2023.02.08
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх аян Ховд аймагт болж байна
Шинжлэх ухаан, технологи, инновацын ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, орон нутагт тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухаанд тулгуурлан шийдвэрлэх, мэдээллийн технологийн боломжийг таниулах, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх чиглэлд орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх аян 5 дахь аймаг буюу баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт эхэллээ.
Аян хоёр өдөр үргэлжлэх бөгөөд төр, хувийн хэвшлийн 15 гаруй байгууллагын 55 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа юм.
Аяны хүрээнд Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын захиалсан аймгийн хэмжээнд тулгамдаж буй 8 сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний хурал, старт ап сургалт, үзэсгэлэнг зохион байгуулж байна.
Эрдэм шинжилгээний хуралд Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Мөнхбат оролцож, орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг судалгаа, шинжилгээний үндсэн дээр шинжлэх ухаанчаар шийдвэрлэх, аймгийн шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, тогтмолжуулах, ажлын уялдаа, нэгдмэл байдлыг хангаж ажиллах, цаашдын зорилгын талаар илтгэл хэлэлцүүллээ.