МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийг шинэчилнэ
2024.04.05
Улстөр

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийг шинэчилнэ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан бусад хууль, тогтоолын төслүүдийг өнөөдөр (2024.04.05) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн тухай

Улсын Их Хурлаас 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улс орон даяар дагаж мөрдөнө” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуульд өөрчлөлт оруулах болон шинэчлэн баталж мөрдөх хүртэл тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө” гэж тус тус заасан.

Иймд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Улсын Их Хурал 1 танхимтай, 126 гишүүнтэй байхаар заасны дагуу чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг зохион байгуулах, хуралдаанаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргахтай холбогдсон харилцаанд зохион байгуулалтын шинжтэй холбогдох өөрчлөлтүүдийг тусгах шаардлага үүссэн. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэглэх явцад зарим зохицуулалтыг илүү тодорхой болгох, нарийвчлах, нэр томьёог Үндсэн хууль, бусад хууль, монгол хэлний дүрэмд нийцүүлэх, жигдлэх, хууль зүйн техникийн шинжтэй засвар оруулах практик хэрэгцээ, шаардлагатай гэж үзжээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 16 бүлэг, 136 зүйлтэй бөгөөд хуулийн төсөлд зарчмын шинжтэй хэд хэдэн зохицуулалтыг тусгажээ.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүдийн асуулт асуух, үг хэлэх, санал хураах журам, хугацаанд холбогдох өөрчлөлтийг оруулж, хуулийн төсөл хэлэлцэх үед нэгдсэн хуралдаанд асуулт асуух нийт хугацааг Улсын Их Хуралд авсан суудлын тооны харьцааг харгалзан тухайн нам, эвслийн бүлэгт болон нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй гишүүдэд хувь тэнцүүлэн хуваарилахаар тусгасан байна.

Мөн дэг тогтоох олон улсын жишигт нийцсэн мэтгэлцээний зарчмыг тусгаж, нам, эвслийн бүлгээс санал, дүгнэлт гаргахдаа үзэл баримтлалын хүрээнд мэтгэлцэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Байнгын хорооны хуралдаанд хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх, анхны хэлэлцүүлгийн үе шатуудыг мэтгэлцэх зарчмаар явуулах зохицуулалтыг тусгасан байна.

Хууль, тогтоолын төслийг хэлэлцэх үе шатны зохицуулалтыг боловсронгуй болгож, Чуулганы хуралдааны тов, дарааллыг тогтоох, түүнийг гишүүдэд мэдээлэхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан тодорхойлж, хуулийн төслийг хэлэлцэх дарааллыг тогтоохдоо түүнийг өргөн мэдүүлсэн хугацааг харгалзан үздэг байх, Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэж батлаагүй хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг буцаах зохицуулалтыг тусгажээ.

Түүнчлэн, Улсын Их Хурлын Тамгын газраас холбогдох Байнгын хороо хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг явуулахын өмнө хууль, тогтоолын төсөл Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцэж байгаа эсэх, тухайн төслийн тодорхой зүйл, хэсэг, заалт нь хоорондоо зөрчилдсөн эсэх, хүчингүй болгох, нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд шаардлагатай бүх хууль, зүйл, хэсэг, заалтыг хамааруулсан эсэх зэрэг асуудлаар хууль зүйн дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргадаг байх, Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй хуулийн төслийг тодорхой хугацааны дотор дахин өргөн мэдүүлэхгүй байх зохицуулалтыг тусгасан аж.

Мөн Байнгын хороонд хуулийг дагаж мөрдөх журмын буюу шилжилтийн үеийн зохицуулалт, хуулийг дагаж мөрдөх хугацааны талаар эцсийн хэлэлцүүлгийн шатанд санал, дүгнэлт гаргах боломжийг нээн өгч, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хоёр болон олон талт олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийг нийт гишүүний олонхын саналаар эцэслэн батлах, ингэхдээ олон улсын гэрээтэй хамт бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлсэн тохиолдолд хамтатган хэлэлцэж, олон улсын гэрээг соёрхон батлах хуулийн төсөл, бусад хууль тогтоомжийн төслийн уялдааг хангасны үндсэн дээр хамтад нь эцэслэн батлах зэрэг зохицуулалт тусгагдсан. Чуулганы хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүдийн сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх, дэг сахихтай холбоотой зарим зохицуулалтыг шинэчилжээ.

ШИНЭ МЭДЭЭ