МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Ганхуяг: “Оюутолгойгоо ломбарданд” тавьчихсан байгаа
2012.04.19
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Д.Ганхуяг: “Оюутолгойгоо ломбарданд” тавьчихсан байгаа

Стратегийн ач холбогдол бүхий газруудыг мэдээлэлд ойрхон байсан нь авч байгааг эсэргүүцэв

2007 онд УИХ-аас “Тодорхой ордыг стратeгийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах тухай” 27-р тогтоол батлагдсан.Тус тогтоолд зааснаар, “Таван толгой”, “Нарийн сухайт”, “Багануур”, “Шивээ Овоо”, “Мардай”, “Дорнод”, “Гурванбулаг”, “Төмөртэй”, “Оюу толгой”, “Цагаан суварга”, “Эрдэнэт”, “Бүрэнхаан”, “Бороо”, “Төмөртэйн овоо”, “Асгат” гэсэн 15 ордыг ашигт малтмалын ордод хамааруулж, ордуудын төрийн эзэмшлийн хэмжээг тогтоох тухай саналыг УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан. Гэтэл Засгийн газар энэ үүргийг “Цаанаа улс төрийн шалтгаантай” гэсэн шалтгаар хойшлуулсаар ирсэн хэмээн УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Г.Баярсайхан, Л.Гүндалай нар мэдээлэл хийлээ.Энэ талаар УИХ-ын гишүүд өөрийн байр суурийг илэрхийллээ.УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: -2006 онд Ашигт малтмалын тухай хуулийг шинээр баталсан. Үүний дараа УИХ-ын 27-р тогтоол гарч, стратегийн 15 ордыг стратегийн ордод оруулах, стратегийн ордод оруулах эсэхийг шийдэх 38 ордын жагсаалтыг баталсан. Стратегийн оюутолгойгоос бусад 14 орд нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдэж, нөөц нь тогтоогдсон ордууд юм.

“Үндсэн хууль”-д газрын хэвлийн баялаг ашигт малтмал ард түмний өмч, төрийн мэдэлд байна“ гэж заасан. Олон улсын жишгээр ашигт малтмалыг улсын төсвийн хөрөнгөөр эсвэл хувийн хэвшлийн хөрөнгөөр эрж хайдаг. Хувийн хөрөнгөөр компани хайж олсон бол хувийн компанид ашиглах эрх нээгддэг. Гэтэл Монгол Улсад төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын лицензийг мэдээлэлд ойрхон байсан, эсхүл төрийн албан тушаалтан ямар нэгэн аргаар лицензийг нь авчихдаг. Тэгснээ баялгийн эзэн гэж ярьдаг, эсхүл өрмийг нь хамчихдаг.Стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох саналыг Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлэх учиртай. Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.5.-д ” Засгийн газар Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэж заасан ба УИХ-ын 2007 оны 27-р тогтоолоор ордуудын жагсаалтыг баталсан. Үүнээс хойш 5-6 жил өнгөрч байхад улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн 14 ордоос 12-ынх нь төрийн эзэмшлийн хэмжээг тогтоолгоогүйгээр барахгүй Тавантолгой, Төмөртэй зэрэг стратегийн ордууд буруу замаар орчихсон явж байна.

Энэ бүхэнд УИХ дахь олонхийн Засгийн газар буюу Ерөнхий сайд, салбарын сайд буруутай. “Чононд хонь хадгалуулна” гэгч болж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 26.9.-ийн “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэсэн заалт мөн зөрчигдсөөр байна.Засгийн газар Оюутолгойн гэрээг байгуулахдаа хууль, УИХ-ын 57-р тогтоолыг мөрдөөгүйгээс “Оюутолгойгоо ломбарданд” тавьчихсан байгаа.Монголын баялгаар гадныхан наймаалцаж байна. Ер нь Монголд эдийн засгийн алуурчдын гар, хөл ороод ирчихсэн юм биш үү.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
Хамгийн гол нь үндэсний баялаг болсон уул уурхай, ашигт малтмалын орд газруудыг ашиглах асуудал дээр Монголын төрөөс үндэсний аж ахуйн нэгж, компаниудаа дэмжихээс илүүтэй дандаа гадныхныг шүтсэн бодлого явуулж ирсэн. Гадны компаниуд, хөрөнгө оруулагчдад давуу эрх, лицeнзийн дийлэнхийг олгосноос болж Монгол Улсад ашиггүй, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нөхцөл байдал үүсгэсэн баримт олон байна.

УИХ-ын Судалгаа шинжилгээний төвөөс “Оюу толгойн орд Монгол улсын эдийн засагт ашигтай юу, үгүй юу гэсэн судалгаа, дүгнэлт гаргасан байна. Судалгаагаар Оюу толгойн орд Монгол улсын эдийн засагт ямар ч ашиггүй” гэсэн дүгнэлт гаргажээ.Оюу толгойн гэрээ ашиггүй гэдгийг нэр бүхий гишүүд удаа дараа гарган тавьж, энэ гэрээгээ зогсоох, нэг бол Монголд ашигтай хувилбараар шийд, УИХ-ын 57 дугаар тогтоолоор анхны хөрөнгө оруулалтаа нөхмөгц Монголын талын эзэмших хувь хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэх үүрэг даалгаврыг Монгол Улсын Засгийн газарт өгсөн. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй явж ирсэн. Энэ байдалдаа Монголын төр дүгнэлт хийж ажиллах цаг болсон.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: -2000 онд монголчууд бид 6000 ордын талаар ярьдаг байсан. Энэ нь явсаар стратeгийн 63 орд, дараа нь 40, эцэстээ 15 болсон. Жинхэнэ ард түмний хармаанд орохоос өмнө ямар их орд гээгдсэнийг та бүхэн харж байгаа байх.

Тухайн үeд уул уурхайн салбарыг гадны хөрөнгө оруулалтгүй явуулна гэсэн бодлого явж байсан. Яг өнөөдөр энэ их баялаг бүхий орд хэний мэдэлд, хэний гарт орсон бэ гэдэг маш эмгэнэлтэй дүр зураг харуулж байна. Бусад орны жишгийг харахад уул уурхайн салбарт үндсэрхэг үзэл явагддаг байна.Монгол улсын Засгийн газар маш олон хууль тогтоомж хэрэгжүүлсэнгүй. Үe үeийн Засгийн газар гадаадын нөлөөнд автаж, УИХ-ын 27, 40, 57-р тогтоолыг хэрэгжүүлэлгүй, монголчууд бидний эзэмших ёстой баялгийг гадаадын хөрөнгийн бирж дээр нүд, хараанаас далд арилжиж байна. Энэ нь зохисгүй, хууль бус үйлдэл гэж би хувьдаа үзэж байгаа юм. Монгол Улсын Засгийн газар стратeгийн 15 ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал дээр гадны нөлөөнд дэндүү автаж байгааг дурдах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Л.Гүндалай: -Монгол Улсын уул уурхайн баялгаар хэтэрхий хайр найргүй тоглож байна. Сураг сонсоход манай уул уурхайн баялгийг тэр улсын хөрөнгийн бирж дээр тэгж зарлаа гэж ярьж байна. Фрийдланд гэх нөхөр Оюутолгойг хүртэл цааш нь “Рио тинто”-д зарчихсан байгаа шүү дээ.

“Рио тинто” компани “Айвeнхоу майнз”-ын ихэнх хувьцааг худалдаад авчихсан. Мөн Оюу толгойг эзэмшдэг Фрийдланд гэдэг нөхөр чинь “Саут гоби сэндс” компанийг эзэмшдэг. Түүнийхээ 71 хувийг “Чалко” компаниад зарчихлаа. Ингэж бидний ямар ч оролцоогүйгээр Монголын хөрөнгийг хар зах дээр зарж байгаа юм шиг цаагуураа борлуулж наймаалж байгаа нь энэ төрийн арчаагүйг харуулж байгаа юм. Засгийн газар ард түмэндээ өмч хөрөнгийг нь эзэмшүүлэхгүйгээр тоглоом болгуулж байгаа энэ үйл явдлыг харж өөгшүүлж байна. Нэг зүйлийг хэлэхэд ард түмний өмчийг гадаад, дотоодын хүмүүст тарааж өгмөөргүй байна. Ихэнх ордын цаад эзэд нь гадныхан байгаа. Монголын хөрөнгөөр газар сайгүй хайр найргүй тоглож байгааг таслан зогсоох хэрэгтэй. Төр засаг өнөөдрийг хүртэл энэ бүгдийг харж өөгшүүлсээр ирлээ.  

ШИНЭ МЭДЭЭ