2023.02.07
Орон нутгийн хөгжил
Тахь нутагшуулах төсөл дараагийн шатандаа орлоо
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн “Дорнод Монголд тахь эргэн нутагшуулах шинэ талбай” төслийн багийнхантай 2 дахь удаагийн уулзалтыг хийлээ. Уулзалтаар төслийн багийнхан анхны уулзалтаас хойш хийсэн ажлын талаар мэдээлэл өгч, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
Тахийн эргэн нутагшуулсан дөрөв дэх популяцийг Монголд бий болгох зорилгоор олон талт судалгаа хийсний үндсэн дээр Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт орших Сүмийн хоолойг сонгожээ. Тус газар нь байгалийн тогтоц, ургамлын шим, идэш тэжээлийн нөөц арвинтай тахийг сэргээн нутагшуулах бүх шалгуурыг маш сайн хангаж байгаа хамгийн тохиромжтой газар юм.
Төслийн дараа дараагийн үе шат болох сонгосон талбайн нөхцөл байдалд тохируулан тахь эргэн нутагшуулах төвийн барилга байгууламжийн зургийг боловсруулах, тэнд ажиллах боловсон хүчнийг сонгон шалгаруулж, сургах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.
Дорнод Монголын талд тахийг нутагшуулснаар аймаг орон нутагт шинээр эко аялал жуулчлалын бүтээгдэхүүн нэмэгдэж, ажлын байр шинээр нэмэгдэнэ. Түүнчлэн байгаль хамгаалах үйл ажиллагаа идэвхжих зэрэг сайн талтай.