баяр хүргэлээ.

Манай улс АНУ-тай 1987 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Түүнээс хойш хоёр талын харилцааны цар хүрээ өргөжиж, 2004 онд Иж бүрэн түншлэл, 2018 онд Өргөтгөсөн иж бүрэн түншлэл, 2019 онд Стратегийн түншлэлийн түвшинд тус тус хүрээд байгаа юм.

АНУ нь манай улсын стратегийн түнш 5 дахь улс болохыг цохон тэмдэглэж, Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын XV зөвлөлдөх уулзалт болон анхдугаар стратегийн яриа хэлэлцээ 2022 оны 8 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулж, Монгол, Америкийн Стратегийн түншлэлийг улам бататган бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэх, цар тахлын дараах үеийн эдийн засгаа сэргээхэд хамтран ажиллах, дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов.

Түүнчлэн "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогын талаар товч танилцуулахын зэрэгцээ АНУ-тай эрчим хүч, хүнсний аюулгүй байдал, цахим харилцаа болон холбооны аюулгүй байдал зэрэг чиглэлээр нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Зэвсэгт хүчин, Дотоодын аюулгүй байдал, Гадаад хэргийн хорооны гишүүд Монгол Улсад айлчлахдаа Улсын Их Хурлын дарга болон гишүүдтэй уулзаж, эдийн засаг, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд парламент хоорондын оролцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд нэн чухал алхам хийснийг тэмдэглээд Улсын Их Хурал, Байнгын хороодын зүгээс тус улсын Конгресс, Америк-Монголын бүлэгтэй хамтран ажиллах талаар ярилцлаа.

Төлөөлөгчдийн танхимын гишүүн, ноён Стив Чабот хоёр талын харилцааг өргөжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ